СУИС-ийн Тайз, дэлгэцийн урлагийн сургуулийн найруулагч, жүжигчний уран чадварын тэнхимийн багш, жүжигчин Л.Дэмидбаатартай ярилцлаа

-Уншигчдад дуулгах уран бүтээлийн сонин хачнаас яриагаа эхэлье?

-Би УДЭТ-тай холбогдоод 20 гаруй жил болж байна. Манай Улсын драмын эрдмийн театр өнгөрсөн онд уран бүтээлийн олз омог ихтэй байлаа. Өнгөрсөн жил манай театрт Ч.Түвшин найруулагчийн “Норовын намтар”, Наранбаатарын “Эцсийн зогсоол зөвхөн чи”,  Баатар найруулагчийн “Кихот Ноён” зэрэг жүжгүүдийг тайзнаа тавьсан. Манай театр гэгээн хайрын өдөрт зориулж Английн орчин үеийн жүжгийн зохиолч гэгддэг Рей Кунийн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийг үзэгчдэдээ дахин толилуулж байна. Энэ бол дэлхийн 40 гаруй оронд тоглосон инээдмийн сонгодог жүжиг. Жүжигт нийгэм дэх гэр бүлийн харилцаа, дотоод зөрчил зэргийг харуулдаг. Би жүжгийн гол дүр болох “Филип” хэмээх залууд тоглох гээд бэлтгэл сургуулилтаа хийгээд байж байна. Ж.Оюундарь “Жанна” гэх миний эхнэрийн дүрд тоглохоор болсон.

-УДЭТ-т анх хэрхэн хөл  тавьж байсан бэ?

-Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын анги гэж байх үед би элсч орсон. Тэр үед оюутнуудаа дөрвөн жилд нэг удаа шалгаруулж авдаг байж байгаад хоёр жилд нэг удаа авдаг болсон. Тэр үед би энэ сургуульд орсон юм. СУИС байгуулагдсан жил төгссөн анхны төгсөгчдийн нэг нь би. Манай ангид гавьяат жүжигчин Ц.Оюундарь, Д.Хүрлээ СТА С.Өлзийхүү, Д.Бямбацогт, С.Сарантуяа нар байлаа. Биднийг төгсөхөд дипломын ажлыг маань үзээд ажлын байранд урьдаг байсан юм. Тухайн үеийн соёлын яамны томилолтоор оюутнууд хөдөө орон нутаг зэрэг газар сайгүй хуваарилагддаг байлаа. Миний хувьд УДЭТ-т ажиллах хувь заяа тохиосон юм.  Тэр цагаас хойш 20 гаруй жил өнгөрчээ.

-Театрын тайзнаа анх ямар дүр бүтээж байв?

 -А.Галины зохиол “Өглөөний тэнгэр дэх одод” жүжигт анх тоглосон. Энэ жүжгийг тэр үед найруулагч, СТА Э.Санчигдан анхлан Монголын тайзнаа тавьсан юм.  Дараа нь Г.Доржсамбуу багш найруулагч Болдтой хамтарсан “Өрлөг жанжны өчил” хэмээх жүжигт тоглож байлаа. Мөн Энэтхэгийн суут зохиолч Р.Таагүрийн “Цусан тахилга” жүжигт оролцон тоглож байсан. Ингээд сонгодог болон драмын жүжгүүдэд анхлан тоглож байсан даа. Тэр мөчөөс хойш 70 гаруй жүжиг, 10 гаруй сонгодог бүтээлд гол болон туслах дүр бүтээжээ. 

-Таны бүтээсэн дүрүүдээс тань хамгийн сэтгэлд хоногшсон ямар бүтээл байсан бэ?

