Энэ оны эхний арван сарын байдлаар 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн тоо 15385 байгаа нь өмнөх оныхтой харьцуулахад 41.4 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг холбогдох байгууллагууд мэдээллээ.

 

Дэлхий дахинд эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж үздэг хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан нь түлэгдэлт юм. Монгол улсад ч мөн түлэгдэл нь 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болоод байна. Тухайлбал, өнгөрсөн оны эхний арван сарын байдлаар 0-5 насны 10880 хүүхэд осол гэмтлийн улмаас өвчилсний 2652 нь түлэгдсэн. Харин энэ оны эхний арван сарын байдлаар 15385 хүүхэд гэмтсэнээс 2844 нь түлэгдсэн байна. Байршлаар нь авч үзвэл хүүхдүүдийн 90 гаруй хувь нь гэртээ байхдаа түлэгдэж гэмтсэн байгаа нь 100 хувь эцэг, эхийн хариуцлагатай холбоотой байгааг НЭМҮТ, ОБЕГ, ГБХЗГ, МХЕГ-ын мэргэжилтнүүд хэвлэлийн хурлын үеэр онцолсон. Тиймээс “Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлага-2” аяныг энэ сарын 15-наас ирэх оны хоёрдугаар сарын 15 хүртэл зохион байгуулахаар болсон байна.

 

Түүнчлэн бага насны хүүхэд түлэгдэхэд түлэгдлийн талбай нь бага ч бие махбодь, арьсны физиологийн бүтцийн онцлогоос шалтгаалан гүн түлэгддэг. Цаашлаад насан туршийн сорви татанхай, хөгжлийн бэрхшээлтэй болж эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйгээрээ хохирч үлдэх эрсдэлтэй гэдгийг эцэг эхчүүдэд зөвлөв.