Би одоо 28 настай нөхөр 2 хүүхэдтэй. Нөхөртэйгөө гэрлээд 7 жил болж байна. Гэрлэх ч гэж дээ, хурим найр хийх нь битгий хэл намайг аав ээжээс маань гуйж ч аваагүй. Яахав, тухайн үедээ амьдралын боломж муутай 4 хүүхэд өсгөж ядаж байгаа хадмаа хараад өрөвдөөд олон юм ярилгүй нэг гэрт орцгоосон. Гэхдээ энэ хугацаанд угаасаа амьдралын төлөө зүтгэддэггүй зүгээр л байгаагаа идэж уучихаад, юу ч бодох санах юмгүй өнөөдрөөрөө амьдардаг хүн болж эхэлсэн. Манай нөхөр ч бас яг тийм өнөөдөр л болж байвал маргааш яах нь ямар ч хамаагүй мэт байдаг.

“Би дахин цагт баригдсан ажил хиймээргүй байна” гээд хувиараа юм хийнэ гэж 3 жилийн өмнөөс ажил хийхээ больсон. Анх нэг гэрт орж байхад нөхрийг маань хөгжлийн бэрхшээлтэй гээд хорооноос гэр өгсөн. Би зүү утаснаас авахуулаад гэр доторх бүх зүйлээ худалдаж авсан ч нөхөр юу ч хэлдэггүй. Бас хамтдаа бүгдийг хийнэ гэх болов уу гэж дотроо горьдсон. Би айлын том охин. Тийм болоод ч тэр үү бүх юмыг өөрөө болгоно гэж зүтгэдэг. Хүнээс тусламж туслалцаа авах сул доройн шинж гэж өөртөө хэлдэг. Гэхдээ л аав ээж 2 маань бүх зүйл дээр ярилцаж үүрэг үүргээ ухамсарласан хүмүүс. Яг л өссөн орчинтойгоо адил хамтдаа бүгдийг хийдэг амьдралыг л хүссэн.

Гэтэл өнөөдрийн байдал гэвэл хадмынхаа хашаанд нөгөө тусламжийн гэртээ л сууж байна. Их л ганган хөөрхөн охин гэж яригдаж хүссэн хувцас, гоо сайхны зүйлээ авдаг байсан би хүнтэй суугаад хүссэнээ авах нь битгий хэл хямдхан юмыг хайж явдаг боллоо. Гоо сайхны зүйл бүр ярилтгүй ээ. Цаг хугацаа өнгөрөх тусам би энэ амьдралаасаа залхсаар л байна. Их л зүйл мөрөөддөг байсан. Одоо юу хүсэж байснаа ч мартаж байна. Нөхөртөө уйлж уурлаж аргадаж тайлбарлаж гомдож янз бүрийн л ааш авир гаргаж байна. Харин сүүлийн үед бүр тоохгүй байж үзье гээд өөртөө бол чи өрх толгойлсон эмэгтэй хүн гэж хэлээд л явж байна. Нөхрөөсөө сал гэж гэр бүлийнхэн, найз нөхөд хэлж байгаа ч 2 хүүхдээ эцэггүй өсгөөд яахав гэж бодоод өдийг хүртэл явлаа.

Гэхдээ л энэ амьдрал надад яагаад ч тохирохгүй гэж бодох юм. Байгаа байдалдаа эвлэрч хэзээ ч чадахгүй байх. Хүмүүс нөхрийг маань царайлаг сайхан залуу гэцгээдэг. Хөл муутай ч би хазгар доголон гэж голоогүй. Харин бие нь дутуу ч сэтгэл нь бүтэн хүн юмдаа гэж бодож суусан. Гэхдээ нөхрөөсөө салъя гэсэн бодол байнга толгойд эргэлдэж байгаа ч амьдралын төлөө зүтгэх бодолтой бас хийе, бүтээе, амьдралаа сайхан болгоё гээд гүйгээд хийгээд ирвэл сайхан л байна. Тийм болохоор олон хүн уншаад надад санаа бодлоо хэлэх байх гэж найдаад энэ захиаг бичиж сууна. Салах бол хамгийн амархан арга. Гэхдээ нэгэнт эхэлсэн амьдрал, хүүхдүүдээ л бодоод байна.