2015 оны 07 дугаар сарын 30-ны“Пүрэв” гарагт нийслэлийн хэмжээнд 236 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас осол хэргийн шинжтэй 146 дуудлага хүлээн авч, хүн гэмтсэн 7 осол гарч, ослын улмаас 13 хүн гэмтсэн байна. Эд материалын хохиролтой зам тээврийн осол 4 гарсан.

Замын цагдаагийн алба хаагчид согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 86 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан. Шүүхийн шийтгэврээр 12 хүнийг баривчлуулсан байна.

Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан жолооч 4, согтуугаар хөдөлгөөнд оролцож гэмтсэн явган зорчигч 1 байна.    

  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарын тоо буурахгүй байна. 2015 оны 07 дугаар сарын 10-аас өнөөдрийг хүртэлх хугацаанд 1528 согтуу жолоочийг илрүүлсэн байна. Өнгөрсөн “Баасан” гаригт гэхэд 135 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн. 07 сарын 10-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан жолооч 58, согтуугаар хөдөлгөөнд оролцож гэмтсэн явган зорчигч 26 байна.   

Иймд хүн бүр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архинаас үүдэн гарах хор хохирлыг гүнээ ухамсарлах, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсээ зүүж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох нь жолооч төдийгүй хүн бүрийн чухал үүрэг болоод байна.

2015 оны 09 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхлэх Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нарт хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлж өгсөн. Тухайлбал, Хуулийн 27 дугаар зүйл.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох: 27.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

27.2.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

27.3.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

27.4.Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

54 дүгээр зүйл.Жолоочоос бусад замын хөдөлгөөнд оролцогч этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих:  

54.4.Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

 

54.5.Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.