Нэрт орчуулагч Г.Амарын дурсамжаас

буриадБариахай Харгана овогтой Гүрбазарын Амар миний бие 1933 оны хоёрдугаар сарын 15-нд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Их Өвөлжөөн уулын өвөрт төрсөн бөгөөд чухмыг хэлбэл нохой жилд төрсөн нь үнэн тул 1934 оны эхээр буюу хоёрдугаар сарын 22, 23-ны орчимд төрсөн шиг байгаа юм. Гэвч монголчуудын баримталсаар ирсэн эртний заншил ёсоор эхийн хэвлийд бүрэлдэн тогтсон цагаас хойш нас тоолдог учраас 1933 онд төрснөөр бүртгэгдэн явсаар өдийг хүрлээ. Энэ нь дан ганц монголчуудын ч биш, бүхий л Дорно дахины ард түмний дагаж мөрдсөөр ирсэн маш зөв ёс болов уу гэж бодогдоно. Намайг төрөхөд манай ээж дуншаад үхдэгийн даваан дээр байх үеэр нутгийн алдартай бариач Цэвээний Бүтэв гэгч залагдан ирж ээж бид хоёрын амь аварсан юм билээ. Амар гэдэг нэрийг бас л нэртэй бөгөөд ууртай гэгддэг Даваадагва гэдэг лам өгсөн гэдэг. Нэр гуйсан манай ээж Амар нэрийг голж “Халхчууд Амарсайхан гэх мэтийн гоё нэртэй байдаг. Иш мухаргүй Амар гэдэг нь юү вэ” гэж бодоод ламтнаас “Хэн гэнээ?” гээд асуучихсан чинь яах ийхийн зуургүй уурлаад “Амар” гэж бадчисан гэдэг. Өмнө нь манайхан Халх голд нутаглаж байсан болохоороо тэндхийн олон “Сайхан”-д дассан байсан бололтой. Ийнхүү Улз нутаг миний унасан газар, угаасан ус мөн. Манай сумынхан дотор “билетийнхэн” буюу Зөвлөлтийн харьяат гэгддэг айл тэр үед хэд хэчнээн байсныг мэдэхгүй. Манайх чухам хэдэн онд албан ёсоор дагаар орсныг мэдэх юм алга. Ээж ч мэддэггүй байсан. Бодвол гучаад оны эхээр, шууд Монголын харьяат гэж бүртгэсэн болов уу. Халх голд байхад Монголын харьяат болчихсон, Улсын анхдугаар их хуралд төлөөлөгчөө явуулж байсан гэхэд их л эрт дагаар орчихсон баймаар. Зарим айлыг Зөвлөлт рүү гаргасан гэнэ билээ. Манайх ч гэсэн хойшоо гаргагдвал намайг Шоохолон Доржийнх гэдэг айлд өргүүлчихээд явна гэлцэж байсан гэдэг. Тэр айлын эзэгтэй Дулам намайг эх барьж авсан тул хачин сайхан харагддаг түүнийг би “Дулам ээж” гэдэг байсан. Дорж өвгөн ч намайг дандаа ерөөж “Энэ хүү ер наслах хүн байгаа юм” гэж суудагсан. Яагаад ганц хүүгээ айлд орхих бодол төрөв гэвэл хойно хамтрал коммун болж, хамаг хөрөнгө хураасан учир хөгшид, хүүхэд хоёрт маш хэцүү болсон гэнэ гэж сонссонтой холбоотой байсан гэдэг. Хэрэв би айлд үрчлэгдээд үлдсэн бол хувь заяа шал өөрөөр эргэх байсан байх. Хүн болдог юмаа гэхэд ямар ч боловсролгүй, багаар өнчрөх нь гарцаагүй байсан гэж бодогддог.

