Эрх баригчид эдийн засгийн хямралаас гарах аргаа олсон бололтой. Тодруулбал, өмнөх засгийн газрын хэрэгжүүлж ирсэн хөтөлбөр, төслийг бүгдийг нь зогсоож, танахаар болж байна.

Үүнийг дагаад иргэдийн дунд хүлээлт үүсээд байсан Ипотекийн зээл үргэлжлэх эсэх нь тун эргэлзээтэй болж ирлээ. Энэхүү зээлээс үүдэн эдийн засгийн хямрал үүссэн хэмээн эдийн засагчид үзэж буй юм. Нөгөөтэйгүүр хүүг нь нэмэх асуудал ч сөхөгдөж байгаа талаар чих дэлсэв. Гэхдээ хүү нэмэхэд учиртай. Зах зээл дээрх хүүний хэмжээг ойрхон байлгавал гажиг үүсдэггүй гэдэг. Харин өдгөө бодлогын хүү 15 хувьд хүрчихлээ. Энэ үед ипотекийн зээлийн хүүг багаар олгож эхэлвэл гажиг үүсэх юм.

Энэ талаар эдийн засаг Б.Лхагвасүрэн "Ипотекийн зээлийн хүүг эрх баригч намаас нэмэгдүүлэхгүй байх бодлого барьсан тохиолдолд суурь зээлийн хүү ипотекийн зээлээс даруй 7 хувиар өндөр байх нь. Мэдээж зээлийн хүүгийн энэ асар их зөрүүг арилжааны банкууд хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Өнгөрсөн хугацаанд Монголбанк арилжааны банкуудад ипотекийн зээлийн хүүгийн алдангид нэг их наяд гаруй төгрөг хэвлэж өгсөн. Тэр үед зээлийн хүүгийн зөрүү 2.5 байсан бол одоо энэ дүн бараг гурав дахин өсчихөөд байна.

Тэгэхээр хүссэн хүсээгүй Засгийн газар Монголбанк ипотекийн зээлийн шинэ гаргалгааг бодлогын хүүтэй уялдуулан боловсруулах шаардлагатай тулж байгаа юм. Барилга хот байгуулалтын яаман дээр ипотекийн зээлийг шинэ хувилбараар хэрхэн олгож эхлэх асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулагдаад буй. Салбарын сайд нь "Ипотекийн зээлийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг шийднэ" гэх мэдээллээс өөр зүйл дуугараагүй байна. Бодит зах зээл талаас нь харвал, ипотекийн зээлийн хүү нэмэгдэхгүй байсан ч энэ төрлийн зээл тэр чигтээ өндөр эрсдэлд орж буй. Бодлогын хүүгийн өсөлттэй холбоотойгоор мөнгөний эргэлт, хөрөнгө оруулалт буурна. Үүнийг дагаад хөдөлмөрийн зах зээл хямарна гэсэн үг. Ипотекийн зээлд хамрагдаж, цалингийн орлогоосоо зээлээ төлдөг иргэд өнөөдөр ажилгүй болсон тохиолдолд зээлийн төлөлтөд асуудал үүснэ гэсэн үг. Бусад орнууд ажилгүйдэл үнэмлэхүй байдлаар буурсан үед бодлогын хүүгээ аажмаар өсгөдгийн гол шалтгаан нь энэ. Хөдөлмөрийн зах зээлийн тотгвортой байдал өөрөө чанаргүй зээл үүсэхгүй байх баталгаа болж өгдөг. Тэгэхээр уг зээлэнд хамрагдсан болон шинээр орохоор зэхэж буй айл өрхүүдийн хувьд эдийн засгийн томоохон проблемтой нүүр тулахаар байгаа юм" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Ийнхүү өр тавин байж эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх үү, Хэрвээ үргэлжүүлвэл Монголбанканд мөнгө бий юу.

Энэ талаар МУИС-ийн багш Б.Алтанцэцэг "Эдийн засгийн бодит тооцооллыг харвал ипотекийн зээлийг үргэлжлүүлэх асуудлыг Засгийн газар хөндөх учиргүй. Үргэлжлэх боломж, хөрөнгө ч Монгол банкинд байхгүй болсон байна. Ипотекийн зээлийг төв банк анхлан хэрэгжүүлэхдээ ирээдүйд учрах эрсдэлээ тооцож, болгоомжтойгоор хариуцлагатай хэрэгжүүлсэн бол өнөөдөр тус зээлийг зогсоох асуудал яригдахгүй байх боломж байсан" гэв.

Харин Засгийн газраас бондын зээлээрээ эхлүүлсэн Ипотекийн зээлийг иргэдэд олгох эсэх нь одоогоор шийдэгдээгүй байна. Үргэлжлүүллээ гэхэд Монголбанканд мөнгө байгаа эсэх нь тодорхой бус байна. Чанаргүй зээл өсөж, иргэд зээлээ хугацаандаа төлж чадахгүйд хүрээд байгаа билээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2016 оны 7 дугаар сарын эцэст 1030.0 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 5.6 тэрбум төг буюу 0.5 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 205.1 тэрбум төг буюу 24.9 хувиар өссөн. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.5 хувийг эзэлж, өмнөх сарынхаас 0.1 пунктээр буурч, өмнөх оны мөн үеийнхээс 1.6 пунктээр нэмэгджээ. Үүнээс харахад, иргэд зээлээ төлж чадахгүйд хүрч банкны хямрал үүсэх эрсдэл байгааг харж болно. Гэхдээ зөв шийдэлд хүрч чадвал уг эрсдлийг давж гарах биз ээ.