-Үе үеийн найруулагч алтан үеийн жүжигчидтэй хамтран ажиллаж байсан би их хувьтай хүн. Алтан үеийн жүжигчид болох Ардын жүжигчин Л.Жамсранжав, Ц.Ган төмөр, Г.Гомбосүрэн, Н.Цэгмид, Л.Долгор, Ч.Долгорсүрэн гавь яат жүжигчин Н.Дугарсанжаа зэрэг ахмад уран бүтээлчтэй хамтран нэг тайзнаа тоглож байлаа. Мөн Ардын жүжигчин Б.Мөнхдорж,Г.Дорж самбуу, Э.Сан чигдан, Б.Баа тар, Ч.Най    дандорж, Ч.Түвшин, Н.Наран баатар зэрэг үе үеийн алдарт театрын ерөнхий найруулагчидтай хамтран ажиллаж байсандаа баярлаж явдаг. Найруулагч, жүжигчин гээд Монголын урлагийн алтан бурхдаас жүжиглэх арга зүйд суралцаж явсан нь миний хувьд хамгийн том аз завшаан гэж боддог. Энэ хооронд Р.Таагүрийн “Цусан тахилга” жүжигт өв гөн багш Рахүрагийн дүрээр анхны сонгодог жүжигт тоглож байлаа. Бас Б.Мөнхдорж найруулагчийн монголын тайзнаа анх удаа найруулсан К.Гальдоны “Буудлын эзэн авхай” жүжигт гол дүр болох тайжийн дүрд тоглосон. Мөн “Дон Жуан” жүжгийн гол дүр, Отелла жүжгийн Ягогийн дүрд тоглож байлаа. “Ромео Жульетта” жүжгийг 1996 онд найруулагч Ч.Найдандорж тайзнаа тавихад Тебальтын дүрд анхлан тоглосон. Энэ дүрд би 10 жил дублёргүйгээр тоглосон юм. Бүхэл бүтэн сонгодог жүжигт 10 жил тоглоно гэдэг бол жүжигчин бүрт олдох хувь тохиол биш байх. Тухайн уран бүтээлчээс асар их хариуцлага шаарддаг юм билээ. Сүүлийн үед Н.Нараанбаатар най руулагчийн “Парисын дарь эхийн сүм”, Баатар найруулагчийн “Кихот ноён”, “Амьгүй албат” зэрэг жүжигт оролцон тоглоод байна. Энэ мэтчилэн үндэсний болон дэлхийн сонгодог олон жүжигт тоглосноо хэзээ ч мартдаггүй. Жүжигчин хүн бүр дүр болгоноо зовж шаналж бүтээдэг. Тийм болохоор уран бү тээл-чийн хувьд бүтээсэн дүр бүхэндээ хайртай. Энэ бол багш, хамтран тоглогчдын минь ач тус юм даа. 

-Багш хэмээх эрхэм алдрыг хүртээд хэр удаж байна вэ?

-XXI зуун гарахад цаг үе глобальчлагдаж, хувь хүнд боловсрол мэдлэгээ нэмэгдүүлэх нь чухал болсон. Би 2000 он гарснаас хойш гадны олон орнуудад тоглолтоор явж байлаа. Англи, Герман, Франц зэрэг олон оронд очиж байсан юм. Энэ бүхнээс би мастер зэрэгтэй уран бүтээлчдийг гадны оронд ялангуяа Японд өндөр зэрэглэлд тооцож, анхаарч үздэгийг анзаарч мэдсэн. Тиймээс би Монголдоо ирээд төрөлх сургууль болох СУИС-даа ирж магистрын зэрэг хамгаалахаар суралцсан. Манай сургуулийн найруулагч уран чадварын тэнхимийн профессорын багийн тэргүүн, УГЗ Н.Ганхуяг багшийн удирдлаган дор магистрын зэрэг хам гаалсан. Уильям Шекс  пирийн “Гам лет” жүжгийн харьцуулсан судалгаа” сэдвээр хамгаалж байлаа. “Гамлет” жүжгийг Франц, Герман Орос зэрэг дэлхийн олон оронд Монголд хэрхэн дэглэж тавьж байв гэдэгт харьцуулсан судалгаа хийж, урлаг судлалын магистрын зэрэг хамгаалсан юм. Үүний дараа миний багш, гарын таван хурууны Шагдарын дүрд тоглосон Р.Лхасүрэн дагалдах багшаар авсан. Багшлах болсон  минь Н.Ганхуяг, Р.Лхасүрэн багш нартай салшгүй холбоотой. Энэ хоёр маань надад хойч үеийн урлагийнхныг бий болгох их үйлсэд зүтгэх боломжийг олгосонд насан туршдаа баярлаж явах болно. Арван жилээ төгссөн, цэргээс халагдаж ирсэн ямар ч хүнд жүжигчний мэргэжлийг олгохын тулд сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй гэж багш нар минь зааж сургасан. Үүний дагуу жүжигчний мэргэжлийг өвлүүлэх арга, ажиллагаатай холбогдоод арав гаруй жил өнгөрсөн байна. Өнгөрсөн хугацаанд нэлээн шавьтай болсон. Тэдэндээ сэтгэл хангалуун явдаг юм даа. 

