Хорих ангид саа­туулагдаж байсан хүн амь­даараа шатаж, тамлагдаж үхэх дөхлөө. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин юу бодож суугаа бол. “МИАТ” ТӨХК-ийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн “ОМ 136” онгоцны нисгэгч 15 зорчигчоо ОХУ-ын Москва хотод орхиж ниссэн асуудал өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард гарахад салбарын сайд нь зорчигчдоос нь уучлалт гуйж байсан.

Баянхонгор аймгийн төрөх тасагт дөнгөж төрсөн нярайг сувилагч нь халуун усаар угааж шалзалсан хэрэг хэдхэн сарын өмнө гарахад мөн л салбарын сайд нь уучлалт гуйсныг хүн бүр санаж байгаа байх.

Гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй. Сэжигтнээр саа­туулагдаж байсан хүнийг “Хар тамхичин учир учир янз бүрийн ааш авир гаргадаг” гээд гав, дөнгөтэй нь сахилгад хийх эрх хорих ангийн хянагч тэр бүү хэл удирдлагад байхгүй. 

 

Угтаа бол сэжигтнийг амиа хорлох, оргон зайлах, гэмт хэрэг дахин үйлдэх, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад саад учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хорих ангид саатуулдаг журамтай. “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаярыг “Амиа хорлохыг завдаж, өөрийгөө шатаасан” гэдэг мэдээллийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангийн удирдлагууд өгсөн байна билээ. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол 461 дүгээр хорих анги дэлхийн стандартад нийцэх нь бүү хэл хорих ангийн наад захын стандартыг хангаж чадахгүй байх нь тодорхой боллоо.

Харин хорих ангийн удирд­лагын мэдээллийг хохирогчийн ар гэрийнхэн үгүйсгэж байгаа юм. Тэд өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, “Ш.Батбаяр өөрөө сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. Амиа орлох ямар нэгэн оролдлого хийх ямар ч үндэс байхгүй” гэж мэдэгдсэн. Ш.Батбаярын өмгөөлөгч Ш.Баттогтох “Ш.Батбаярын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1  гэсэн зүйл ангиар   цаг­даагийн байгууллагад шал­гагдаж байгаа. Тодруулбал, хар тамхи, мансууруулах бодис хадгалсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр сэжиглэгдсэн. Тиймээс амиа хорлох гэсэн оролдлого хэзээ ч хийхгүй” хэмээсэн. Харин ээж нь “Миний хүү амиа хорлохгүй. Эхнэр, хоёр хүүхэдтэй хүн. Яагаад тийм утгатай ташаа мэдээлэл гаргаад байгааг үнэхээр ойлгохгүй байна” гэсэн юм.

Сэжигтэн ямар ч байдлаар галд өртсөн байг хорих ангийн удирдлагуудтай хариуцлага тооцоод л өнгөрөх нь дэндүү өрөөсгөл хэрэг болно гэдгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд сануулахад илүүдэхгүй биз. Одоогоос дөрвөн жилийн өмнө Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уулын ангид хилчид нэгнээ буудаж хөнөөсөн хэргийн хариуцлагыг штабын хэдхэн дарга, дунд тушаалын офицерууд хүлээгээд өнгөрсөн байдаг. Энэ мэт байдлаар хэдхэн “хурган дарга” нар улс орны хэмжээнд яригдах асуудлын хариуцлагыг хүлээж, ажлаасаа халагдсанаар цэг тавьж байгаа нь асуудлыг үндсээр нь суга татаж чадахгүй байгаа гэхэд болно. Ар, араасаа ундран гарч ирж байгаа энэ бүх асуудлууд Монголын хорих ангиудын бугшсан идээ бээрийг шахаж эхэлж байна. Салбарын сайд нь хууль эрхзүйн шинэчлэлийн сэдвээс бусад үед ам нээхгүй байгаа энэ үед хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд манай улсын хорих ангиудыг “овоо хараандаа авах нь тодорхой болоод байна. Хэрэв өнөөдөр “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяраас өөр энгийн иргэн шатсан байсан бол өдий хэмжээний “давалгаа” үүсгэж чадахгүй, эл хэрэг нуун дарагдаад өнгөрөх байсан ч юм билүү хэн ч хэлж чадахгүй. Энэ мэт хэргүүд хорих ангиудад байнга биш ч мэр сэр гардгийг учир мэдэх хүмүүс хэлдэг ч олон нийт тэр бүр мэдэж чадахгүй өнгөрдөг нь нууц биш юм.

Сүүлийн үед шоронгоос хоригдол оргох үзэгдэл манайд байнга шахам гардаг болсон учир оргодол гэдэг нь байдаг л зүйл гээд хүмүүс ойлгочихсон байгаа нь харамсалтай. Өнөөдөр л гэхэд Ховд аймаг дахь 457 дугаар хорих ангиас гурван хоригдол оргоод ес дэхь өдрийнхөө нүүрийг үзэж байх жишээтэй. МИАТ-аар дамжуулж мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж байгаа эрхмүүдийг хоорондоо утсаар ярьж, мэдүүлгүүдээ нийлүүлээд байгаа тухай мэдээллийг . Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийн биеэр хэдхэн хоногийн өмнө өгч байсан зэргээс харахад Монголын хорих ангиуд нэг л биш ээ. Үүний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хорих ангиудад хүний эрх хэрхэн зөрчигддөг талаар хэлж, сануулж салбарынх нь сайдаас хариуцлага нэхсэн. Харамсалтай нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нэг ч үг дугаралгүй байсаар хорих ангид хүн шатсан хэрэгтэй нүүр  туллаа. Гэсэн ч өнөөдрийг болтол ямар нэгэн үйлдэл хийх нь бүү хэл үг ч хэлсэнгүй. Тэр чухам юу гэж бодож суугаа бол.

 

Р.Сарангоо