2015 оны 10 дугаар сард “Сандэй плаза” шатсан хэрэг гарсан билээ. Тодруулбал, “Сандэй плаза” ХХК-ны галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас Сандэй худалдааны төвийн В1 корпусын лангуу түрээслэгчид болох 112 хохирогчийн эд зүйлс шатаж 1.5 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Энхбаяр, Э.Ганбилэг, Д.Ганбат нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сард хүлээн авсан байна.

Эрүүгийн хуулийн 189-р зүйл Галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчиж гэж заасан байдаг. 189.2.”Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг, онц их хэмжээний хохирол учирсан бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байдаг. Өөрөөр хэблэл шүүхээс “Сандэй плаза” ХХК-ны ажилтан Б.Энхбаяр, Э.Ганбилэг, Д.Ганбат нарыг буруутай гэж үзвэл 3-5 жилийн ял оноох юм.
Уг хэрэгт нэр бүхий 112 иргэн хохирогчоор тогтоогдсон бөгөөд шүүх хуралдаан хоёр дахь удаагаа хойшлоод байна. Шүүх хурал 2016.10.10-ны өдөр болно. Шүүх хурлаар уг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа