Өмнөговь аймагт ажиллаж байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын гурван сая дахь иргэн Хатанболдын Монголжин охинд “Хүндэт иргэн Х.Монголжин таныг Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодруулж, алдаршуулан энэхүү батламжийг олгов. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг” гэсэн бичээс бүхий төрийн батламжийг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 11-13 тоотод оршин суугч Э.Хатанболд, Г.Аззаяа нарын 2015 оны 1 дүгээр 24-ний өдрийн 08 цаг 27 минутад мэндэлсэн охин Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодорч, бид гурван саяулаа болсон тухай мэдээг бүгд баяр хөөртэйгөөр сонсоцгоосон. Гурван сая дахь иргэний үе чацуутан болж тэр өдөр мэндэлсэн 200 гаруй хүүхдийн төлөөлөл болгон Х.Монголжин охинд батламжийг нь гардуулж байгаадаа баяртай байна гээд Монголчуудын өсч дэвжиж, олуулаа болохын бэлгэдэл болон мэндэлсэн Х.Монголжин охинд эрүүл энх өсч торинон, эрдэм номтой, сайн иргэн болж төлөвшихийг ерөөлөө. Гурван сая дахь иргэнд батламж гардуулахад УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, ҮСХ-ны дарга С.Мэндсайхан болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.