-СУИС-д жилийн жилд олон хүүхэд зорьж шалгалт өгдөг байх. Хүүхэд бүр авьяастай байна гэж байхгүй. Багш хүний хувьд “Чи авьяасгүй. Жүжигчин болж чадахгүй” гэж хэлэх амаргүй байдаг болов уу? 

-Байлгүй яахав. Оюутан шалгаруулалтад сууж байхад солгой хоолойтой, өгүүлэх эрхтний бэрхшээлтэй, манай сургуулийн шалгаруулатад тэнцэхгүй хүүхдүүдэд “Уучлаарай” гэж хэлэхээс өөр арга байхгүй шүү дээ.  Тэгээд харин шалгаруулалтад тэнцээд ирсэн хүүхдүүдэд зүрх сэтгэлээ зориулж, зөв чиглүүлэн мэргэжлийн жүжигчин болгоход туслахыг багш нар маань хичээдэг. Багш бол хамгийн сайхан мэргэжил. Жүжигчин хүн эргээд багш болно гэдэг асар их хариуцлага байдаг. Дан ганц бие дааж уран бүтээл хийхээс гадна юу ч мэдэхгүй хүүхдүүдэд жүжигчний мэргэжлийн хичээл заана гэдэг мэдээж амаргүй даваа л даа. Р.Лхасүрэн багштайгаа хамтран А.Ганчимэг, Н.Мөнхчимэг, Б.Тамираа зэрэг олон хүүхдийг төгсгөсөн. Дараагийн төгсөлтөөрөө 24 хүүхэд төгсгөсөн. Эдгээрийн 90 хувь нь мэргэжлийнхээ дагуу урлагийн байгууллагуудад ажиллаж байна. Залуу байгаад би анзаардаггүй байсан юм шиг байна. Багш хүний жаргал шавь нар нь сайн сайхан явах гэдгийг одоо мэдэрч байна. УДЭТ-т миний зургаан шавь ажилладаг. 

-Та сургуульд байхдаа хэр идэвхтэй оюутан байв?

-Энэ бол олон талаас харахад янз янзын хариулттай асуулт л даа. /инээв/ Бид нарын үед багш төвтэй байсан. Багш нар юу хэлнэ сурагч бүгдийг хийдэг байсан юм. МАХН-ын түүх, шинжлэх ухаан коммунизмын онол, биеийн тамир, цэрэгжилтийн, бүжгийн зэрэг 40 гаруй хичээл бүгдийг судалдаг, уншдаг байлаа шүү дээ. Лениний том, том ботиудыг уншдаг байсан. Гэхдээ энэ их хичээлийг хийгээд тэр үеийн залууст буруудсан зүйл байхгүй.  Тухайн үеийн оюутнууд ном их уншдаг, үүрэг харицлагаа ухамсарладаг, багш нарын хэлсэн үгийг ёсчлон биелүүлдэг байсан юм. Би их хэнхэг хүүхэд байсан юм шиг байна. Эвлэлийн үүрийн даргын алба хашдаг байлаа.  Тэр үед багш нар лекц их бичүүлнэ. Ангидаа С.Өлзийхүү бид хоёр толгой цохиж, өгүүлбэр алгасалгүй бичдэг, ангийн маань зарим хоцорсон хүүхдүүд дэвтрээс минь хуулдаг байсан. Ингээд бодохоор их мэрийлттэй, хичээдэг байсан юм шиг байгаа юм. Одооны хүүхдүүд бол өөр нөхцөлд байна. Утас наасаа хүртэл интернэтэд орж байна  шүү дээ. Миний хувьд аливаа мэргэжилд суралцаж байгаа хүн зорилгодоо үнэнч, хөдөлмөрч байвал амжилтад хүрнэ гэж боддог. Багш хүн болохоороо тийм мэрийлт чармайлттай хүүхдийг олон байгаасай л гэж хүсэх юм.

