Хог хаягдлыг ил задгай болон нам даралтын зууханд шатаах нь удаан задардаг хорт бодисууд  ялгаруулдаг. Эдгээр хорт бодис нь агаар, хөрсийг хүчтэй бохирдуулсаар байгаа билээ.


Удаан задардаг хорт бодисын төрөл болох  фуран, диоксин нь хөрс, хөрсөөр дамжин ургамлыг, ургамлаар дамжин амьтан, хүнийг удаан хугацаанд хордуулдаг. Улмаар  хорт хавдар, ураг, үр хөврөлийг100 гаруй жилийн туршид гэмтээх чадвартай юм. Иймд энэ аюул заналыг иргэд, олон нийт ойлгон хог хаягдлаа шатаахаас татгалзах шаардлагатай байна.


Орон нутгийн иргэдийн хувьд дийлэнх нь шөнө оройн цагаар, хүн хөлөөс зайдуу, зарим нь бүр хашаа саравчиндаа хогоо шатааж орхидог. Энэ нь хаа хамаагүй аваачиж хаях, нүх жалганд булахаас арай дээр арга мэт ч  шатсан хог хаягдлаас үүсэх бодисууд хүний биед ямар хортойг дээр дурдсан билээ.


Тэгвэл хогноос үүссэн үнс, нүүрс, аргалаас гарсан үнс зэргээр хөгжингүй орнууд аль хэдийнэ юм хийгээд эхэлжээ.


Тухайлбал, “Enviroment and Creening Conservation Consultant”  ХХК-ийн техник хариуцсан захирал Коёо Катахира үнсээр явган хүний замын хавтан хийж байгаа ажлын туршлагаасаа манай албаныханд хуваалцаж байсан. Тус компанийн хийсэн хавтан  борооны ус нэвтрүүлдэг, нарны туяагаар эргэн ууршин орчны чийгшилтийн тэнцвэрийг хангадаг давуу талтай аж. Түүнчлэн хүн, байгальд хоргүй нь Японы лабораториор батлагдсан аж. Хаягдал үнсийг ашиглаж эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эдийн засагт хэмнэлттэй төдийгүй хог хаягдлыг багасгах эерэг нөлөөтэй аж.

 

Гаднынхан Монголын баялаг, алт эрдэнэст шунадаг байсан бол одоо бүр хог хаягдал нь хүртэл тэдэнд мөнгө болон харагддаг болж. Үнсээ дахин боловсруулж, түүгээр юу хийж болохыг судлаад мэдчихвэл гэр хорооллын хог хаягдлын асуудал цэгцэрч, үнэ цэнэгүй үнс үнэд орох ч юм бил үү.


Хүний ам руу харж, өгснийг нь иддэг “ангаахай” хэв маягаасаа салж туршлагаас нь хуваалцаж өөрсдөө хийх хэрэгтэй байна.


Дулааны цахилгаан станцуудын хэрэглэсэн нүүрсний үнс олон арван жилийн турш хуримтлагдсаар юунд ч ашиглагдахгүй, асар их зардалтайгаар хадгалагдаж байгаа билээ. Тэгвэл тэр “хог” эдийн засгийн хувьд үр ашигтай хэмээн “Цахилгаан станцын хаягдал үнсийг ашиглах төсөл”-ийг зохиогч, уул уурхайн инженер А.Хүрэлбаатар хэлж байсан.   Үнсэнд хөнгөн цагаан, метан, мангани тэр бүү хэл төмрийн хүдэр зэрэг химийн ховор элементүүд агуулагддаг гэнэ. Учир нь хүрэн нүүрс химийн төрөл бүрийн элементийг агуулж байдаг бөгөөд шатаж дууссаны эцэст тэдгээр нь хэвээр үлддэг онцлогтой. Тиймээс ч хаягдал үнсээр цемент, засмал зам тавихад эхний давхаргын хучилт хийх, сайн нягтруулж шахсанаар үер усны далан байгуулах хавтан болгож ашиглах боломжтой юм.


Манай  улсын хувьд үнсийг барилгын материалд ашигладаг. Харамсалтай нь барилгын материалд цахилгаан станцын үнсийг ашиглах дээр үнсэнд агуулагдаж байгаа хүний эрүүл мэндэд хортой бодисоос цэвэрлэх тал дээр дутагдалтай.  Гэтэл хорт бодисоос цэвэрлээгүй үнс орсон барилгын материалыг орон сууц, олон нийтийн барилга байгууламжийг барихад ашиглах бидний эрүүл мэндэд асар хортой гэж судлаачид тогтоосон байдаг.


Энэ мэтээр цахилгаан станцын хаягдал үнсийг дахин боловсруулах, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг багасгах 300 гаруй технологи байдаг гэлцдэг.


Үнсийг дахин боловсруулж ашиглах чиглэл зөвхөн барилга, зам угсралтаар хязгаарлагдахгүй гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь, цахилгаан станцын хаягдал үнсний найрлагад талстлаг, шил хэлбэрт ба органик гэсэн гурван бүрдүүлэгч байдаг. Эднээс талстлаг бүрдүүлэгчид гэхэд л 150 хүртэлх нэр төрлийн эрдэс бодис байна. Эдгээрээс алт, цагаан алтыг үйлдвэрлэлийн хэмжээнд олборлох боломж¬той. Алт, цагаан алтыг юунд хэрэглэдэг, ямар чухал ач холбогдолтой бүгд багцаалж байгаа болохоор олон зүйл нурших нь илүүц биз.


Манай улсын гол хоёр цахилгаан станц болох гурав ба дөрөвдүгээр цахилгаан станцын хаягдал үнс нийтдээ жил болгон дунджаар 0,4 сая тонноор нэ¬мэгдэж байдаг. Цаашлаад айл өрхүүдэд хуримтлагдах үнсийг тооцвол багагүй дүн гарах байх. Тэгвэл үнсийг үнэгүйдүүлж бус үнэ хүргэж өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлаж түүхий эд болговол ирээдүй хойч үед хэрэгтэй зүйл болох нь дамжиггүй юм.

Д.Ундрах /24tsag.mn/