​МИАТ ХХК-ийн Коммер эр­хэл­сэн дэд захирал асан Ч.Хоролсүрэнгийн хүү Х.Мэгддорж нь Сүхбаатар дүүр­гийн наймдугаар хороо­ны нутаг дэвсгэрт байрлах “I loft” бааранд болсон зодоонд оролцон, баарны тааз руу буудаж танхайрсан талаар бид мэдээлж байсан.

Согтуу залуус эмэгтэй хүнээс болж муудалцсан байна. Тодруулбал, “Киви” хамтлагийн дуучин Агий буюу П.Алтанцэцэг гэдэг бүсгүйгээс болсон гэдгийг ойрын эх сурвалж хэлсэн юм. Х.Мэгддорж болон Агийгийн экс найз залуу хоёр хэн хэн нь түүнтэй хамт явах гэснээс болж хоорондоо муудалцсан бололтой. Х.Мэгддоржтой зодолдсон, Агийгийн экс найз залуу Эрдэнээ гэгчийг МАХН-ын дарга Н.Энхбаярын эгчийнх нь хүүхэд хэмээн зарим сайт мэдээлсэн билээ.

Тэгвэл саяхан шүүхээс ял сонссон МИАТ-ийн экс удирдлагуудын нэг Ч.Хоролсүрэнгийн хүү Х.Мэгддорж одоогоос гурван жилийн өмнө Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, “Шангрила”-гийн  гадна БНХАУ-ын иргэдийг зодож танхайрсан хэрэгтээ шүүхээс торгуулийн ял сонсож байжээ. Тодруулбал,  2010 оны долоодугаар сарын 09-ний шөнө Ли Жин Ши, Сун Ши Юу, Чан Жун Жао нартай маргалдаж, Ли Жин Ши, Сун Ши Юу нарын нүүрэн тус газарт гараараа цохиж, хохирогч Ли Жин Шинийн баруун хөмсөг, нүд, зовхи, хацарт нь хөнгөн гэмтэл учруулж байжээ. Х.Мэгддорж нь 1991 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг “Шинэ төгөл” хотхонд амьдардаг хэмээн тухайн үед түүнд холбогдуулан нээсэн хавтаст хэрэгт тэмдэглэгдсэн байна. Тухайн үед өдүүлсэн хэргийнхээ талаар шүүхэд мэдүүлэхдээ “2010 оны долоодугаар сарын 09-ний шөнө би найз Дашням, дүү Мичиддорж нарын хамт “Шангрила Скай” лоунжид сууж байсан. Би нойлын өрөө орохоор явсан. Архи дарс уугаагүй. Бие засаж байхад хажууд 3-4 хятад хүн англиар ярьж байсан. Тэд монгол охидыг “Хамгийн хямдхан нь 50 ам.долларын үнэтэй, гичий, янхан” гэх зэргээр хэлж байсан. Би тэгэхээр нь англиар “Та нар ингэж болохгүй. Дахиад ингэвэл би хатуу арга хэмжээ авна” гэсэн. Удалгүй бид тооцоогоо хийгээд гарч, машиндаа суухаар гарч иртэл биднийг “Үхэр монголчуудын тугал монголчууд” гэж англиар хараасан. Би ойртоод очтол нэг нь миний хөл рүү өшиглөсөн. Тэгээд би доошоо суусан. Тэгсэн дээгүүр гялсхийсэн нэг юм харагдахаар нь би цохисон. Ямар ч байсан төмрөөр цохих нь гэж бодсон. Гэтэл тэр иргэн газар унасан. Нөгөө хоёр хятад иргэн над руу гүйж ирсэн. Би биеэ хамгаалах гэж цохисон. Тэр хооронд нэг хамгаалагч манай дүүг дарж унасан. Би тэгээд дүүгээ аваад явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарт учирсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд нь төлж барагдуулна” хэмээн мэдүүлж байжээ.  Шүүх Х.Мэгддоржийг бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нийт 9.391.198 төгрөгийн торгуулийн ял оноожээ.

Х.Мэгддорж энэ сарын 8-ны шөнө “I loft” бааранад өдүүлсэн хэрэгтээ одоогоор хэд хэдэн удаа мэдүүлэг өгөөд байгаа гэнэ. 

 

Б.Оюунгэрэл