Сүүлийн өдрүүдэд Олон улсын эрэн сурвалжилах сэтгүүлчдийн нийгэмлэгээс Панамын хуулийн фирм дэх оффшор данстнуудын тухай мэдээллийг задарч нэлээдгүй шуугианыг дэгдээгээд байгаа билээ. Манай улсаас нэлээдгүй нэр бүхий улс уг дансыг эзэмшдэг болох нь илчлэгдсэн. Тэдний нэг нь Кёкүшюзан Д.Батбаяр гээд л хэвлэлийн хуудаснаа заларсан.

Үүнийг сонссон даруйдаа тэрбээр хэвлэлийн бага хурал зарлаж "Надад оффшор данс байгаа. Гэхдээ 25 жилийн өмнө тухайн үед Японд барилдаж байхдаа цалингаа авдаг байсан данс байгаа юм. Тэнд амьдарч байсан учраас 4, 5 данс нээлгэсэн байсан. Харамсалтай нь хаалгаагүй. Одоо бол мөнгө байхгүй. Харин гадуур яригдаад байгаа шиг оффшор данс байхгүй. Очиж үзээ ч үгүй. Татвараас зайлсхийсэн зүйл байхгүй” гэдгээ мэдэгдсэн.

Ингээд өөрийн дансаа шалгуулахаар АТГ-т хандсан. Тэгвэл өнөөдөр уг асуудлаар дахин хэвлэлийн хурал хийлээ.

Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн бичигт “Кёкүшюзан Батбаяр энэ асуудалд ямар ч хамааралгүй. Оффшор дансанд нэр холбогдсон Даваагийн Батбаяр гэдэг бол өөр хүн юм байна. Энэ асуудалд холбогдсон гурван компани 2007 онд байгуулагджээ. Д.Кёкүшюзан Батбаяр тухайн үедээ сумогийн тамирчин байсан учраас энэ асуудалд хамааралгүй. Та нэр хүндээ сэргээх боломжтой” гэжээ.

Мөн энэ хүсэлтээ Цагдаагийн ерөнхий газарт тавихад Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хүсэлт гарга гэсэн байна. Үүний дагуу Д.Кёкүшюзан Батбаяр өөрийн хүсэлтээр энэ асуудлыг шалгуулсан аж.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газраас “Иргэн Даваа овогтой Кёкүшюзанбатбаярын ирүүлсэн хүсэлтийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явууллаа. Их Британийн Виржини аралд байрлалтай “Impox”, “Gumax”, “Abros” хувьцаат компаниуд нь танд хамааралгүй болох нь тогтоогдсон болно. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Мөнхбат” гэсэн гарын үсэгтэй албан бичигт түүнийг оффшор дансны асуудалтай хамааралгүй болохыг нь нотолжээ.

Харин Д.Кёкүшюзанбатбаяр “Би энэ асуудлыг “Нэр нэгтийн чих нэг” гэгч болжээ гэж харж байна. Амьдааг Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар болон бусад газар шалгаж байгаа юм билээ. Энэ нь тэр хүний хувийн асуудал. Миний хувьд андуурал гарчээ гэдгийг л мэдэгдэх гэсэн юм” гэв. Мөн тэрээр Тагнуулын ерөнхий газарт ч ийм хүсэлтээ өгөөд буйгаа дуулгалаа.

Дашрамд дуулгахад тэрбээр өөрийн иргэний үнэмлэх дээрх нэрээ Д.Кёкүшюзанбатбаяр болгосон ажээ.