Монгол Улсад орчин цагийн спортын салбар үүсч хөгжсөн гэж үздэг 1922 оноос хойш нэгэн зуун жил болоход 5 гаруй жил үлдсэн бол Олимп гэж их айлын хаяа хормойг дагаад нэгэн жарныг үджээ. Энэ бүхий л цаг үед монголын үе үеийн эрдэмтэн, мэргэд, сэхээтэн, мэргэжилтэн, багш, дасгалжуулагч, тамирчин гээд бүгд л монгол хүний хүч чадал, авъяас чадварыг дэлхийд мэдрүүлэх гэж хичээж зүтгэж ирсэн билээ. Миний хувьд монголын биеийн тамир, спортын салбарт сүүлийн гурван зуны олимп, мөн 3 өвлийн олимпийн мөчлөгийн хугацаанд спортын хамт олны дунд өөрийн өчүүхэн хувь нэмрийг оруулан ажиллаж байсны хувьд монголын биеийн тамир, спортын салбарт тулгамдаж буй зүйлсийн талаар өөрийн бодлыг эрдэмтэн багш нараас сонсож, гадны орны хөгжлөөс уншиж, судалж, байсантайгаа уялдуулан харьцуулснаа увуулан цувуулан илэрхийлэхийг хичээлээ.


1. ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ:
Өнөөдөр манай БТС-ын салбарын тогтолцоо төсвийг захиран зарцуулах тал дээрээ хуучны төвлөрсөн хэлбэрээр явж байгаа ч хариуцлагын хувьд бурууг бусдаас хайдаг, бусдад нялзаадаг хариуцлаггүйн нийгэмд байна. Үнэндээ хүүхдийнхээ авахыг хүсээгүй, хийхийг хүсээгүй зүйлийг өмнөөс нь мөнгийг нь төлж өгөх нэрээр ХҮЧЭЭР хийчихээд хариу нэхдэг аав ээж шиг л байна. Монголын Чөлөөт бөхийн холбооны хагарал, дасгалжуулагч, тамирчдын холбоондоо захирагддаггүй том толгойг илсэн, өөгшүүлсэн, холбоо-тамирчин-дасгалжуулагч гурвыг хөндийрүүлж, холбоог шигшээгийн дасгалжуулагчаасаа доош орсон, эрх мэдэлгүй болгож байгаа гол буруутан бол төр өөрөө юм. Буруу тогтолцооны гажигаас улбаатай буруу ишилсэн сүх л гэлтэй. Сүүлийн 15 жилийн хугацаанд БТС-ын төрийн байгууллагын тогтолцоонд байсан гол нэгж бол ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН АЛБА (сүүлдээ бүр хэлтэс болж өргөжсөн). Энэ алба үндсэндээ спортын холбоодын эрх мэдлийг булааж холбооны ажлыг хийх болсон гэхдээ энэ бүхэндээ хариуцлага хүлээхгүйгээр. Мөн төрийн байгууллага нь өөрөө үндэсний шигшээ багуудын дасгалжуулагч, тамирчдыг сонгон шалгаруулж ирлээ. Энэ алба улсын төсвийг хэдэн спортод хуваарьлах, бэлтгэлд гарах, гадаад явах, нислэгийн тийзний тушаал гаргахаас өөр зүйлийг хийж байхыг үнэндээ харсангүй. Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээтэйгээ уялдаж дасгалжуулагч, тамирчдаа хөгжүүлэх талаар хийсэн үр дүнтэй, бүтэлтэй ажил хийснийг нь бас мэдсэнгүй. Уул нь энэ алба Монгол Улсын Биеийн тамир,спортын тухай хуулинд заасан шигшээ багийн тогтолцоонд багтсан өсвөр үе, оюутан, залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийн бүхий л асуудалд, уялдаа холбоонд сэтгэлээ чилээж, анхаарч ажиллах, ганц гадаадын тэмцээн бус дотоодын тэмцээн, наадмын чанрыг ахиулах, дотоод өрсөлдөөнийг бий болгох, тамирчид, дасгалжуулагчдыг хэлтэй устай, мэдлэг мэдээлэлтэй байлгах, хөгжүүлэх, сургалт-дасгалжуулалтын төлөвлөлт тохирч байгаа эсэхэд хяналт тавих, мэргэжлийн зөвлөгөө, сургалт зохион байгуулах, нийгмийн хамгааллыг хангах гээд олон зүйлд анхаарч ажиллах ёстой ч гол ажлаа олж хийж чадахгүй өдийг хүрлээ.
Харин ард нь спортын холбоо хариуцлагаас сэмхэн мултарч бүхнийг төррүү чихэнгээ төрийн байгууллагын түшмэдээс ахиухан төсөв салгахын тулд тэднээс дээгүүр сэтэртэн, эрхтэн дархтанаар холбооны ерөнхийлөгчөө болгож аваад суудаг болсныг яагаад УИХ-ын гишүүнээр ерөнхийлөгч хийлгэдэг учрыг ойлгосон бизээ. Цаашид энэ эмгэгээс салахын тулд төр спортын холбоодод зохих эрх мэдлийг (төсвийн эрх мэдэл) өгч, буцаад хариуцлага тооцож чаддаг болох, төрийн дэмжлэг болох спортын эрдэм шинжилгээ, спортын анагаах ухааны чанартай үйлчилгээг тамирчин, дасгалжууагчдад олгоход анхаарлаа хандуулж үйлчилгээний чанар, тоо төрлийг нэмэгдүүлэх болох өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд анхаарах хэрэгтэй байна. Мөн тамирчдын дотоодын өрсөлдөөнийг сайжруулах тэмцээн наадмын тогтолцоог бүрдүүлэх, тамирчдын залгамж халааг нээн илрүүлэхэд шаардлагатай бодлогын болон төсөв санхүүгийн дэмжлэгийг спортын холбоодод үзүүлж ажиллах хэрэгтэй байна.
Миний мэдэхэд гадны бусад оронд Үндэсний шигшээ багийн алба гэхээс илүү өндөр зэрэглэлийн тамирчдын асуудал хариуцсан эсвэл спортын залгамж халаа бэлтгэх зэрэг асуудал хариуцсан нэгжийг ажлуулж бидний хийх ёстой ч хийж чадахгүй байгаа бүхнийг хийдэг. Тиймдээ ч тэдний амжилт буурахгүй, тасрахгүй байдаг. Мөн спортын холбоодод ажил хийх боломж, нөхцлийг нь бүрдүүлж өгөөд эргээд хариуцлагаа тооцож чаддаг тогтолцоог нэвтрүүлсэн байдаг. Тэрнээс биш холбооны өмнөөс шигшээ багийг сонгож, холбооны өмнөөс билетийн захиалга хийснийгээ их ажил хийсэн гэж хөөрцөглөдөггүй. Энэ билет захиалгын цаана их учир байгаа бололтой.

 

Х.Бакытжан