“Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалантай ярилцлаа.

-“Соёл-Эрдэнэ” хамт­лагийн тоглолт дээр танай хамтлаг ямар дуу дуулж байгаа юм бэ?

-“Соёл-Эрдэнэ” хамтлаг Монголын аргагүй агуу хамтлаг. Манай хамтлаг 1996 оны дөрөвдүгээр сарын 9-нд яг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн өрөөнөөс бэлтгэл хийгээд басс гитарчин Даймаа ах бидний анхны бичлэгүүдийг хийж өгч өлгийдөж авч байлаа. “Соёл Эрдэнэ” хамтлагийн өрөөнөөс маш олон хамтлаг гарснаас хамгийн отгон хамтлаг нь “Нисванис”. Тиймээс бид ах нарыгаа үнэхээр их хүндэлдэг. Би одоо “Хүүш Дамдин” гэж баруун Монголын буриад ардын дууг дуулна. Урд нь “Цэнхэр дэлгэц-2” дээр бас дуулж байсан юм.

-Хамтлагийн анхны гишүүд өөрчлөгдсөн үү. Хэд дэх жилдээ уран бүтээлээ туурвиж байна вэ?

-Хамтлагийн гишүүдээс басс гитарчин Д.Дарханбат бид хоёр бууриа сахиж үлдсэн. Соло гитарчин Хосоо, бөмбөрчин Анар хоёр маань ороод зургаа, долоон жил болж байна. Үүсгэн байгуулагдсан өдрөө жил болгон “Нис Нис Фест” тоглолт зохион байгуулдаг болсон. Манай хамтлаг байгуулагдаад 19 жил болсон байна. Нэлээд хөгшин хамтлаг шүү.

-Жил болгон болдог “Нис Нис Фест” тоглолт “Play time”-ын өмнөх томоохон шоу болдог гэдэгт санал нийлэх үү?

-Ер нь “Нис Нис Фест” маань “Playtime”-ийн бэлтгэл маягтай наадам гэж хэлж болно. Хавар дөрөвдүгээр сарын 9-нд болдог учраас зааланд хийдэг. Тиймээс багтаамж, хамрах хүрээний хувьд багавтар юм шиг атлаа өргөн агуулгыг илэрхийлдэг гэж боддог. Энэ удаагийн наадам хүнд металлаас авахуулаад инди хүртэл зөөлөн тоглодог бүхий л чадвартай хамтлагуудын төлөөллөөс оролцсон.

-Амьд хөгжмийн хамтлагийнхан дууныхаа үг, аяыг өөрсдөө зохиодог шүү дээ. Танай хамтлагийн хувьд?

-Үг зохиох үүрэг надад оногдсон. Дууны аяыг гишүүд маань өөрсдөө сууж байгаад гаргадаг. Бүгдээрээ хөгжмийн багш учраас ая дээр санаа зоволтгүй.

-Танай нэг тоглолт дээр таван хүн ирж байсан гэж сонсч байсан. Анхны тоглолт байв уу?

-Анх 1996 оны арваннэг­дүгээр сарын 22, 23-нд Соёлын төв өргөөнд хоёр өдөр тоглолт хийж байлаа. Сүүлд “Варьете” чуулгын нээлтэд зарлаагүй тоглосон болохоор хүмүүс мэдээгүй л дээ. Хөшиг нээгдэхээс өмнө “Варьете” чуулгын дарга Донид гуай орж ирээд “За хүүхдүүдээ дөрөв, тавхан билет зарагдсан юм шиг байна, юу ч гэсэн цагтаа эхэл эхэл. Урлагийн хүмүүс хүний тоог голж болдоггүй юм” гээд биднийг тайзан дээр гаргаж байсан. Тухайн үедээ бид, Эрдэнэтэд “Манай тоглолтыг тавхан хүн үзсэн” гээд ярилцлага өгч байсан юм. Энэ манай хамтлагийн хувьд мартагдашгүй сайхан дурсамжуудын эхлэл байсан. Бид анхны тоглолтын бүх бэлт­гэлийг “Варьете” чуулгын байранд хийж байсан болохоор Донид даргадаа талархаж явдгаа илэрхийлье. Бидний тэр үед бэлтгэл хийдэг байсан өрөө одоо манай “Эмийн сан руу алхсан нь” дууны клипэнд гардаг юм.

-Та уг нь анх уянгын дуу дуулж байсан. Гэнэт яагаад рок хөгжмийн урсгалаар дуулах болов?

-Би Л.Байздагийн “Анхны хайр”, “Салхи” хамтлагийн “Нандин хайр”, “Гурван бүдүүн” хамтлагийн дуулж байгаа “Шиврээ бороо” гэх мэт 20, 30 дууг зургадугаар ангиасаа хойш зохиосон л доо. 1995 оны аравдугаар сард модернист яруу найрагч Б.Галсансүхтэй танилцсанаар рок хөгжмийн ид шидэнд бүрэн автсан даа. Намайг рок хөгжим рүү уруу татсан хүн тэр.