 -Хошин урлагийн продакшнаас хамтран ажиллах санал ирж байна уу. Үзэгчид Валентины баяраар хошин урлагийн тайзнаас таныг харах боломж байгаа юу?

-Д.Сосорбарам ах намайг СУИС-д ороход шүлэг зааж өгч байсан. Сосорбарам баг шийн гарын ганц шавь нь би. Со ах тухайн үеийнхээ уран бүтээлчид  болох Д.Батсүх, Л.Чаминчулуун нартай хамтран хошин урлаг гэдгийг оруулж ирж байсан. Үүний дараа Б.Батзаяа ах “Батзаяа ба түүний нөхөд” тоглолтыг хамгийн анх зохион байгуулж байсан юм. Тухайн үеийн Драмын театрын жүжигчид болох Ж.Оюундарь, О.Энхтуул, Н.Одончимэг, Н.Онон нарын олон залуу жүжигчин Батзаяа ахын тоглолтод оролцож байлаа. Үүнээс хойш олон, олон хошин урлагийн продакшн төрөн гарч байна. Өнгөрсөн хугацаанд би 10 гаруй жил хошин урлагт зүтгэсэн. Театрынхаа тоглолтын хажуугаар хошин урлагийн салбарт хүч үзэж, “Азтай бадарчин” наадамд удаа дараа оролцож хамтлагаараа болон бие дааж шагналт байруудыг хүртэж байлаа. Эргээд бодоход 200 гаруй хошин шоуд оролцсон байдаг юм билээ. Энэ бол уран бүтээлчийн хувьд өөрийгөө хөгжүүлэх асар их боломжийг олгосон гэж боддог. Валентины баярын өдрөөр хошин урлагийн салбарт уран бүтээл турвиж байгаа продакшнууд нэгдэж “Улаанбаатар палас”-т тоглох гэж байна. Энэ тоглолтод миний бие оролцоно.  Энэ өдөр хоёр, гурван ч тоглолттой их л завгүй өнгөрөх төлөвтэй байна даа. 

-Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам гуайн гарын ганц шавь гэлээ. Түүнтэй анх хэрхэн уулзаж байсан бэ?

-Багш УДЭТ-ын жүжигчин байсан. Д.Намдагийн “Ээдрээ” жүжигт Сономбаатарын дүрд тоглож байлаа. Со ах манай хүргэн ахтай Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд арван жилээ хамт төгссөн юм билээ. Тэгээд Оюунбат ахтай хамт Кино драмын ангид шалгуулах гэсэн юм, хэрхэн бэлтгэх вэ туслаач гээд л Со ах дээрээ очиж байлаа. Тэр үед мэдээлэл ч хомс байж. Шүлэг уншиж, дуу дуулахаас өөр зүйл бодоогүй байлаа шүү дээ. Муухай Пүрэвээ буюу Монгол Улсын гавьяат жүжигчин З.Пүрэвээ гуай, Д.Сосорбарам багш намайг шалгаж байсан юм. Тухайн үед би ардын дуу дуулж байлаа. “Эхийн ач”, “Сүнжидмаа” гээд их олон дуу дуулсан санагдаж байна. Б.Лхагвасүрэн гуайн “Шагнал” өгүүллэг, Д.Пүрэвдоржийн “Хар цас” найраглалыг уншиж байлаа. “Хар цас” нь багш нарт их таалагдсан, болж байна гэсэн шүү. Д.Сосорбарам ахыгаа нэг багшаа гээд нэг ахаа гэж дуудаад сурчихаж дээ хоёулаа. Со ах бол миний үлгэр дууриал. Яагаад гэхээр дуулах, жүжиглэх, найруулах гээд олон төрлийн авьяастай хүн. Бас их үнэнч шударга зантай нэгэн. Багшийнхаа энэ олон сайхан чанараас одоог хүртэл суралцаж явна даа. Нэг сонин зүйл нь тэр үед би театрын 21 тоотод шалгуулж байсан юм. 20 гаруй жилийн дараа эргээд харахад би тэр өрөөнд, тэр толиныхоо өмнө жүжигчин болоод суусан байгаа юм. 

-Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайгаар дуулах урлагийн хичээл заалгаж байсан гэсэн. Энэ их хувь тохиол шүү?

 -Багшийн дээд сургуульд Кино драмын ангид суралцаж байх үед сонгон суралцах хичээл, шавь сургалт гэх зүйл нэвтэрч эхэлсэн. Дараа нь СУИС-д ирээд нэг жил болоод л сургуулиа төгссөн юм. Энэ хооронд дуулах ур зүйн хичээлийг Гончигдорж, Гэлэгжамц багш нар ордог байлаа. Мөн тэр үед дуу, бүжгийн хичээлийг сонгон суралцах боломжтой байсан юм. Надад гэр бүл, эмэг эхээс минь заяасан дуулах авьяас жаахан ч гэсэн байсан. Манай ээж, аав хоёр Завхан аймгийнх л даа. Ингээд би Н.Норовбанзад гуайн шавь сургалтад ангийнхаа Оюунжаргал буюу одоогийн ҮДБЭЧ-ын гоцлол дуучинтай хамт  явж байлаа. Тэр үед бас мэргэжлийн дуулаачийн ангийнхан гэж бас байдаг байлаа. Ингэж л Н.Норовбанзад багшаар дуулах ур чадварын хичээл заалгаж, 10 гаруй уртын дуу сурсан. Сүүлдээ 20 гаруй дуутай болсон. Сүүлдээ багш минь намайг “Энэ хүүхэд ч дуулвал дуулах юм байна” гэж үнэлсэн. Багштайгаа хамтран Япон, Германд тоглолтод оролцож байлаа. “Эр бор харцага”, “Уяхан замба тивийн наран” зэрэг айзам болон бэсрэг уртын дууг сурсан даа. Түүнийхээ буянаар олон орны тайзнаа гарч, монгол үндэснийхээ соёл урлагийг сурталчилж явснаараа бахархдаг. 

-Дууны чиглэлээр уран бүтээл туурвих бодол бий юу?

-Би 2001 онд Монголын залуучуудын хөдөлгөөн үүссэний 80 жил, Монгол Улсад Ардын хувьс гал ялсны 80 жилийн ойгоор “Урлагийн тэнгэртэй залуу нас” гэж уран бүтээлийн тайлан тоглолтыг МЗХ-ны Ерөнхийлөгч байсан Ц.Зоригт баатар, Батжаргал, Ариу наа зэрэг найз нарынхаа тусламжтайгаар анхны тайлан тоглолтоо хийсэн. Үүний дараа 2005 онд “Сэтгэлээс гарах аялгуу”, 2008 онд “Дөрвөн цагийн аяс буюу миний Монголын аялгуу” хэмээх тоглолтыг хийж байлаа. Энэ тоглолт бол дандаа ардын харилцаа дуу болох “Хулсан ташуур”, “Сумья ноён”, “Сүнжидмаа”, “Эрүү цагаан болжмор” зэрэг дууг Гавьяат жүжигчин Ц.Үенч, Ш.Даваахүү нартай хамтран дуулж байлаа. Энэ бол томоохон хэмжээний тоглолт болж, хөдөө орон нутагт ч цацагдсан. Тоглолтын дараа ч олон хүнээс талархлын үг хүлээж авсан даа. Одоо би дан ардын дуу харилцаа дуу, уртын дуунаас бүрдсэн цомог гаргая гэсэн бодол зорилттой явна. 

 Ярилцсанд баярлалаа.