Хаа хаанаа мөнгө цаас муутай амаргүй байгаа энэ өдрүүдэд бид Канадын “Хан ресурс” компанид төлөхөөр 70 сая ам.долларыг эксроу дансанд байрлууллаа. Ядсан энэ үед бас л мөнгө шүү дээ.

Харин ч Олон улсын Арбитрын шүүхээс 100 сая ам.долларыг уг компанийг хохироосны нөхөн төлбөрт өгүүлэх шийдвэр гаргасныг өнгөрсөн гуравдугаар сард нүүрээ ширлэн гуйж байж тус компанийнхантай ширээний ард суусны эцэст 30 саяар хорогдуулсан хэрэг. Бид энэ нөхөн төлбөрийг төлөхгүй гэж гонгинох ямар ч эрхгүй. Бид олон улсын дүрэм журмаар тоглож чадаагүйнхээ төлөө, бизнесийн наад захын дүрэм журмыг биелүүлээгүйнхээ төлөө өгч байгаа төлбөр юм. Нэгэнт Олон улсын Арбитрын шүүх шийдвэр гаргасан л бол өгөхөөс аргагүй. Тэгэхгүй бол гадаадад бүртгэлтэй хөрөнгүүдийг зараад эхэлдэг, цаашлаад Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол дэлхийд ганцаардаад эхэлдэг. Нэгэнт дэлхийгээс нүүхгүйгээс хойш энэ мөнгийг нь өгөхөөс аргагүйд хүрч байгаа юм. Тэгэхээр бид өөрсдөө муу байсныхаа төлөө өгсөн энэ мөнгөндөө горойж гортийгоод суугаад нэмэргүй.

Харин энэ явдлаас юу ойлгов. “Хан ресурс”-ын сургамж юу байв гэдгийг ярих нь зүйтэй. Тэр үед юу болсон бэ. Канадад бүртгэлтэй “Хан ресурс” компанийн Дорнодын ураны орд газарт эзэмшиж байсан 237А дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны долдугаар сарын 10-ны өдөр цуцалснаар бүх хэрэг мандав. Нөхөн сэргээлт хийгээгүй, Монголд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль журмыг биелүүлээгүй гэсэн шалтгаанаар лицензийг цуцалжээ. Үүнээс гуравхан сарын өмнө мэргэжлийн хяналтын байцаагч ирээд сайн байгаа талаар дүгнэлт гаргачихсан байхад арай л үнэмшилгүй шалтгааныг манайхан олжээ. Харин бодит байдал арай өөр байлаа. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр ОХУ-д Элчин сайдаар сууж байсан, орос школтой, Орост элэгтэй гэж байнга хэлэгдэж байв. Үнэхээр ч тэгж бодохоос аргагүй үйл явдлууд өрнөж байлаа. Оросын “Роснефт”-ийн 100 шатахуун түгээх газрыг оруулж ирэхээс эхлээд бүх зүйл тийшээ ханарч байв. Бас нэг мэдэхэд энд тэндхийн боомтоор хойшоо гараад явчихдаг Ерөнхий сайдтай боллоо ч гэсэн шүүмжлэн бичиж байсан үе. С.Баяр нэг удаа хойшоо айлчлалаар явж ирсний дараа бүх зүйл “Хан ресурс”-ын эсрэг өрнөжээ. Оросуудтай нийлж “Дорнод Уран”-ыг байгуулаад хамтдаа “алаад өгнө” гэсэн яриа болж, ирээд “Хан ресурс”-ыг үгүй болгохоор шат шатандаа ярьсан байна. Тэр үед Цөмийн энергийн газрын даргаар С.Энхбат ажиллаж байв. Хууль дүрмийн дагуу ийм байна, ингэвэл дараагийн эрсдэл юу болох талаар хэн ч ярьсангүй, ярихыг ч хүссэнгүй. Нэгэнт Ерөнхий сайд хүссэн бол биелүүлнэ гэсэн зарчмаар явсан нь харагддаг. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг л болсон. Тэгээд ч тэр үед С.Баярын баяризм газар авсан байлаа. Төрийн албыг хийж чадахгүй байна гээд хүмүүсийг загнаад загнаад явчихна. Тэр нь бас олон нийтэд таалагдах маягтай. Төр нь юмаа мэднэ гээд бизнесийнхнээс булаах шахуу болдог. Лицензээ сайн дураар авчирч өгөгсөд олширч байв. Дарга тэгж байгаа бол бүгд хүлээн зөвшөөрөх маягтай. Хууль гэдэг цаасан дээр бичсэн тэмдэгт л болж үлдэж байв. Гэвч юу гээд л гадныхан манайх шиг байхав дээ.