-Анхны дуу чинь юу билээ. Таныг зохиосон гэдэг байх аа?

-Би зургадугаар ангид байхдаа “Мөрөөдөл” дуугаа зохиож байсан. Түүнээс хойш олон дуу бүтээсэн. Тэгээд ч залуу насны минь утга учир “Нисванис” хамтлагт маань шингэсэн учраас дандаа шинийг хийж, бүтээхийг зорьдог.

-Танай хамтлагийн фэн клуб хэр идэвхтэй ажилладаг вэ?

-Лхамаа тэргүүтэй фэн клубийнхэндээ маш их баярлаж явдаг шүү. Манай фэн клуб ажиллагаагаараа бусад адил төстэй клубүүдээс үнэхээр илүү. Тэдний урам зориг итгэл бидэнд үргэлж шинэ эрч хүч өгч байдаг. Тиймдээ ч энэ хамтлаг өдий зэрэгт хүрсэн байх гэж бодож байна. Шүтэн бишрэгчтэй байх их сайхан санагддаг. Гэхдээ хүмүүсийн хүндлэлийг дааж явна гэдэг хэцүү даваа. Би энэ хүндлэлийг дааж явах гэж хичээдэг. Ер нь бол намайг нэг их айхтар шүтэн бишрээд байх нь хаашаа юм. Биднийг ойлгодог, дэмждэг хүрээ бий болсонд баяртай байдаг. Манай хамтлагийн фэн клубийнхэн биднийг үргэлж урмаар тэтгэж байдаг юм. Тиймээс урагш нь явуулж, заримдаа шүүмжилж, алдаа, оноог минь хэлж засч залруулдаг. Гудамжинд огт танихгүй хүн таараад мэндлэх нь сайхан байдаг.

-Та их өвөрмөц сөөнгөдүү хоолойтой. Төрөлхийн ийм хоолойтой юу, эсвэл зориуд ингэж дуулдаг юм уу?

-Удамшдаг байлгүй дээ. Багадаа их тамхи татдаг байлаа. Тавдугаар ангиасаа гарсан. Архаг бронхиттой болсноос нөлөөлсөн юм болов уу.

-Танд гитарын цуглуулга байдаг гэж сонссон. Хамгийн үнэтэй гитар тань хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

-Одоо надад дажгүй гитарууд бий. Зургаа, долоон гитартай. Дээд тал нь 2500 ам.долларын үнэтэй шүү.

-Гэр бүлийн амьдрал зохиогоод нэлээд хэдэн жил боллоо. Хэдэн хүүхэдтэй вэ, гэргий тань юу хийдэг хүн байна, хэрхэн танилцаж байв?

-Манай гэр бүлийн хүн Радио, телевизийн дээд сургууль төгссөн жүжигчин, хөтлөгч мэргэжилтэй хүн. Т.Алтанзул гэдэг бүсгүй бий. Одоо хөөрхөн охинтойгоо гурвуулаа амьдарч байгаа. Бид хоёрын танилцсан түүх их сонин. Найзыгаа дагаад манай тоглолтон дээр ирдэг байсан юм. Манай хүн удахгүй уран бүтээл гаргах байх. Эхнэрийгээ электро стилээр бэлдэж байгаа. Их авьяаслаг бүсгүй бий. Чадах чинээгээрээ дэмжихийг хичээдэг.

-Сүүлийн үед гарч ирж байгаа рок хамтлагуудын талаар та ямар бодолтой байдаг вэ. Дажгүй хамтлаг байна уу?

-Байна аа байна. Сүүлийн үеийн шинэ хамтлагуудын чанар сайжирсан. Гэхдээ сэтгэл дундуур байдаг нэг зүйл бий. Монгол, гадаад нь мэдэгдэхгүй маяглаж дуулдаг нь ерөөсөө таалагддаггүй. Бусад талаараа бол болж байгаа. Олон стиль жанрын хамтлагууд төрж байгаа нь Монголын амьд хөгжмийн шат шатаар хөгжиж байгаагийн илрэл мөн биз дээ. Одоо “Lego” хамтлаг гайгүй байна.

-Таныг тэмдэглэлийн дэвтрийн хорхойтон гэдэг юм билээ. Дэвтэр бэлэглэсэн хүн олон уу?

-Тийм ээ. Хүн надад дэвтэр бэлэглэхээр их баярладаг. Шинэ, хуучин олон дэвтэр байдаг ч шунал минь дарагддаггүй юм. Үүнийг найз нөхөд маань мэддэг болохоор гоё, гоё дэвтэр бариад л ирдэг.

