Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багт айлын хашааны хажууд байх газарт өндөр хүчдэлийн шон унаж, гэрийнхээ гадна тэргэндээ нойрсч байсан нярайг дарах шахжээ. Энэхүү шон уржигдар өглөө 09.00 цагийн орчимд унасан бөгөөд дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн албан хаагч шуурхай очиж, цахилгааныг салган, аюулгүй болгожээ.

Ойр хавийнх нь оршин суугчдын хэлж байгаагаар тус өндөр хүчдэлийн шонг ачааны машин мөргөөд, зугтсан аж. Төд удалгүй шон утсаа даалгүй суурь хэсгээрээ хугарч, хажуухан дахь айлын хашааг дэрлэн гэр, амбаар хоёрынх нь завсар унажээ. Осол гарах үед тус хашаан доторх гэрт дөрвөн ч хүн байснаас гадна гэрийн баруун хаяанд тэрэгтэй нялх хүүхэд унтаж байсан хэдий ч азаар хүн бэртэж, гэмтээгүй байна. Тус хашаанд оршин суугч С өөрийн фейсбүүк хуудастаа “Тэргэнд унтах нялх дүүг шүргээд, гэрийн үүдэн дэх хоёр настай охиноос минь хагас метрийн зайд, гэрээс нэг метр, үүдний пингээс 40 см, машинаас төө хэрийн зайд өндөр хүчдэлийн шугам уналаа. Бурхан минь. Ёстой л нэг тэнгэр тэтгэж, аавынхаа бурханд, Алтан овоо, аав ээждээ сүслэн залбирч явсны ач юм даа. Бусдаар хэлэх үг алга” хэмээн сэтгэгдлээ үлдээжээ. Түүний уг постыг зурагтай нь үзсэн хүмүүс “Машин зам, явган хүний замаа ялгадаггүй жолооч, шүргэх төдийд хугардаг бетон шон, мөн ч таарч дээ. Их хэмжээний цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурсны улмаас өндөр хүчдэлийн шон унасан тухай бид сонс ч байсан. Тухайлбал 2011 онд төвийн нутагт дэгдсэн цасан шуурганы улмаас Дархан-Уул аймаг болон Дарханаас Эрдэнэт хооронд дахь 10 гаруй өндөр хүчдэлийн шон унаж, гэрэл цахилгаангүй болж байсан. 2012 онд Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн Цагаан чулуут, Шал хэмээх газар шороон шуурганы улмаас 35 квт-ын 20-иод төмөр бетонон багана унасан. Түүнээс биш машин шүргэх төдийд хугараад унасан гэж дуулаагүй юм байна”, “Манайд дүрэм журам, норм стандарт гэдэг үгс ул болж дээ. Айлуудтай зэрэгцүүлээд өндөр хүчдэлийн шон босгодоггүй шиг санагдах юм”, “Үүгээр бетон шонгуудын чанарыг давхар шалгачихаж байгаа юм биш үү”, гэх зэргээр сэтгэгдлүүдээ үлдээсэн байлаа.

Тус өндөр хүчдэлийн бетон шонг өнгөрсөн жил суурилуулж, 220 вольтийн эрчим хүч татжээ. Харин шонгийн эргэн тойрон дахь айлууд сүүлийн 20 гаруй жил тэндээ амьдарч байгаа аж. Шонг мөргөж унагачихаад зугтаасан жолоочийг аймгийн цагдаагийн албан хаагчид эрэн сурвалжилж байгаа гэнэ. Хугархай шонг солих ажлыг өчигдөр бүрэн дуусгаж, эрчим хүчинд холбожээ.

М.УУГАН

 http://dnn.mn