Сүхбаатар дүүргийн VI хороо буюу Бага тойруугийн 26 дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулах шийдвэрийг нийслэлээс гаргаж, 2025 оны наймдугаар сарын 4-нд “Азийн идэр цамхаг” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулжээ. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн тус байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Харин уржигдар тус байрны айлуудаас тохиролцоонд хүрч чадаагүй нэг айлыг үлдээгээд, хоёр хажуу талаас нь нураасан зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. Тэгвэл тохиролцоонд хүрч чадаагүй 26 дугаар байрны оршин суугч Г.Хүрэлсүхтэй ярилцлаа.


-Болсон үйл явдлын талаар тодруулбал. Танайхаас бусад айл тохиролцоонд хүрчихсэн үү?

-Тийм. Би 2025 оны есдүгээр сард манай байртай холбоотой дахин төлөвлөлтийн асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Ингээд хэрэг үүсгээд, шалгагдаад явж байх хооронд Улаанбаатар орон сууцжуулалтын удирдлага, албан тушаалтнууд, Хот байгуулалт, хотын стандартын газарт “26 дугаар байрыг нурааж өгөөч” гэх албан бичиг хэд хэдэн удаа өгсөн юм билээ. Тэгээд ямар нэгэн ойлгомжгүй шалтгаанаар нураах зөвшөөрөл нь гарчихсан. Ерөнхийдөө захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хэрэг үүсээд явж байхад манай байрыг нураачихсан гэсэн үг. Одоо 26 дугаар байранд ганцхан манайх л үлдсэн. Бусад айлын хэсгийг аль хэдийнэ нураачихсан.

Манайх байрнаасаа нүүгээгүй байгаа. Хүүхдүүдийнхээ өвлийн хувцас, хөргөгч, плетка аваад гарсан. Бусад эд хогшлоо аваагүй. Ус, цахилгаан таслаад, барилгын 80-90 орчим хувийг нураачихсан учраас угаасаа хүн амьдрах боломжгүй шүү дээ.

-Та яагаад барилгын компанитайгаа тохиролцоонд хүрч чадаагүй юм бэ?

-Тохиролцъё гэхээр зөвхөн мөнгө яриад байгаа юм. Хүний эрхийг зөрчиж, янз бүрийн гэмт хэргийн шинжтэй халдлага хийчхээд, үүндээ хариуцлага хүлээгээгүй. Хуульгүй улсад амьдарч байгаа юм шиг бүх зүйлийг хүчээр шийдэх гэдэг. Надад янз бүрийн зүйл амлаж байгаа. Жишээлбэл, байрных нь түрээсийг төлье, шинэ байр худалдаж авч өгье ч гэсэн. Анх манай байрныхан энэ компанийг дахин төлөвлөлтийн тендерийг хууль зөрчиж авсан гэх үндэслэлээр шүүхэд өгч байсан юм. Дахин төлөвлөлт хийж буй үйл явц нь дэс дарааллын алдаатай байсан. Хоёрдугаарт, Улаанбаатар, Бага тойруугийн хэмжээнд долоон давхраас илүү барилга, орон сууц барихыг хориглосон тогтоол, захирамжуудыг яагаад дагахгүй байна вэ гэх шаардлагыг ч тавьсан. Түүнээс биш янз бүрийн байдлаар шантааж хийж, их хэмжээний мөнгө нэхсэн зүйл байхгүй. Жишээ нь, манай байр 53 өмчлөгчтэй. Үүнээс 39 нь айл өрх, үлдсэн нь нэг давхрын аж ахуйн нэгжүүд байсан. Гэтэл шинээр барих байр нь 16 давхар шилэн фасадтай. Энэ шилэн фасадан дотор хүүхэд, эмэгтэйчүүд, настай хүмүүс амьдарч чадах уу. 260 айлын багтаамжтай байр гэсэн зураг үзүүлж байсан. Гэтэл Улаанбаатар хотын хэмжээнд халаалт, дулаан, цахилгааны асуудал ямар хурцаар тавигдаж байгаа билээ. Ийм байхад 50 айлын байрыг нураагаад, 260 айлын байр баривал энэ чинь нийслэлээс зохион байгуулж, зөвшөөрч буй ажил мөн үү гэх асуулт гарч ирж байна шүү дээ.

