Монголын сагсан бөмбөгийн холбоо бүх гишүүдийн хурлаа хийлээ. Сагсан бөмбөгийн ахмад болон дунд үеийн эрэгтэй, эмэгтэй тамирчдаас 35 хүн, мөн одоо ид тоглож байгаа дээд лигийн тамирчид, дасгалжуулагчид, багийн эздээс 57 хүн, эмэгтэй тамирчдаас 23 хүн, сонирхогчдын лигийн төлөөлөл 51 хүн, шүүгчид 15 хүн, дунд сургуулийн багш, дасгалжуулагчид 10 хүн ирсэнээс гадна хөдөө орон нутгаас Сүхбаатар, Баян-Өлгий, Архангай, Дундговь, Баянхонгор, Багахангай, Налайх, Увс аймгуудаас 23 хүн хүрэлцэн ирж, нийт 220 гаруй сагсан бөмбөгчдийн бүрэлдэхүүнтэй өргөн хүрээтэй хурал боллоо. Хурлаар хэлэлцсэн гол асуудал нь сүүлийн жилүүдэд тогтмол үйл ажиллагаа явуулах чадамжаа алдаж, Азийн Аварга шалгаруулах тэмцээнд хүртэл эрэгтэй, эмэгтэй баг тамирчдаа оролцуулах боломжоо алдаад Монголын Сагсан Бөмбөгийн Холбоог шинэчилсэн зохион байгуулалтанд оруулах, мөн хууль бус гэдэг нь шүүхээр батлагдсан ерөнхийлөгч, удирдлагыг шинээр сонгох ёстой байсан юм.

Ингээд хуралд оролцогчид хэлэлцсэний эцэст Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны тэргүүлэгчдийг ахмад тамирчид, багийн эзэд, одоо тоглож байгаа тоглогчид, эмэгтэйчүүдийн төлөөлөл, хөдөө орон нутгийн төлөөллөөс бүрдсэн 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр олонхийн саналаар баталлаа. Ийнхүү Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны ерөнхийлөгчөөр Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал сонгогдон ажиллахаар боллоо.

 

Эх сурвалж: www.ddn.mn