Энэ сарын буюу 12 дугаар сарын 4-нд ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Г.Занданшатар,  Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогчид болон Монгол банкны удирдлагуудтай уулзалт хийж, бензин шатахууны үнэ буурах болсон талаар мэдээлэл хийсэн байсан билээ. 

Үүнд: 

 

1. 12.07-ноос эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурна.

2. 12 сарын эцэс гэхэд 200 төгрөгөөр буурна. 

3. Автогаз өнөөдрөөс эхлэн 150 төгрөгөөр буураад байна.

4. Долларын ханш маргаашаас эхлэн буурч эхэлнэ.

Уулзалтын үеэр Г.Занданшатар: "Улс төрийн зорилгоор үнээ бууруулахгүй үгсэн хуйвалдсан асуудал гарвал шууд тусгай зөвшөөрлийг чинь ЦУЦЛАНА... Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж байхад Монгол дахь үнэ тасралтгүй өссөн, одоо буурч байх үед зах зээлийнхээ зарчмыг баримтлах ёстой..." гэсэн бол

Д.Сумъяабазар: "Нэмэх үед чинь дуугүй нэмүүлээд л байдаг, асуудлыг чинь ойлгож дэмждэг. Харин үнэ буулгах гэхээр та нар янз бүрийн тайлбар тавиад ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА ШҮҮ... Шууд цуцлана шүү" хэмээн мэдэгдэж байв. 

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ ОХУ, ОПЕК-ийн орнуудын бодлого болон олон улсын геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан 2018 оны эхнээс эхлэн өсөж байсан боловч энэ оны 10 сарын дунд үеэс газрын тосны үнэ огцом буурсан. Тодруулбал, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 60,22 ам.долларт хүрсэн юм.

Мөн ОХУ-ын “Роснефть” комданиас нийлүүлж буй шатахууны 2018 оны 12 дугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам доллараар буурч, Аи-92   автобензин 617 ам.доллар/тн, дизелийн түлш  706 ам.доллар/тн болоод байна.

Тиймээс компаниуд шаардлагын дагуу үнээ 100 төгрөгөөр бууруулж, одоо нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй ШТС-ууд АИ-92 бензинийг литр тутамд 1890-1885 төгрөгийн хооронд борлуулж байгаа. Ямартаа ч компаниуд үнэ бууруулах эхний шаардлагыг биелүүлээд байгаа. Тэгвэл холбогдох яамны удирдлагуудын дараагийн үнэ бууруулах шатлал нь сарын сүүлээр хэмээн мэдэгдсэн. Ийм учир нэмсэн шигээ дахин үнэ бууруулахыг иргэдийн зүгээс шаардах хэрэгтэй. Тэгэхгүй бол 500 төгрөгөөр нэмээд 100 төгрөгөөр бууруулчихаад бид үнэ бууруулсан хэмээн ярихад зохисгүй. 

Бензин шатахууны үнийг бууруул гэж нефть импортлогч компаниудад Засгийн газраас үүрэг даалгавар өгсөн. Харин Засгийн шийдвэрийг эдгээр салбарын компаниуд хэрхэн биелүүлэх бэ гэдгийг харах үлдлээ. Эхний ээлжинд 100 төгрөөр бууруулсан ч одоо дараагийн шатанд үнэ буурахгүй бол иргэн та ч мөн шаардлага тавих хэрэгтэй болов уу. Үнэ буурахыг олон сар хүлээсэн иргэд одоо л тууштай тэмцээрэй гэж уриалмаар байна. Өөр нэг өнцөгөөр бол Хүрэлсүхийн Засгийн газар хүчтэй юу, нефть импортлогч компаниуд түүнийг үгийг аялдан дагахгүй юу гэдгийг харж болох нь.