AНУ-ын стратеги судалгааны хүрээлэн “Heri­tage Foundation” дэлхийн улс орнуудыг жил бүр эдийн засгийн эрх чөлөөгөөр нь жагсаадаг. Манай улс энэ жил 100 дугаарт жагсчээ.

“Heritage Foundation” улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөг худалдааны бодлого, Засгийн газрын санхүүгийн бодлогын нөлөө, эдийн засаг дахь Засгийн газрын оролцоо, мөнгөний бодлого, капиталын урсгал ба гадаадын хөрөнгө оруулалт, банк санхүү, цалин хөлс, өмчийн эрх, зохицуулалт, албан бус зах зээл гэсэн арван шалгуур үзүүлэлт дээр үндэслэн тодорхойлдог юм. Монголын хувьд өнгөрсөн жил “Эдийн засгийн чөлөөт байдлын индекс”-ээрээ 96 дугаарт жагсч байв. Ноднингийнхоос дөрвөн байр ухарсан гэсэн үг. Уржнан жилийн хувьд 97-д жагсч байж. Тухайн жил эдийн засгийн эрх чөлөөний индекст 186 орон багтсан юм. Монгол Улсын авсан оноо 58.9. Тэр жил “Heritage Foun­dation” биднийг тун дажгүй гэж үнэлсэн байдаг. Тодруулж хэлбэл бүс нутгийнхаа дунджаас дээгүүр гэх үнэлгээг Азийн Монгол авсныг энэ байгууллагын хоёр жилийн өмнөх тайлангаас нь харж болно. Тухайн үед бид Ази, Номхон далайн бүсийн 42 улсаас19 дүгээрт жагссан юм. Бүсийн хэмжээнд гэж яривал Япон, Макао, БНСУ жагсаалтыг тэргүүлсэн байдаг. Бүсийн том эдийн засагтай БНХАУ, Энэтхэг, Индонези улсууд жагсаалтын 20-иос хойш байрт жагсч байв. Манай улсын ард бичигдсэн гэсэн үг.

Индексийг тооцоход ашигладаг арван дэд индексийн дөрвөөс бусад нь өмнөх оноос өсөлттэй болон тогтвортой гарсан гэж “Heritage Foundation” Монголыг онцолж байлаа. Авлигад автахгүй байх эрх чөлөө, бизнес эрхлэх болон хөдөлмөр эрхлэх эрх чөлөөний дэд индексүүд түрүү жилээсээ өссөн дүнтэй гарч байсныг онцолъё. Худалдаа эрхлэх болон төсвийн талаарх эрх чөлөөний дэд индексүүд хоёр жилийн өмнө буурсан дүнтэй гарсан юм. Эдийн засгийн эрх чөлөөгөөрөө Монгол 2014 онд тун дажгүй өнгөтэй байсныг “Heritage Foundation”-ийн “Монгол Улсын хувьд индексийг тооцож ирсэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд эдийн засгийн эрх чөлөө нь тогтмол өссөөр ирсэн. 1994 оноос хойш Монгол Улсын индекс 11 оноогоор өсөөд байна” гэсэн дүгнэлтээс харж болно.

Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээрээ өнгөрсөн жил 59.2 оноо авч, 170 гаруй орноос 96 дугаарт бичигдсэн байдаг. Түрүү жилийнхээсээ оноогоо ахиулсан гэсэн үг. Гэхдээ “Heritage Foudation"-ийн ангиллаар Монгол Улс "бараг л эрх чөлөөгүй" орнуудын эгнээнд багтсан хэвээр байсан юм. Эдийн засгийн эрх чөлөөг тодорхойлох арван үзүүлэлтээс дөрөвт нь Монгол Улсын үнэлгээ ахисныг өнгөрсөн жил мэдээлж байв.

