“102: Замын цагдаа” баримтат цуврал алба хаагчдын бодит амьдралыг өгүүлнэ
47 минутын өмнө

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын төлөө өдөр бүр цаг наргүй ажилладаг Тээврийн цагдаагийн алба хаагчдын ажил, үүрэг, хариуцлагыг бодитоор харуулсан “102: Замын цагдаа” баримтат цуврал LookTV платформоор үзэгчдийн хүртээл болоод байна.
Баримтат цувралын хоёрдугаар бүлэгт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж буй алба хаагчдын өдөр тутмын ажил, осол хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд гаргаж буй хүчин чармайлтыг бодит үйл явдлуудаар харуулжээ.
Замын цагдаагийн алба хаагчид зөвхөн зөрчил илрүүлж, хариуцлага тооцдог бус хөдөлгөөнийг зохицуулах, ослын дуудлагад шуурхай ажиллах, эрсдэлийг бууруулах, иргэдэд тусламж үзүүлэх зэрэг олон талт үүргийг өдөр бүр гүйцэтгэдэг.
Энэхүү баримтат цуврал нь тэдний хөдөлмөр, албаны онцлогийг олон нийтэд ойлгуулахын зэрэгцээ замын хөдөлгөөнд оролцогч бүр дүрмээ мөрдөх нь ямар үнэ цэнтэй болохыг сануулж байна.






