ЗХУ-ын үед Свердловск аж үйлдвэрийн хаалттай том хот байлаа. 1990-ээд оноос энэ хот дээрэмчин дарамтлагчдаараа алдаршив. Энэ бол хаалттай хот Свердловск эртний Екатеринбург нэрээ сэргээн хэрэглэж, Уралын хөгжлийн нээлттэй төв болохын өмнөх завсрын үеийн бараан дүр зураг юм. Энэ хотын зохиолч Алексей Ивановын дээрх сэдвээр бичсэн цувралыг duuren.mn уншигчдадаа хүргэж байна.


2

Константин Цыгановыг зугатсаны дараа гэмт хэргийн “Уралмаш” бүлэглэлийг тус бүлэглэлийн санхүүч Александр Хабаров толгойлов. Тэгэхэд тэрээр 37 настай байжээ. Жирийн дайчдынх нь хувь тавилан нь сургууль – цэрэг – спортын танхим – тулаан гэсэн нэгэн хэвийн дүр зурагтай байдаг. Харин Хабаров багшийн дээд сургууль төгссөн, 23 насандаа олимпийн нөөц бэлтгэх сургуулийн захирлаар томилогдсон нэгэн байв. Тэндээ таван жил ажиллаад тус бүлэглэлд шилжин ирсэн. Хабаров төрөлхийн сурган хүмүүжүүлэгч, удирдагч, улстөрч байлаа.

“Уралмаш”-ийн хүч хэрэглэсэн үйл ажиллагааг урьдын адилаар Сергей Курдюмов удирдана. “Уралмаш” гэмт хэргийн бүлэглэлийн дайчид хайр найргүй тулаанаар хамаг дайснаа толгой дараалан бут цохисон, одоо үлдэгдлүүдээс нь хотыг цэвэрлэх л үлдээд байлаа.

“Төв”-ийн толгойлогч нь тус бүлгийн “мөнгө баригч”  Александр Вараксин боллоо. Тэрээр видеосалон мэтхэнээр эхлээд тун сүрхий дээшилж кино концертын “Космос” театрын хэсгийг нь өөрийнх болгожээ. Вараксин зодоонд дургүй бөгөөд их урлагийг таашааж, 1991 онд “Космос”-т өдгөө эртнийх гэгдэх болсон “Эльдорадо” диског анх бий болгож, дараа нь “Глобус модель” гэдэг товчоо байгуулжээ. 1997 онд “Глобус”-ын залуухан загвар өмсөгч Люда Попова “Оросын сайхан бүсгүй” болж Сейшельд болсон “Дэлхийн сайхан бүсгүй” тэмцээнд оролцож байлаа. Ийм замналтай Вараксин автомат буу, гранатомётаас их хол байлаа.

уралмаш“Уралмаш” анхны удаа түүнийг 1995 оны нэгдүгээр сарын 31-нд хороох гэж оролдов.  Вараксины жийп зогсоолд байгаа “лада-зургаа”-гийн дэргэдүүр өнгөрч явтал гексоген хэмээх тэсрэх бодис чихсэн жигулийг радио удирдлагаар дэлбэлэв. Тэсрэлтийн долгион жиип нэвт цохисон ч тэр өдөр Вараксин өөрийнхөө Hyundai-д суугаагүй юмсанж. Хоёр хамгаалагч нь нас барлаа.

Уралмашийнхан мөн оны долдугаар сарын 27-нд Вараксинд хоёр дахь удаагаа халдав. Вараксин өдөр болгон шахуу дэргэдүүр нь машинтай өнгөрдөг шугам сүлжээний хоолойн таганд тэсрэх бөмбөг бэхэлснийг аз болоход хамгаалалтынхан соргогоор анзаарчээ.

1995 онд “цэнхэр”-үүдийн ээлж боллоо. “Уралмаш” эрүүгийнхний удирдагчдыг устгаж, заримыг нь сэтгэлзүйн хувьд мохоов. Гуравдугаар сарын 10-нд нүүрээ халхалсан, автомат буутай хүмүүс Бурма хочтой, нөлөө бүхий эрүүгийн хэрэгтэн Хакимжан Имьяшиновын орцны гадаа харуулдаж байгаад буудав.

Зун нь Морпех, Загор, Таксичин хочтой гурван дайчин Хасан өвөөгийн гарын хулгайч Тимур Свердловскийн хаалган дор тэсрэх бөмбөг байрлуулахыг оролдлоо. Бөмбөг өөрсдийнх нь гарт дэлбэрч Морпех үхэж, Загор гэдсээ цувуулсаар ЗБГХ-тэй тэмцэх хэлтсийнхэнд баригдаж, Таксичин зугатаав. Тимур амиа алдахаас айн Сочид амьдрахаар явлаа.

Удалгүй хулгайч Андрей Трифоновын орцонд бөмбөг дэлбэрч, бүр  шатыг нь салж унатал дэлбэрлээ. “Уралмаш” үүнээс хойш Трофатай ямар ч асуудалгүй болсон бөгөөд хэдэн жилийн дараа Трофа бүр тэдний талын хүн болно.

Энэ бүхэн гайхалтай байлаа. “Уралмаш” өөрийн зам дахь саад бүхнийг аврага том мөс зүсэгч онгоц мэт чимээ шуугиантайгаар бутлаж хаяв. Гэвч “Уралмаш”  юу ч хийж  болно гэсэн аймшигтай бодлыг хотод өгч орхижээ. Юуг ч хийж болох үед Бурхан байхгүй болно.

Хотод тавь орчим дээрэмчид буудаж, хутгалж, зодож нүдэж, гранат чулуудаж эхэллээ. Тэд гэмт хэргийн “Уралмаш” бүлэглэлээс дутахгүй харгис хэрцгий аж. Тэдний хүчирхийлэл хэвлэлээр нэг шуугилдан байсан гэмт хэрэгтнүүдийн үхлээс хальж, зовлон зүдгүүр нь хэнд ч сонин биш жирийн иргэд рүү чиглэлээ.

Насанд хүрээгүй багачуудын гэмт хэрэг өслөө. Нусгай болгон өөрийгөө шийдсэн хулгайч мэтээр төсөөлж, бүлэглэлд элсэн автомат эзэмшиж чадахаа нотолж эхлэв.  Тулааны урлагийн сургуулиуд хамгийн их эрэлттэй болж, зөвхөн ВИЗ-ийн “Нар луу явагсад” нэртэй клуб гэхэд л бүтэн хагас мянган багачуул бие биенээ кекүшинкэй каратэгийн цохилтоор балбаж байлаа. Ийм клуб дурын бичил дүүрэгт байдаг байв.

Хар тамхи. ДОХ. Хуурамч архи. Пирамид. Нууц бүлгүүд. Автомат тоглоомууд. Сүлжээний маркетинг. Гудамжны замбараагүйтэл. Ажилгүйдэл. Мөнгөгүйдэл. Худалдагдсан депутатууд. Худалдагдсан албан тушаалтнууд. Худалдагдсан цагдаа. Худалдагдсан шүүх. Цонхон дахь төмөр тор. Айлын орц хаалган дахь төмөр хаалга. Ёбург хууль цааз гээчийг мэдэхээ болив. Ялагдашгүй “Уралмаш” энд амьдралын хэв маягийг доторхойлж байлаа.

