Яг одоо УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Хуралдааны эхэнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.

Монголбанкны Дэд ерөнхийлөгч Энхбаярын Батшугар өөрийн хүсэлтээр 2016.07.25-ны өдрөөс ажлаа өгч байгаа. Тиймээс түүний оронд томилогдох хүнийг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Э.Батшугарыг чөлөөлөх асуудлаар санал хураахад УИХ-ын гишүүдийн 81.2 хувь нь дэмжиж түүнийг чөлөөлөв. Улмаар Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр Бядрангийн Лхагвасүрэнг томилох эсэхэд санал хураахад УИХ-ын гишүүдийн 83.7 хувь нь дэмжив.

Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985-1989 онд МУИС-ийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, 1998-1999 онд АНУ-ын Колумбийн их сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастерын зэрэг хамгаалжээ. Тэрээр 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисс, Шинжлэх ухааны академийн харъяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1998, 2000-2013 онуудад Монголбанкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, Хяналт Шалгалтын газрын захирап, Монголбанкны Ерөнхийлөгчийн туслах, Бүрггэл Тооцоо, Мэдээллийн Технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх, 2013 оноос Хадгаламжийн Даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ. 2001-2004 онд Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр ажилласан бөгөөд 2014 оноос Банкны холбооны Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.