-Та сая гэмт хэргийн шинжтэй халдлага хийсэн гэлээ. Хутгатай хүн оруулж танайхыг дарамтлуулдаг байсан гэсэн. Энэ үнэн үү?

-Үнэн. Миний санаж байгаагаар гурваас таван удаагийн иймэрхүү тохиолдол гарсан. Хутга барьчихсан, согтуу болж жүжиглэсэн хүн өглөө эрт үүдэнд зогсож байдаг байсан. Хурц үзүүртэй буюу сүх, хутга барьсан хүнийг зэвсэглэсэн гэж нэрлэнэ биз дээ. Иймэрхүү зүйлээр зэвсэглэсэн хүмүүс орцны хаалгыг лоомбоор эвдээд, гэрийн цахилгаан, интернэтийг тасалж байлаа. Түүнчлэн гэрийн үүдэнд хараалын агуулгатай зан үйл хийгээд явсан ул мөр нь хяналтын камерт бичигдээд үлдчихсэн. Энэ бүх тохиолдол дүрс бичлэгээр нотлогдчихсон байхад манай харьяаллын цагдаагийн газар өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй. Хүн итгэхийн аргагүй ийм зүйлийг зүгээр л нэг барилгын компани хийхгүй шүү дээ. Цаанаа ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй байгаа юм. Хажууд нь Монгол Улсын Засгийн газар, Герман улсын Элчин, НҮБ байхад санхүүгийн чадамж, байгууллагын үндсэн хөрөнгө, оффисгүй жижигхэн компани ийм зүйл яагаад ч хийж чадахгүй.

-Дээрх барилгын компани нь санхүүгийн чадамж, байгууллагын үндсэн хөрөнгө, оффисгүй жижигхэн компани юм уу?

-Тийм. Энэ барилгын компанийг эсэргүүцэж буй нэг гол шалтгаан энэ юм. Ямар ч санхүүгийн чадамжгүй компани юм билээ. Барилгын компани, Улаанбаатар орон сууцжуулалт, оршин суугчид гээд гурван талт уулзалт хийж байсан юм. Энэ үеэр бидэнд 2023, 2024 оны санхүүгийн аудитаар шалгуулсан тайлангаа үзүүлсэн. Гэтэл орлогын эх үүсвэр гэсэн чинь нэг кофе шоп л бичигдсэн байх жишээтэй. Тэгээд өөр ямар ч орлогын эх үүсвэр байгаагүй. Байгууллагын өмч хөрөнгө гэсэн чинь хоёр компьютер, нэг принтер гэж бичигдсэн байсан. Санхүүгийн ямар ч чадамжгүй барилгын компанид бид яаж өөрсдийн амь амьдрал болсон байраа хариуцуулах юм. Эргээд бидний байрыг өгнө гэдэг ч эргэлзээтэй байна. Дээр нь ийм жижиг компани тийм том төслийг яаж бүтээн байгуулах вэ.

-Та Хүний эрхийн үндэсний комисст хандаж үзсэн үү?

-Хүний эрхийн үндэсний комисст хандаж үзсэн ч миний эсрэг ажилласан. Ажилчид нь бол зөв сэтгэлтэй хүмүүс байсан. Анхандаа бидний талд ажиллаж, бичиг баримт бүрдүүлж, хууль эрх зүйн зөвлөгөө ч өгсөн. Гэтэл нэг өдөр бидний эсрэг зүйл яриад ороод ирсэн. “Ашиглалтын шаардлага хангахгүй газар амьдарч байгаа та өөрөө хүүхдүүдийнхээ эрхийг зөрчсөн. Ийм, ийм асуудлаас болоод та буруудах юм байна шүү” гэж хэлсэн.

Г.Ууганбаатар: Хүний эрхийн үндэсний комисс 26 дугаар байрны оршин суугчийн эсрэг ажилласан зүйл байхгүй

Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатараас дээрх асуудлыг тодрууллаа.


-Бага тойруугийн 26 дугаар байрны дахин төлөвлөлтийн ажил дээр хүний эрхийн зөрчил байна уу. Тус байрны нэг айлыг үлдээгээд барилын бусад хэсгийг нураачихсан байна шүү дээ?