-Яагаад тэмдэглэлийн дэвтэр сонирхдог юм бэ?

-Ганцаардаж байхад минь нөхөр болж, сэтгэлийг маань хуваалцдаг дэлгээтэй толь шиг санагддаг. Түүний ачаар шинэ бүтээл төрдөг болохоор миний сэтгэлд ойр байдаг юм болов уу. Дэвтрийнхээ шинэ хуудсыг нээж, энэ цаасан дээр юу бичигдэх бол гээд ширтээд сууж байх сайхан мэдрэмж шүү.

-Зургадугаар ангиасаа шүлэг бичсэн гэхээр нэлээд олныг бичсэн байх. Хамгийн сайхан санагддаг шүлгээ нэрлэвэл?

-Санаанаас гардаггүй нэг шүлэг бий. Манай Эрдэнэтийн Баян-Өндөр уулын хормойд өнчин хус байдаг байсан. Би тэрний тухай урт шүлэг бичсэн санагддаг юм. Аав маань түүнийг уншаад “Манай хүү “Өнчин хус” нэртэй найраглал бичсэн” гээд хүмүүст ярьдаг байж билээ. Би баярласан ч дотроо их ичдэг байсан. Гэр бүлийнхэн маань надад урам зориг хайрладаг байжээ. Түүгээр л урлагийн замд орсон доо.

-”Эмийн сан руу алхсан нь” дууг бүгд мэднэ. Дуу төрсөн түүхээсээ хуваал­цаач?

-1997 он есдүгээр сарын 27-нд зохиосон юм. Нэг өдөр хоёр дуу зохиогдсон байдаг. Нөгөөх нь дуучин Б.Сарантуяагийн дуулдаг “Мэдэхгүй” дуу.

-”Нисванис үргэлжлэл бий” номыг 15 жилийнхээ ойгоор гаргаж байсан. Ирэх жил 20 жилийнхээ ойгоор үргэлжлэлийг нь гаргах уу?

-Хамтлагийнхаа 15 жилийн ойд зориулж өөрийн зохиосон 100 гаруй дууны үг, шүлэг, хамтлагийн түүхийг дэл­гэрэнгүй өгүүлсэн ярилцлага, дурсамжийг нэгтгэсэн ном гарган “Нисванис үргэлжлэл бий...” гэж нэрлэсэн. Хүн заа­вал ном гаргах ёстой гэдэг утгаараа гаргаж байлаа. Үргэлжлэлийг магадгүй 30 жилийн ойгоороо гаргавал зүгээр байх. Ирэх жил гаргахаар хугацаа нь арай богино байх аа.

-Танай хамтлаг аль клубүүдэд дуулдаг вэ?

-”Их монгол”, “Их ноёд”, “Крона”, “Winsway” амьд хөгжмийн клубүүдэд хуваарийн дагуу дуулдаг.

-Бэлтгэлээ хаана хийдэг вэ?

-Би “Улаанбаатар чуулга”-тай хамтарч ажил­ла­даг. Чуулгын дарга рок Р.Мөнхсайхан ах манай хамт­лагийг сайхан дэмжиж байгаа. Манайх гэлтгүй олон хамтлагийг дэмжиж тэнд бэлтгэл хийлгэж, тоглолтыг нь зохион байгуулдаг.

-Урын сандаа хэдэн дуутай вэ. Цомгийн хувьд ялгаа бий юу?

-Гурван цомог гаргасан. Нэг дэх нь 18 дуутай. Одоо дөрөв дэх цомог нь бэлэн болчихоод байна. Цаг хугацаа орсон болохоор ялгаа байдаг. 1999 онд гарсан анхны цомог маань “Сургууль нураасай”, “Эмийн сан руу алхсан нь” гээд сахилгагүй хөвгүүний бодол байх шиг. Хоёр дахь нь “Саарал үе” гээд жаахан намба суусан байдаг. Гурав дахь нь “Нисдэг таваг”, “Улаан хэрүүлч” гээд нэлээд амьдралын туршлага суусан цомог болсон юм шиг санагддаг. Хөгжим талаасаа өөрчлөлт гараагүй. Манайх альтернатив металл, пост гранж, панк гурван стилийг хольж тоглодог. Одоо ч энэ чиглэлээрээ л дуулж байгаа.

-Удахгүй шинэ цомог гаргах гэж байгаа гэсэн үү?

-Дашка ахын студи дээр цомог маань бэлэн болчихоод байгаа. Эдийн засгийн асуудлаа шийдчихвэл намар хүмүүс цугласны дараа шинэхэн цомгоо гаргахаар төлөвлөөд байна. Есдүгээр сард гаргачих байх.

 

С.АРИУНЖАРГАЛ

Э.АНУУЖИН