-“Шинэ төмөр зам” гэж өнгөрсөн дөрвөн жил улстөрчид ширүүхэн маргалдаад сүүлдээ ч сэрүүн зүүд гэдэг шиг л хоосон хоцорцгоосон. Одоо болохоор ганц байгаа төмөр замаа улстөр, бизнесийн бүлэглэлүүд нь булаалдаад эцэстээ хүч тэнцээд ирмэгцээ эрх мэдлээ Орос ах нарт өгөхдөө тулж байна гэмээр дүр зураг харагдана-

Монгол, Оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргыг солих, дараагийн хүнийг “тодруулах” гэсэн улстөрчдийн өрсөлдөөн өндрөө авчээ. Өрсөлдөөний өрнөл энэ удаад салбарын ажилчдыг хөдөлгөлөө. Ажилчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд нь УБТЗ нийгэмлэгийн даргын албан тушаалд санаархаж байгаа гэх Д.Загджавыг эсэргүүцэж буйгаа Ерөнхий сайдад мэдэгдэв. Улаанбаатар төмөр замын ажилчдын төлөөлөл мэдэгдэлдээ “Д.Загджаваар дарга тавьснаас Орос инженерээр удирдуулсан нь дээр гэх утгатай” шахалтыг багтаажээ.
УИХ-ын ээлжит сонгууль бүрийн дараа УБТЗ-ын даргыг улстөрчдийн нөлөөгөөр томилдог нь уламжлал болоод байгаа төдийгүй тэдний өрсөлдөөн учир зүйгээ олохоо болитлоо ширүүсэхийн хэрд аль нэг тал нь “Орос дарга тавина шүү” гэж айлгах арга нь мөн л уламжлал болоод буй юм. Энэ шахалт эрх зүйн үндэслэл, гаргалгаатай учраас үр дүнд хүрдэг байж магадгүй.



Учир нь хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ, холбогдох журамд зааснаар бол УБТЗ нийгэмлэгийн даргад гурав, гурван жилийн хугацаагаар хоёр тал хүнээ ээлжлэн томилох ёстой гэх. Үнэндээ энэ журам хэрэгжихээ болиод хориод жил өнгөрч байгаа ч УБТЗ-ын даргын суудалд өрсөлдөгч талууд дээрх журмыг шаардлагатай үед сөхөн гаргаж, тоглоомдоо ашигладаг хөзрийн тамга болгожээ.
Улаанбаатар төмөр замын даргад санаархаж байгаа гэх Д.Загджав энэ өдрүүдэд хойд хөршийг зорьж, Москва хотноо хуралдах УБТЗ нийгэмлэгийн Ерөнхий хуралд оролцохоор явсан гэж түүнийг эсэргүүцэгч үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид хардаж буй юм. Энэ хардлагыг улам дэвэргэх бас нэг баримт бий нь Д.Загджав өмнө нь буюу 2012 онд Улаанбаатар төмөр замын дарга болохоор зүтгэж байсан явдал.
УБТЗ нийгэм­лэгийн дарга болохын тулд Д.Загджав “Намын дарга, Ерөнхий сайд С.Батболдыг шахаж байж бичиг хийлгэж авсан” гэх мэдээлэл ч тухайн үед хэвлэлээр гарч байв. Түүний санаархлыг таслан зогсоох нэг арга нь яг өнөөдрийнхтэй ижил буюу “орос дарга тавина шүү” гэх сануулга байсныг энд онцолмоор. Тэгэхдээ энэ сануулгыг Оросын талаас өгч байсан гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа үлджээ. Тодруулбал, ОХУ-ын “РЖД” ний¬гэмлэгийн Гадаад харилцааны албанаас тухайн үеийн ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржид албан бичгээр “Уучлаарай, Монголын талаас УБТЗ-ын даргыг өөрчлөх асуудлыг бид зөвшөөрөхгүй. Хэрэв УБТЗ-ын даргыг томилох зайлшгүй шаардлагатай байгаа гэж үзвэл дүрмийн дагуу энэ удаад Оросын талаас томилох ёстой” хэмээн сануулсан гэж мэдээдэд цацагдаж байв. Тэр бүү хэл, “Д.Загджавыг УБТЗ-ын даргаар томилуулах гэсэн хичээл зүтгэл Оросын талд сэжиг төрүүлэн буруугаар эргэж харин ч бүр төмөр замыг орос даргатай болгох хөшүүрэг болчихож мэдэхээр байна” гэсэн дүгнэлтэд хүрч байлаа.
Хачирхалтай нь, өнөөдөр дахиад л Д.Загджав төмөр замын салбар руу санаархаж, дахиад л түүнийг Оросуудаар айлгах “ажиллагаа” дөрвөн жилийн давтамжтайгаар өрнөж байна. Түүнийг төмөр замын мэргэжил, мэдлэггүй гэж салбарын ажилтнууд шүүмжилж байгаа нь уг нь үнэний ортой. Тэгэхдээ төмөр замын салбарт А ч үгүй дарга улс төрийн нөлөөгөөр томилогдож л байсан. Сайн муу ажилласныг нь харин бүү мэд. Юутай ч төмөр замчнаас улстөрч болсон Р.Раашаас хойш уг салбарыг улстөрчдийн уяагаар хөдөлгөж байгаа нь үнэн. Ажлыг нь сайжруулж байгаа, аль эсвэл самарч байгаа алин болохыг иргэд дүгнэх үү, дарга нар өөрсдөө дүгнэх үү?
“Шинэ төмөр зам” гэж өнгөрсөн дөрвөн жил улстөрчид ширүүхэн маргалдаад сүүлдээ ч сэрүүн зүүд гэдэг шиг л хоосон хоцорцгоосон. Одоо болохоор ганц байгаа төмөр замаа улстөр, бизнесийн бүлэглэлүүд нь булаалдаад эцэстээ хүч тэнцээд ирмэгцээ эрх мэдлээ Орос ах нарт өгөхдөө тулж байна гэмээр дүр зураг харагдана. Эд хөрөнгөтэй, эрх мэдэлтэй болохоороо эв нэгдлээ гээдэг энэ улстөрчдийг дээ. Эдийн засгийн агуулгаараа ч, өнөө айхавтар геополитикийн ухагдахуунаараа ч онц чухал обьект болсон төмөр замаа булаалдсан бүлэглэлүүд хайнаа хэнээр хагалуулж, хэрхэн шийдвэрлэх юм бол доо?