-Хүн зохистой орон байраар хангагдах эрхтэй. Саяхан олон нийтийн сүлжээгээр явсан 26 дугаар байрны дахин төлөвлөлттэй холбоотой нураалтын зургийг харахад ашиглах боломжгүй нөхцөл байдалтай болгочихсон байсан. Нийтийн орон сууц төвлөрсөн дулаан, усан хангамж болон ариун цэврийн байгууламжтай байх ёстой. Гэтэл тухайн зураг дээрх шиг нөхцөл байдалтай үлдээсэн нь өөрөө төвлөрсөн ахуйн хангамжуудыг байхгүй болгочихсон гэсэн үг. Тэгэхээр 26 дугаар байрыг орон сууцны зориулалтаар ашиглах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Тиймээс нэгдүгээрт, хүний зохистой орон байраар хангагдах эрхийг зөрчиж байна. Хоёрдугаарт, хүний өмчлөх эрхийн асуудал бий. Тухайн байр өөрийн зорилго, чиг үүргээ бүрэн хангасан тохиолдолд өмчлөх эрх хангагддаг. Өөрөөр хэлбэл, тухайн байранд хүн ороод амьдрахад хэвийн нөхцөлтэй байх ёстой. Гэтэл тохиролцоонд хүрээгүй гэх үндэслэлээр энэ нөхцөлийг алдагдуулж байгаа нь өөрөө хүний өмч хөрөнгийг үнэгүйдүүлж буй хэрэг юм. Урьдчилсан байдлаар ийм хүний эрхийн зөрчил байж болзошгүй гэж харж байна.

-Тохиролцоонд хүрээгүй үлдсэн нэг айл буюу 26 дугаар байрны оршин суугч Г.Хүрэлсүх хүний эрхийн үндэсний комисс бидний эсрэг ажилласан гэх байр суурьтай байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Өнгөрсөн 26 дугаар байртай холбоотой гомдол санал ирсэн. Хүний эрхийн үндэсний комисс хэн нэгэн иргэний эсрэг ажиллана гэсэн зүйл байхгүй. Тухайн иргэний нөхцөл байдал дээр үнэлэлт, дүгнэлт өгөөд нийслэлийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн. Дахин төлөвлөлтөд өртөж буй орон сууцны бодит үнийг тогтоох, харилцан зөвшилцөлд хүрсний дараа албадан буулгах ажлыг хэрэгжүүлээч ээ гэх агуулгатай албан бичиг явуулсан юм. Иргэдийн зүгээс ийм асуудлыг шууд таслан зогсоогоод, өмчлөх эрхийг нь хамгаалах гэх мэт зүйлийг хүсдэг. 26 дугаар байрны оршин суугч Г.Хүрэлсүхийн гомдолтой холбоотойгоор нийслэлийн орлогч дарга Т.Даваадалай “Зах зээлийн ханш гэж тодорхой мөнгөн дүн бий. Үүнийг гурав, дөрөв нугалсан үнийн дүнг нэхэмжилсэн учраас зөвшилцөлд хүрч чадаагүй” гэх тайлбарыг бидэнд өгч байсан. Дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний эдийн засгийн зардалтай. Нэг байр, эсвэл айлд их хэмжээний нөхөн төлбөр өгвөл төсөл өөрөө дампуурах эрсдэлтэй гэх тайлбарыг ч ирүүлсэн. Хүний эрхийн үндэсний комисс энэхүү төслийг хоёр талын харилцан зөвшилцлийн үндсэн дээр хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн болохоос нийслэлийн зөв, иргэний буруу гэх дүгнэлт гаргаагүй. Хүний эрхийн үндэсний комисс 26 дугаар байрны оршин суугчийн эсрэг ажилласан зүйл байхгүй. Иргэн бүртэй зөвшилцөлд хүрэх ёстой гэх шийдлийг л санал болгосон. Бидний санал болгосон шийдлийг хэрэгжүүлээгүй учраас тухайн айлыг үлдээх шийдвэр гаргасан юм байна гэж ойлгосон.

 

А.Даваадулам

ӨДРИЙН СОНИН