1995 оны сүүл рүү “Уралмаш”-ийн дээгүүр үүл нүүгэлтэж эхлэв. Арванхоёрдугаар сард дээрмийн “тусгай салаа”-ны ахлагч Сергей Курдюмовыг баривчиллаа.  Онцгойлбол зохих  араатан гэдэг нь тодорхой учраас түүнийг Доод Тагильд авчиртлаа олон шорон дамжуулжээ. Тэгтэл шүүгч Татьяна Тюрина гэнэтхэн л хоригдол эр түрүү булчирхайн хавдраар шаналж байна хэмээн сандчиж 1996 оны дөрөвдүгээр сард азгүй эрийг тэр үедээ инээд хүргэмээр бага мөнгө болох 70 сая рублийн барьцаан дор суллаж орхив. Шүүгч бүсгүй дараа нь цүнх дүүрэн мөнгөтэй явахыг хэн нэгэн дараа нь харсан гэдэг. Курдюмов шоронгоос гараад үүрд алга болов. Ямар ч хавдар байсангүй. Курдюмовыг улс орноос гараад явчихсан, пластик хагалгаа хийлгэсэн болохоор хэн ч олж чадахгүй гэцгээдэг.

1996 оны зун “Уралмаш”-ийн өмгөөлөгчид Ёбургад үлдээд байсан бүлгийн бүх толгойлогчдод үүсгэсэн эрүүгийн хэргийг зогсоолгож чадлаа. Мөн оны есдүгээр сард шүүх Константин Цыгановт  үүрүүлсэн бүх ялаа хэрэгсэхгүй болгож, эрэн сурвалжлахыг зогсоосон ч Цыганов Орост эргэн ирсэнгүй. Тэр 2011 он хүргэж байж л эргэж ирнэ.

“Уралмаш” аравдугаар сард “афганчууд”-ын удирдагч Виктор Касинцевтэй мэргэжлийн өндөр түвшинд тооцоо бодлоо. Эхлээд түүний нэр хүндийг шороотой хольж, дараа нь буудан алав. “Уралмаш” ийнхүү Афганистаны дайчдын холбоо хэмээх хүчирхэг байгууллагыг тоглоомноос гаргалаа.

Гэвч арваннэгдүгээр сард “Уралмаш” үхлийн цохилт амслаа. Константин Цыганов, Александр Хабаров нарын дараагийн, гуравдахь хүн болох Сергей Терентьевийг Внуково нисэх онгоцны буудал дээр ЗБГХ-тэй тэмцэх албаныхан баривчиллаа.


Терентьевийг Цыганов, Курдюмов нарын нэгэн адилаар шүүх хурал болтол суллахгүй. Мөрдөн шалгах ажиллагаа таван жил үргэлжилнэ. Сергей Тементьевтэй цуг гэмт хэргийн “Уралмаш” бүлэглэлийн 17 хүн шүүгдэгчийн сандалд сууна. Тэднийг нэгэнт илрүүлэн нотолсон 87 гэмт үйлдлээр яллана. Тэдгээрийн 27 нь аллага байна. 2001 онд бүгдэд нь 5-15 жилийн ял онооно. Гэвч бүлэглэлийн өмгөөлөгчид газар нүхэлж, тэнгэр цоолтлоо хөөцөлдөнө. 2002 оны зун Сергей Терентьевийн хэрэг гэнэт сарниж, Терентьев  чөлөөтэй болно.


Гол хүчнээ алдсан бүлэглэл аргаа өөрчлөв. Цаг үеэ өөрчлөх  хэрэгтэйг Александр Хабаров ойлгожээ. “Уралмаш” цуст дайнаар бүх өрсөлдөгчөө бут цохисон. Ёбургад учраа олохгүй жижигхэн бүлэглэлүүд энд тэнд гүйж буудаж байгаа ч, уралмашийнхан өөрсдөө ч гэсэн нуруун дахь буугаа авч өлгөөгүй байгаа ч гэсэн бүлэглэл илүү өндөр түвшний бизнес рүү тэмүүлж эхэллээ. Энд том том боссууд бие биентэйгээ хайр найргүй уралцах болно. Гэхдээ тэд албан тасалгааны хаалганы цаана, чимээ шуугиангүйхэн үзэлцэнэ.