Өнөөдөр үндэсний мэдээллийн төвд Японоос автомашин оруулж ирэх нэрээр иргэдээс мөнгө залилсан этгээдийн талаар хохирогчид мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Гадаад худалдаа, автомашин импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх “Алтан харилцаа” ХХК 100 орчим хүнийг луйвардаж 520 сая төгрөгийг залилсан байна. Тус компанийн цахим хуудсаар дамжуулж 98 иргэн нийт үнийн 30-60 хувийн урьдчилгаа төлбөрийг төлж, Япон автомашин захиалжээ. Тэдний нэг нь л гэхэд доод тал нь 2 сая, дээд тал нь 40 орчим сая төгрөгийг автомашины захиалгын урьдчилгаа болгон тус компанийн захирал С.Цэвэлмаа, С.Мягмардаш нарын дансанд шилжүүлсэн аж. Тэд “Dreamcar” гэх хаягийн дор Япон болон бусад орноос автомашин худалдан авч импортоор оруулж ирэх гэрээг хохирогчидтой байгуулан урьдчилгаа 30-100 хувийн төлбөрийг авдаг байсан нь баримтаар ногтлогджээ.

С.Цэвэлмаа, С.Мягмардаш нар тухайн иргэдэд “Автомашин нь ирж байгаа. Хил, гааль дээр гацчихлаа” гэх шалтгаан хэлж, хагас жил болжээ. Иргэд удаан хүлээсний эцэст хуулийн байгууллагад 2016 оны тавдугаар сард хандсан байна. Ингээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж, хохирогчдыг тогтоон улмаар энэ оны зургаадугаар сарын 15-ны өдөр С.Цэвэлмаа, С.Мягмардаш нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэвч сэжигтэн этгээдүүд шалгагдаж байх хугацаандаа 60 иргэнийг дахин залилсан гэнэ. Ийнхүү хэрэг үүсчихсэн байхад компанийх нь үйл ажиллагааг зогсоогоогүй байсан гэж хохирогч нар мэдээлэл хийх үеэрээ онцлов.

Хохирогч А.Алтангэрэл "Миний хувьд анх "Алтан харилцаа" компанийн цахим хуудсаар дамжуулж автомашин захиалсан. Цахим хуудастаа оруулж ирэх автомашиныхаа зургийг байршуулсан байдаг. Гэтэл энэ цэвэр луйвар байсан. Анх гэрээ байгуулахад 30-60 хувийн урьдчилгаа өгөөд 30-40 хоногийн дотор оруулж ирнэ гэсэн юм. Ингээд дараа нь уулзахаар худал шалтаг хэлж хойшлуулаад байсан. Намайг долоодугаар сард очиход автомашин гааль дээр ирсэн байгаа гэж хэлсэн. Гэвч энэ нь худлаа байсан. Энэ компанийн хувьд Япон болон гадаадын орнуудаас импортоор автомашин оруулж ирж зардаг компани юм билээ. 2012 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаад 2015 оноос эхлэн үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн гэнэ. Одоо бид хуулийн байгууллага хэргийг үнэн зөвөөр шийдэж, хохирсон иргэдийг хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байгаа" гэсэн юм.

Хохирсон иргэд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандсан боловч, хууль хяналтынхан үүргээ үл ухамсарлан уг үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас хохирлын хэмжээ нэмэгдэн өнөөдөр хагас тэрбум төгрөгийг даваад байгаа гэв. Тиймээс Хууль зүйн яам болон цагдаа, прокурорын байгууллагууд дээрх хэрэгт анхаарлаа хандуулж хэргийг үйлдсэн этгээдүүд хуулийн дагуу хариуцлагаа хүлээлгээсэй хэмээн хохирогчид хүсэж буйгаа дуулгаж энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж олон нийтэд мэдээлж байгаа ажээ.