Хятадын орчин үеийн чадварлаг уран бүтээлч гэдгээрээ дэлхийд өндрөөр үнэлэгддэг Ай Вэй Вэй Германд очжээ.  Тэрбээр улсынхаа төр засгийг шүүмжилж тэрслүү үзэлтэн хэмээн нэрлэгддэг.   Дөрвөн жилийн өмнө баривчлагдсанаасаа хойш анх удаагаа гадаад оронд зорчиж байгаа нь энэ.

Ай Вэй Вэй 2011 онд Хятадын Засгийн газрын эсрэг бослого өдүүлсэн хэргээр 81 хоногийн хугацаагаар баривчлагдаж, энэ үед паспортоо хураалгасан бөгөөд суллагдсаныхаа дараа эргүүлэн авч чадаагүй юм. Улмаар өнгөрсөн долоо хоногт паспортоо авсанаар гадаад улс орнуудад зорчих эрхтэй болжээ.

Тэгвэл өчигдөр тэрбээр Луфтанса авиа компанийн нислэгээр Германы өмнөд этгээдийн Мюнхен хотноо хүрэлцэн ирж, зургаан настай хүүтэйгээ дахин уулзжээ. Энэ үеэр сэтгүүлчдэд “Хэдэн жил хүүтэйгээ уулзаж чадаагүй юм байна” хэмээв. Өнгөрөгч долоо хоногт Германы Элчин сайдын яамнаас тухайн улс руу хэд хэдэн удаа нэвтрэх эрхтэй дөрвөн жилийн хүчинтэй хугацаатай визийг олгосон бөгөөд удахгүй Ай Вэй Вэй Берлин рүү хөдлөх гэнэ. Түүнд Их Британийн Засгийн газар зургаан сарын хүчинтэй хугацаатай виз олгохоос татгалзсан аж.