Лицензээ цуцлуулсан “Хан ресурс”-ынхан МХЕГ, АМГ, Цөмийн энергийн газар, цаашлаад Ерөнхий сайдад хүртэл гомдол гаргаж, асуудлаа шийдэх гэж их үзсэн юм билээ. С.Баяраас ч дараа нь түүнийг залгамжилсан Сү.Батболдоос ч их гуйж, хүсэлт тавьж байсан гэдэг. Харин Монголд нэг дарга нь оросуудтай нийлнэ гээд бодчихсон учраас канадууд үнэн сонин биш байлаа. Ингээд 2011 онд канадууд Арбитрын шүүхэд өгч, үйл явдал шат дамнан, сунжран явсаар 2015 онд манайх буруутсан нь олон улсын шүүхээр баталгаажсан юм. Ерөөсөө л нэг хүний дураараа зан. Ерөнхий сайд бол бүгдийг мэднэ гэсэн зангаас үүдсэн л хэрэг. Алдаанаасаа сургамж авдаг хүнийг ухаантай, ухаарч сэхээрч чадахгүй байгааг нь тэнэг хүн гэдэг шиг адилхан алдаагаа ойлгож байгаа ард түмэн ухаантай, үгүй нь тэнэг ард түмэн болж таарна. Тэгэхээр бидний сургамж юу байх вэ. Нэг хүний дэглэм, нэг даргын дураараа авирлал юунд хүргэдэг гэдгийг мэддэг улсын хувьд бид заримдаа тэднийг хязгаарлаж байх ёстой. Бас ямар ч судалгаагүй, олон улсын хууль дүрмээ мэдэхгүй байж шууд шийдвэр гаргадаг тэр байдлыг халж, асуудлаа мэдэж байгаа хүмүүс нь дарга дагаж далдайхгүй үнэнийг хэлж сурмаар байгаа юм. Угаасаа С.Баяр бол их дураараа хүн. Аливааг үл тоодог зантай. Тэрбээр энэ асуудалд яг өөрийн характераараа л хандсан. Ямар ч наана, цаадахыг бодоогүй. Оросуудтай яриад тохирсон учраас болно л гэж бодсон. Нөгөө оросууд нь ч “Та нар цуцалчих, бид даана” гэж хөөргөдөж байгаад цуцлуулсан. Харин сүүлд нь Олон улсын Арбитрын шүүх дээр дуудагдахад нь “Сайн өмгөөлөгч олж өгөхөд тусална” гэж хэлсэн дуулдаж байсан. Ерөнхийдөө С.Баяр өөрийнхөө тухай дурсамж дээр Э.Бат-Үүлийн нармайг нээж, цус гаргасныгаа асуудал шийдсэн гэж бодож байсан шигээ л энэ асуудалд хандсан байдаг юм.

Багаар ажиллаж сураагүй, дураараа улстөрч эрх мэдэлд хүрдгийн хар гай энэ л дээ. Дүрэмгүй тоглоом гэж хаана ч байхгүй. Үүнийг л бид цаашдаа маш сайн ойлгох хэрэгтэй. Гуравхан сая хүн амтай Монгол шиг улсад ганцаарчилсан тоглолт хийдэг лидер тус болохгүй, гай л болно. Уго Чавес Венесуэль улсыг ямар байсныг ямар болгосон билээ дээ. Олон улсын нэр хүнд гэж хог дээр л үсэрсэн. Нэг тийм хачин балмад, дарга нь хүсвэл олон улсын жишиг стандарт гэж огт байхгүй улс болгоод хувиргачихсан. Одоо тэд энэ ойлголтыг өөрчлөх гэж багагүй он цагийг туулж таарна.

Тэгэхээр “Хан ресурс”-ын сургамж бол ямар хүнд эрх мэдэл өгөх вэ. Тэр эрх мэдэл авсан хүн нь зөв шийдвэр гаргаж байна уу. Шийдвэр нь олон улсын хууль тогтоомж, албан ёсны гэрээ контрактаа зөрччих гээд байгаа юм биш биз. Тийм бол үүнийг нь сануулаад хэлчихдэг төрийн албан хаагч баймаар байна. Дарга юу гэнэ дагаад далдаганаад шийдвэрээ гаргачихдаг. Эргээд улс орноороо, ард түмнээрээ төлбөрт унаж байна. Гэтэл өнөөх С.Энхбат дарга нь гадаад оронд Монголыг төлөөлөөд элчин хийгээд явж байх жишээтэй. Олон улсын Арбитрын шүүх дээр Монголын талыг ахалж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нарын хүмүүс ч шүүхийн үйл явцад хангалтгүй ажилласан талаар хэвлэлүүд бичиж байсан.

Шүүх хурал дээр тэмээ гэхээр ямаа гээд сууж байдаг хүмүүст Монголын Засгийн газар итгэл өгч, өмнөөсөө явуулсан нь бас л харамсалтай.

Тэглээ гээд энэ хүмүүс “Хан ресурс”-т 70 сая ам.долларыг халааснаасаа гаргаад өгөх биш Монголын ард түмний идэж уух, өмсч зүүхээс танагдан гарч байна. Харин бид “Хан ресурс”-ын сургамжийг л үеэс үедээ санаж явах нь чухал байна. Өөрөөр хэлбэл 70 сая ам.доллараар бид сургамжийн хичээл авлаа.

Г.Алагаа