Галбадрахын Отгонцэцэг хэмээх Монгол жүдоч “Рио-2016” олимпоос хүрэл медаль хүртэж, Казахстан улсын төрийн далбааг Риогийн тэнгэрт мандуулсан нь Монголчуудын сэтгэлийг огшуулаад буй.

Тэрбээр эх орныхоо төлөө л барилдсан. Түүнд иргэншлээ солих өөр зам үгүй байсан биз ээ. Учгийг тайлвал, Монголын жүдо бөхийн 48 кг шилдэг бөхчүүдээрээ дэлхийд алдартай. Энэ жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Отгонцэцэг нарын хооронд гол өрсөлдөөн болдог байлаа.

Гэтэл томоохон тэмцээнд оролцох боломж нь М.Уранцэцэгт л олдчихдог тул Г.Отгонцэцэгийг ийнхүү иргэншлээ солиход хүргэсэн аж. Монгол улсдаа хоёрдугаарт жагсдаг Г.Отгонцэцэгийг олимп гэлтгүй Азийн АШТ, ДАШТ-д оролцох хамгийн том үүд нь Казахстан байсан юм. Монголын жүдо бөхийн холбоо, Казахстан улсын жүдо бөхийн холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.

Уг гэрээний хүрээнд Казахстан улс Г.Отгонцэцэгийг өөрийн улсынхаа нэр дээр барилдуулах санал тавьсан. Ийнхүү тэрбээр дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт Казахстаныг зорьсон нь энэ. Тамирчин хүний хамгийн ихээр хүсэж тэмүүлж явдаг талбар нь мэдээж Олимп. Тэрбээр Казахстаны нэрийн өмнөөс олимпт оролцох талаараа "Би олимпийн наадамд оролцох зорилгоо биелүүлэхэд нэг алхам ойртлоо. Уг нь Монгол Улсынхаа нэрийн өмнөөс барилдсан бол гэж бодох л юм. Гэхдээ олдож байгаа боломжийг алдахыг хүсээгүй учраас зөвшөөрсөн. Би бүх хүчээ дайчилна” хэмээн иргэншлээ солихынхоо өмнө хэлж байсан удаатай. Тэрбээр ийн мөрөөдлөө биелүүлж, олимпийн медальтан боллоо. Медалийн эзэн болчихоод нулимсаа барьж дийлээгүй тамирчин бүсгүй маань магадгүй эх орны минь далбаа мандсан бол гэж бодож уйлсан ч байж мэднэ.