УИХ-ын ээлжит сонгуулийн 2-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын нээлт Ховд аймгийн төв талбайд боллоо.

Төв талбайдаа дүүрэн цуглаж, ардчиллын багийн халуун дотноор угтсан Ховд нутгийнхан Монголын ардчилал бадрах уу, бүдгэрэх үү гэсэн түүхэн цаг үеийн сонгуульд оролцож, энэ түүхийн амьд гэрч болох хариуцлагатай сонголт тулж ирснийг онцолж байлаа.

УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт АН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Одонгийн Цогтгэрэл олон ястны өлгийн Ховд нутгийн зог олон хандан “Ардчилалд хайртай, Эрх чөлөөг эрхэмлэгч Монголчууддаа, олон ястны өлгий Ховдынхондоо Тусгаар тогтносон ардчилсан Монгол Улсын 9 дэх удаагийн Парламентын сонгуулийн мэнд хүргэе!

Ардчилсан сонгууль бол иргэн нь төрөө байгуулж, төр барилцах эрхээ хэрэгжүүлдэг онцгой хариуцлагатай үе.  Ардчилсан засаглал бол ИРГЭДИЙН ТӨР. Алдагдсан 8 жилийн алдааг засах  ИРГЭН НЬ БАЯН МОНГОЛ үзэл санаанд тэмүүлж ажиллахаар та бүхэнтэйгээ уулзаж байна. Баруун бүс бол эрх чөлөөг иргэдээ авчрахын төлөө  цуцашгүй тэмцэгч   эх орончдын өлгий билээ” хэмээн онцоллоо.

Төр, нийгэм, бизнес эдийн засаг, санхүү, хууль, шинжлэх ухаан гээд салбар салбарын шилдэг төлөөлөл болсон 10 нэр дэвшигчээ Ардчилсан нам илгээсэн Баруун бүсийнхний итгэлийг даах хүчирхэг баг болохыг талархан дэмжиж байна.

“ДАРГА НАРЫН ЗАРЦУУЛДАГ МӨНГӨ ГУРВАН ДАХИН НЭМЭГДСЭН НАЙМАН ЖИЛ”

Өнгөрсөн 8 жилд юу өөрчлөгдсөн бэ? Өнгөрсөн 8 жил буюу 2920 хоногт улсын төсвийн зарлага 9 их наядаас 27 их наяд төгрөг болсон. Энэ нь дарга нарын зарцуулдаг мөнгө 3 дахин нэмэгдсэн дүн юм. Дарга нарын зарцуулдаг мөнгө 2920 хоногт 3 дахин нэмэгдсэн юм бол иргэд таны зарцуулдаг мөнгө 3 дахин нэмэгдсэн үү? Иргэн таны өрхийн амьдрал 3 дахин сайжирсан уу? Иргэн таны орлого 3 дахин нэмэгдсэн үү гэдгийг та өөрөөсөө асуух цаг нь ирснийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл иргэд, сонгогчдод хандан хэлсэн байна.  

  “ИРГЭН НЬ БАЯН МОНГОЛЫН ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ”

Өрх гэрүүд өрнөөс өрний хооронд амь зууж, идэр залуус нь ажиллангаа ядуурч, эсрэгээрээ дарга нар нь гурав дахин баяжсан эл байдлыг таслан зогсоох “ИРГЭН НЬ БАЯН МОНГОЛ”-ыг бүтээх бодлогоо сонгогч олонд таниулах ажил ийнхүү Ховд аймгаас эхэллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хувьд  өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сонгогдсон тойрогтоо иргэн нь орлогоор, эрүүл мэндээр, боловсролоор баян байхын үнэ цэнийг харуулсан “Шинэ хөдөө-Увс”, “Увсын бизнес кластер”, “Монгол хүн бүр эрүүл байг”, “Боловсролд ГЭРЭЛ НЭМЬЕ” төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.