Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2015.08.03/ УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн дараа хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бүлгийн удирдлага мэдээлэл хийлээ.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Галт зэвсгийн тухай хуулийг Ардчилсан намын бүлэг 100 хувь дэмжиж ажиллана гэдэг дээр санал нэгдсэн хэмээн бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдэгдэв.

Энэ үеэр бүлгийн удирдлага сэтгүүлчдийн асуулдтанд ийн хариуллаа.

- Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал дээр Ардчилсан намын бүлгийн байр суурь нэгдсэн үү? ҮЗХ хуралдах уу?

Б.Гарамгайбаатар: -Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх асуудал процессын хүрээнд явж байна гэдгээ өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд хэлсэн. Одоо Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байгаа. Зөвшилцлийн хугацаа дуусахаар УИХ-аар хэлэлцэх боломж нээгдэнэ. Ээлжит бус чуулганы хугацаанд энэ асуудал орж ирвэл хэлэлцээд явна. Орж ирэхгүй бол дахин ээлжит бус чуулган зарлах асуудал үүсч магадгүй байгаа. Хоёрдугаарт, Ерөнхий сайдаас Ардчилсан намын даргад өгсөн албан бичгийн дагуу ҮЗХ-ы хуралдааны талаар яригдсан. Энэ асуудал Ардчилсан намын өнөөдөр мөрдөгдөж байгаа дүрмийн хүрээнд шийдэгдэнэ гэдгийг хэлье албан ёсоор хэлье. Улстөрийн намуудын тухай хууль хараахан гараагүй байгаа учир хуучин дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Манай намын дүрэмд зааснаар намын дарга ҮЗХ-ы хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гаргадаг. Мөн ҮЗХ-ы гишүүдийн гуравны нэгийн саналаар хуралдуулах боломж байдаг ч намын дарга л эцсийн шийдвэрийг гаргадаг дүрэм үйлчилж байгаа.

Ш.Түвдэндорж: -Ардчилсан нам олонхи болоогүй учраас заавал намын дарга Ерөнхий сайд байх албагүй. Гэхдээ улс төрийн нөхцөл байдлаас болоод ийм байхыг шаардаж байна. Зургаан сайдыг солих асуудал аль хэдийнэ шийдэгдчихсэн. Хэрэв энэ асуудлыг УИХ-аас өргөн барьсан байсан бол шууд хэлэлцээд явах ёстой. Ерөнхий сайд өргөн барьж байгаа учраас хуулийн дагуу ажлын тав хоногт багтаж Ерөнхийлөгчтэй зөвшилцөх учиртай. Өнгөрсөн баасан гарагт өргөн барьсан болохоор энэ долоо хоногтоо багтаж хариугаа өгөөд, чуулганаар хэлэлцэнэ.

-Хэрэв МАН-ын бүлгээс Засгийн газрыг бүхэлд нь огцруулах шаардлага тавиад, үүнийг танай бүлгийн гишүүд дэмжвэл яах вэ?

Ш.Түвдэндорж: -Засаг төр цаашид тогтворгүй болох вий гэсэн улс төр явж байгаа учраас өнөөдрийн асуудал явж байгаа байх. Хэрэв Засгийн газрын зургаан гишүүнээс гадна танхимыг бүхэлд нь огцруулах санал гаргах юм бол, үүнийг Ардчилсан намын гишүүн дэмжих юм бол намынхаа дүрмээр дараагийн Улсын Их Хурлын сонгуульд өрсөлдөх эрхийг нь хасах болно.