Хээл хахуульд автахгүй байх, төсөв захиран зарцуулах тал дээр эрх чөлөөг нэмэгдүүлсэн нь ерөнхий үзүүлэлт сайжрахад хамгийн гол нөлөө үзүүлсэн гэж шинжээчид онцолж байсан юм. “Бизнесийн эрх чөлөө" буурсан гэж “Heritage Foun­dation" дүгнэснийг онцолъё. Мөн хууль эрх зүйн орчин улс төрийн нөхцөл байдлаас хамааран өөрчлөгдөх эрсдэлтэй, тогтворгүй байгааг тухайн үед цацагдсан мэдээлэлд дурдсан нь бий. Хэдийгээр төсвийн захиран зарцуулах эрх чөлөө нэмэгдэж байгаа ч үүнийг дагаад төсвийн сахилга бат сулрах эрсдэл бийг анхааруулсан байдаг. Мөн төсвийн зарцуулалтыг жил дараалан нэмэгдүүлж байгаа нь ирэх жилүүдэд уул уурхайн салбарын циклээс шалтгаалан үүсч болох эрсдэлийг тооцоолж үзэхгүй илрэл гэж “Heritage Foun­dation" тайландаа дурдаж байсан юм. Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн 42 улсаас 19 дүгээрт бичигдэж, өнгөрсөн оныхоо байр суурийг хадгалсан хэвээр байсан нь анхаарлын гадна өнгөрөөх аргагүй өнцөг байв. Монгол Улсын авсан үнэлгээ дэлхийн дунджаас бага байгаа ч Ази, Номхон далайн бүсийн орнуудын дунджаас өндөр байсан билээ. Харин бүсийн хувьд томоохон эдийн засагтай Энэтхэг, Индонез улсын өмнө бичигдсэн хэвээр байлаа. Урт хугацааны өөрчлөлтийг харвал 1995 оноос хойш Монгол Улс хөрөнгө оруулалтын эрх чөлөөний үзүүлэлтээр 20 оноо алдсан бол хөрөнгө эзэмших эрхийг хамгаалах байдлаар 40, хээл хахуульд автахгүй байх эрх чөлөөгөөр 12 оноо алдсан гэж тухайн үед мэдээлж байв.

“Heritage Foundation” байгууллага энэ онд гаргасан тайландаа Монголын эдийн засаг аажмаар сайжирч хүчээ авч буйг уул уурхайн салбарын хөгжилтэй холбон тайлбарлажээ. Худалдааны журам харьцангуй нээлттэй, орчин нь илүү үр дүнтэй болж эхэлсэн нь хувийн салбарын өсөлтөд нөлөөлсөн гэх дүгнэлтийг тэд хэлж байна. Эдийн засгийн эрх чөлөөгөөрөө байр ухарсан шалтгааныг авлигатай холбожээ. Уг нь хоёр жилийн өмнө авлигад автахгүй байх эрх чөлөө нь дажгүй гэж үнэлснийг өмнө онцолсон. Харин энэ жил “Heritage Foundation” манай улсад авлига ноцтой асуудал хэвээр байгаа, авлигын түвшин өссөөр байна хэмээн тайландаа онцолжээ. Шүүх эрх мэдэл бүхий байгууллагууд улс төрийн нөлөөнөөс болж үр нөлөөгүй, эмзэг хэвээр гэсэн дүгнэлт нь анхаарал татаж байна. “Heritage Foundation” Засгийн газрыг ч шүүмжилжээ. Тэдний үзэж буйгаар Засгийн газарт оюуны өмчийн эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах боломж байхгүй гэнэ.

“Heritage Foundation” эдийн засгийн эрх чөлөөний индексийг гаргахдаа 178 орны үзүүлэлтийг харгалзжээ. Жагсаалтыг 88.6 оноогоор Хонгконг тэргүүлж. Жагсаалтын эхний гуравт Сингапур, Шинэ Зеланд жагсчээ. Эдийн засгийн чөлөөт байдлын индекст АНУ 11 дүгээрт орсон бол ОХУ 153 дугаарт, Хятад 144 дүгээрт бичигдсэн байна.Жагсаалтын сүүлийг Умард Солонгос мушгижээ. Венесуэл 177 дугаарт, Куба улс 176 дугаарт бичигдсэн байна.

Бэлтгэсэн Ц.Сүрэн