О.Магнай дарга үүрэн телефоны оператор компаниудтай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж ард түмнийхээ мөнгийг шулуулахгүй гээд байсан. Гэтэл өнөөдөр өөрөө “Мобиком”-д далаараа тавиулчихаад сууж байх ч гэж.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга болмогцоо “Шударга ёсны төлөө” гээд олон ажил хийсэн. Түүнийг нь ард түмэн сайшааж, бүр “О.Магнай даргад хэлнэ шүү” гэдэг үг ч гарч байлаа. Гэтэл яав. Гар утасны яриаг секундээр тооцохоор болтол иргэдийн халааснаас гарах мөнгө нэмэгдэж орхилоо. Мобикомын хэрэглэгчид өмнө нь нэг секундыг нь 70 төгрөгөөр ярьдаг байсан бол секундээр тооцогдмогц 132 төгрөг төлөх шаардлагатай болж байгаа юм. Бас хоёр сонголттой гэж байгаа. Иргэд хүсвэл секундын алхамд шилжиж болох аж. Мэдээж өндөр төлбөр төлж утсаар ярихыг хүсэхгүй учир “Мобиком”-ын давамгайлсан байдал цаашид үргэлжилнэ гэсэн үг. Ингээд О.Магнай дарга “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох” гэдэг шиг чимээгүй сууна. Уг нь түүн шиг тэмцэгч, хувьсгал хийх хүсэлтэй хүн Монголд цөөн. Юм л бол “Монголд хувьсгал хийх ёстой” гэж ярьдаг. Ийм байтал өндөр тарифтайгаар монголчуудыг шулж байгаа “Мобиком”-д молгидуулсан шокноосоо гарч чадахгүй байгаа бололтой. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай секундын алхамд шилжсэнээр ард түмэн 30 хувийн хэмнэлт гаргана гэж байсан санагдана. Харамсалтай нь эрхэм даргын хүссэнээр болсонгүй. Ямартай ч олон жил шударга бусаар иргэдийн мөнгийг “дээрэмдэж” бай­сан байгууллагуудыг айлгаж чадсан О.Магнай одоо ямар алхам хийх бол. Цаашдаа молигодуулахааргүй сургамж аваа байлгүй дээ.

 

Ц.Энхцэцэг