        Манай аав Жамсраны Гүрбазар намайг 8-тай байхад нас барсан болохоор аавын талаар мэдэх юм харьцангуй бага. Дээд уруулдаа сахалтай, унжуудуу хамартай шар хүн байсан санагдана. Залуудаа хойт нутгаасаа жин тээхэд ачигч маягаар явалцаж, Богдын хүрээнд хэд хэдэн удаа ирсэн, багадаа өнчирсөн, хийдэд авга ламдаа шавь орохчоон болоод, ер ном эрдэм сурсангүй, шоголтой номоо өвөр дээрээ тавиад, уншиж байгаа дүр үзүүлэн “нё” нё” гэж дуугарч, номынхоо доор мод зорж, элдэв сийлбэр маягийн юм “урлаж” байдагсан гэж ярьдгийг нь мэднэ. Аав намайг “Миний хүү нагац нарыгаа дуурайвал номтой хүн болж магадгүй, намайг дуурайвал юу ч сурахгүй хүн болох байх” гэдэгсэн. Богдын хүрээ гэснээс 1940 оны өвөл аав Улаанбаатарт ирээд буцахдаа хотыг жигтэйхэн ихээр магтаж, танихын аргагүй болсон байна, чамайг л үзүүлэх хэрэгтэй гэж ээжид хэлдэг болсонсон. Ээжээс сонссоноо хэлэхэд “Богдын хүрээ бол хог новшиндоо дарагдсан, замын хоёр хажуугаар битүү хог новш, гуйлгачин түүлгэчин дүүрэн, золбин нохдын дунд үхсэн хүн хэвтэж байгаа юм шиг харагддаг, сайн ажвал нүд нь цавчилж харагддаг, нэг чавганц ирээд домботой юмнаас аманд нь цутгаж, хамаг бие нь яр шарханд баригдсан хүн хэвтэж харагдах нь зөндөө байсан газар гайхалтай гоё болсон байна” гэж ирсэн гэдэгсэн. Бас урьд нь ерөөлч хүмүүсийг үзсэнээ ярихдаа Хүрээний зах зээл дээр нэг хуурч хуурдаж байгаатай таарсан, оросууд зоос мөнгө өгөөд хуурдуулахад нь “Маахуур толгойн өвөрт өндөр ногоон байшинтай, н-өдөө сөөргөө явдалтай, оодон тоодон дээлтэй, цаана л ширгүү нудтэй, царилан зээтүү хоншоортой, хавтгай модон дээр суулгаад, хажуу талаас нь харах юм бол, харин ч түүндээ зохицсон” гэх мэтээр дуудахад нь оросууд “Ещё давай, ещё давай!” гэлцэж байх юм гэх мэтчилэн ярьдаг байжээ. Ингээд бодоход манай аав ихээхэн шогч, юм цээжлэхдээ сайн байж гэж бодогдоно. Ээж ч бас түүнийг тогтоогоод, надад ярьдаг байсныг нь бодоход ой сайтай байж. Дээрх толгой холбосон зүйлийг аав бүр ч дэлгэрэнгүй тогтоосон байж магад. Хэсэг бусаг нь надад хүрсэн нь энэ. Ээжийн ярьдгаар бол аав хүнийг үг хэлээр мохоох, давах дуртай, цаад хүн нь уурлачихвий гэж санаа зовмоор шоглодог, хүнийг хэтрүүлж явуулахдаа сайн, худал хэлдэг хүнийг огт гайхсан шинж үзүүлэлгүйгээр улам дэвэргэн яриулдаг байсан юм билээ. Аав, ээж хоёр хорь гаруйхан настайдаа айл болоод удалгүй, нутгийн ноён Дэмчиг гуайнхны хаяанд Монгол нутаг нүүж ирсэн, энэ бол 1913 он бөгөөд манайхныг нүүж ирэхэд Улз голын дагуу буриад айл олноороо байсан гэдэг. Тэгэхлээр буриадууд бүгдээрээ зөвхөн Октябрийн хувьсгалаас дүрвэж, 1917, 18 онд ирсэн гэдэг бол үндэсгүй худал ажээ. Дүрвэсэн гэдэг үгтэй холбогдуулан хэлэхэд Их Монгол улсын үед Байгал далайн баруун зүүн тал цөм монголчуудын нутаг, оршин суугчид нь бүгд монгол овогтон, монгол хэлтэн байсан нь үнэн юм чинь буриадууд монгол нутаг дотроо л нүүсэн байна шүү дээ. Өнөөдөр Увс, Ховд, Завханыхан төвийн нутаг руу нүүдэллэн ирээд суурыниж байгааг дүрвэгсэд гэхгүй биз дээ? Ингээд бодохлоор эмиграци буюу дүрвэлт биш, миграци буюу шилжих хөдөлгөөн байсан юм биш үү? Нөгөөтэйгүүр Октябрийн хувьсгал, социализм, коммунизмыг Орост ч, социалист гэгдэж байсан олонх оронд ч, Монголд ч буруушааж байгааг үнэн зөв гэж үзвэл буриадуудын хэсэг монгол газар нүүн ирсэн нь алсыг харсан туйлын зөв явдал болсон гэж тайлбарлахнаан ч болох биш үү? Манай ээж 1958 онд Зөвлөлтөд очиж ах дүүтэйгээ уулзахдаа “45 жилийн дараа уулзацгаалаа, хөдөө уулзвал бие биеэ танихгүй байлаа” гэлцэж байсныг бодоход 1913 онд манайх Монгол газар ирсэн нь тодорхой байна. Сэлэнгийн буриадууд ч ялгаагүй, 19-р зууны сүүлч гэхэд Хараа, Ерөөгөөр нутаглаж байсан юм билээ. Харин Хэнтийн буриадууд нэлээд сүүлд орж ирсэн, энэ тухай С.Эрдэнийн “Хөх хулгана жил” зохиолд тодорхой гардаг шиг санана. Манай нутгийнхан Хянганы ар Шэнэхээн гэдэг нутгийг баргын Цэнд гүн зэргээс гуйж зөвшөөрүүлэн очоод 5, 6 жил болж, дараа нь Халх голд ирж хэдэн жил нутаглахдаа Ардын засагтай золгосон, Улсын анхдугаар их хуралд Нанжины Санжаа тэргүүтэй төлөөлөгчдөө оролцуулсан гэх мэт түүхийн бодит баримт өдий төдийгөөрөө бий. Би түүхчийн дипломтой ч түүхч биш учраас зөвхөн уншсан, сонссоноосоо цухас дурдаж буй нь энэ.

“Миний тавилан” номоос