"Хөх хотод ийм тийм өвчнөө эмчлүүлэх гэсэн юм. Эмнэлгүүдийн талаар танилцуулж өгөөч" гэсэн хүсэлтүүд манай байгууллагын пэйжээр байнга ирдэг юм.

Үүний хариу болгож та бүхэндээ нэг мэдээлэл хүргэе гэж бодлоо. Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн зарим өвчнүүдийг гадаадад эмчлүүлэхээр судлах үед хамгийн ойрхон, зардал багатай нь Хөххот болж таардаг. Тиймээс сүүлийн жилүүдэд Хөххотын эмнэлгүүдийг зорьсон монголчуудын урсгал тасралтгүй хөврөх болсон. Ингэхдээ эмнэлгээ сайтар судлаагүйгээс мөнгө төгрөг, эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гардаг. Харин энэ байдлыг журамлах, Өвөрмонголыг зорин ирж байгаа Монгол улсын иргэдэд эрүүл мэндийн тусламжийг нэгдсэн байдлаар хүргэх зорилгоор ӨМӨЗО-ны Засгийн газраас Өвөрмонголын олон улсын монгол эмнэлгийн хороо /内蒙古国际蒙医院/ гэдэг шинэ эмнэлгийг хоёр жилийн өмнө байгуулж ашиглалтад оруулсан билээ.

Хамгийн орчин үеийн техник технологиор тоноглогдсон, олон улсын стандартад нийцсэн энэ эмнэлэгт бүх төрлийн үзлэг, оношлогоо, эмчилгээ хийгддэг. Монгол улсын эмчлүүлэгчдэд тусгайлан зориулсан учраас үйлчилгээний ажилтнууд нь бүгд монгол-хятад хос хэлтэй. Мөн өвчтний сахиуруудад зориулсан, зочид буудлын үнээс харьцангуй хямдхан, өөрсдөө материалаа авчран хоол унд хийгээд идчих боломжтой гал тогооны хэрэгсэл бүхий тусгай байр гаргаж өгдөг зэрэг ихээхэн давуу талтай.

Өвчтнүүд нь хол зам туулж ирдэг учраас дараалал чирэгдэл үүсгэлгүй шууд хүлээн авч хэвтүүлэн эмчлэх зуураа бүх шинжилгээ оношлогоог хийдэг, Монгол Улсаас БНХАУ-ын Хөххотод суугаа Ерөнхий консулын газартай хамтран ажилладаг зэрэг нэлээд олон онцлогууд байдаг. Хөххотод ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулан тус эмнэлгийн ресепшны утсыг хавсаргав. 0471-5182059

Өвөрмонгол дахь Монгол улсын иргэдийн нийгэмлэг