"Хаан банк" шинэ сар эхлэх шөнөөр харилцагчидынхаа данснаас тус бүр 200 төгрөг авсан гэх цахим орчинд тарж энэ талаар иргэд хувийн цахим хуудастаа бухимдаж байгаагаа олноор илэрхийлж байсан.

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30-аас арванхоёрдугаар сарын 01-нд шилжих шөнө тус банк харилцагчдынхаа данснаас “Данс хөтөлсний хураамж” хэмээн 200 төгрөг авсан нь иргэдийг нэлээд бухимдуулж, Хаан банкнаас татгалзах уриалга гаргахад хүргэжээ. Хаан банкны хураамж, үйлчилгээтэй холбоотой иргэдийн гомдол цахим орчинд тасардаггүй. Данс хоорондын гүйлгээ, АТМ-ээс бэлэн мөнгө авах, шилжүүлэг хийх гээд алхам бүртээ 50, 100 төгрөг төлөхдөө иргэд сэтгэл дундуур явдгаа илэрхийлсээр байдаг.

Тэгвэл Хаан банкны тухайд харилцагчдаасаа уучлал хүссэн зурвасыг илгээгээд буй. Зурваст “Сайн байна уу, 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр харилцах данс хөтөлсний хураамж 200 төгрөг суутган авахдаа гүйлгээний утгыг оруулалгүй, ойлгомжгүй байдал үүсгэсэндээ уучлал хүсье. Уг гүйлгээний тайлбарыг нөхөн оруулсан бөгөөд энэхүү хураамж нь харилцагчид данс нээхээс хаах хүртэлх хугацаан дахь дансны бүх мэдээллийг бааз дээр бүртгэх, хадгалах, түүний аюулгүй байдлыг хамгаалахтай холбогдуулан гарч буй зардлыг санхүүжүүлэх үйлчилгээний төлбөр юм. Баярлалаа” гэж бичжээ.