ИЗНН-ын дарга Ц.Ганхуягтай ярилцлаа.
 
-Засгийн газраас МАН-ыг гаргахаар ярьж байна. Энэ талаар танай нам ямар байр суурьтай байна вэ?
 
-Бид энэ талаар өмнө нь байр сууриа то­дор­­хой илэрхийлсэн. Пар­ламен­тад хамгийн олон суудалтай гэдгээрээ улс төрийн өнөөгийн үйл ажил­­лагааны гол тоглогч нь АН болж байна гэдгийг бүгд мэдэж байгаа. АН-ын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь намын бүлгийн гар­гасан шийдвэртэй хол­­боотой намуудын хам­тын ажиллагааны гэрээ хөндөгдсөн.
 
АН-ын саналаар бол Ч.Сайханбилэгийн танхимын зургаан сайдыг сугалан хариуцлага тооцох нь. Тэгэхээр сайд нарыг сугалж хариуцлага тооцох нь зөв үү, эсвэл танхимд итгэл үзүүлэх үү, үгүй юу гэсэн асуулт тавигдана. ИЗНН-ын хувьд засагт суудалгүй учраас бид асуудлыг хөндлөнгөөс харж дүгнэж байна.
 
Үндсэн хуульд зааснаар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл харилцан тэнцвэртэй байж засаглалын сонгодог утгаа хадгалах учиртай. Тэгэхээр бүрдүүлсэн танхимынхаа өмнөөс хариуцлага хүлээдэг зарчмаар Ерөнхий сайд МАН-ын сайд нарыг огцруулах саналаа танилцуулах үедээ хариулт өгөх биз ээ.
 
-УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарласан.МАН-ыг засгаас гаргана гэж байгаа нь УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын нэгдүгээрт орох тийм  тулгамдсан, гарц хайсан асуудал мөн үү. Та юу гэж үзэж байна?
 
-АН улс төрийн дээд төвшиндөө ийм шийдэлд нэгэнт хүрсэн байхад яаралтай шийдэх зөв. Ажил цалгардах хор уршигтай нь ойлгомжтой. МАН ч гэсэн зууралдаад байх сонирхолгүй байгаа биз.
 
Дээр хэлсэнчлэн, Монгол Улсад цаашдаа Засгийн газар танхимын зарчмаар ажиллах эсэх, Ерөнхий сайд нь танхимынхаа өмнөөс хариуцлага хүлээдэг байх эсэх гэсэн зарчмууд мөрдөгдөх үү эсвэл улс төрийн нам юу гэж шийднэ тэр л үзэмжээр гүйцэтгэх засаглалын хувь заяа шийдэгддэг байх уу гэсэн асуултад хариулах нь чухал байна. Сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед хүссэн ч эс хүссэн ч ийм асуулт тавигдах нь тодорхой.
 
-МАН засагт хамт­рахдаа мөрийн хөтөлбөр гаргаагүй, гэрээ ч хийгээгүй гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр хууль бусаар хамтарсан гэсэн үг үү. Өөрөөр хэлбэл, АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл,  ИЗНН-ын хооронд байгуулсан мөрийн хөтөлбөрийг  МАН-ынхан хэрэгжүүлэлцэж ирсэн гэж зарим хүн хэлж байгаа?
 
-Байгуулсан гэрээ талаас авч үзэхэд, үнэндээ гол асуудлууд болох засаглалын чиглэлээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлт, томоохон ордуудыг ард олныхоо эрх ашигт нийцүүлэн ашиглах зорилтууд хэрэгжээгүй байна. Дутуу дулимаг гэрээ хэлцэл оруулж, нийгмийг баахан талцуулсан ажил л их хийгдлээ. Ийм байхад гэрээ амжилттай хэрэгжиж байгаа гэж хэлэх үндэслэл алга.
 
Энэ том асуудлууд шийдэгдэлгүй нэг намын сайд нар нь засгаас гарч байгаа нь цаашид улс төр улам хурцдахын эхлэл болох биз ээ.
 
Уг нь хэн засагт байхаас үл хамаарч дээрх томоохон суурь асуудлууд шийдэгдвэл монгол түмэнд л хэрэгтэйсэн.
 
-Улстөрийн гацааг яаж арилгах вэ?
 
-Гол тоглогч АН-ын санал санаачлагаас гацаа арилах эсэх нь их хамаарна.
 
-Түүнээс гадна одоо эдийн засаг хүнд байгаа энэ үед хамгийн түрүүнд юунд анхаарах ёстой вэ?
 
-Эдийн засаг тун амаргүй үедээ байна. Цаашид байдал улам хүндэрнэ. 2017 оноос төлөх их хэмжээний өрийн асуудал дараа дараагийн Засгийн газруудын толгойны өвчин байх нь ойлгомжтой. Энэ их өр манай Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг иргэний байгууллагууд хүчтэй шүүмжилж байна.
 
Ард олны амьдрал өдрөөс өдөрт доройтон солилцооны эдийн засаг худалдаа арилжаа явагдаж, үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ буурсаар байгаа нь санаа зовоож байна. Таны асуултад би хувийн зүгээс энэ удаа хариулъя. Бид өнгөрсөн 25 жил бусдын хүчинд хэтэрхий дулдуйдан амьдарч эцэс сүүлдээ хэрхэн аж төрөхөө дэлхийн санхүүгийн бай­гуул­лагуудаар заалгах хэмжээнд очсон нь том алдааны нэг болсон.
 
Аливаа улс хөгжихдөө юуны өмнө өөрсдийн хүчинд итгэж, дэмжлэгээ зориулдаг. Өөрсдийн хүчиндээ итгэвэл монголчууд юуг ч бүтээж чадна. Хамгийн наад за­хын жишээ л гэхэд Атрын гуравдугаар аянаар уналтад орсон газар тариаланг босгож чадсан. Атрын гуравдугаар аяныг улс төрийн шоу, сонгуулийн хийрхэл гэж нэг хэсэг нь үзэж байхад тухайн үедээ манай хандивлагчид хүртэл түр зуурын үзэгдэл гэж итгэхгүй байсан тал бий.
 
Энэ аян эхлэхээс өмнө монголчууд хэрэгцээт улаанбуудайныхаа дөнгөж 25 хувийг хураан авдаг үлдсэнийг нь гадны хандив, тусламжаар хангадаг байсан. Монголд тариа тарих нь амаргүй ч энэ үйлдвэрлэлийн цаана олон зуун мянган гэр бүл тэжээгдэн, ажлын байраар хангагдаж, улс орны хүнсний аюулгүй байдлын нэгэн баталгаа болж байгаа юм. Энэ талаас нь харах хэрэгтэй.
 
Энэ жишээгээр хөдөө аж ахуйн хоршооллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх дэмжих юм  бол асар их нөөц байна. Төр хэдийгээр аж ахуй эрхлэхэд нь шууд оролцох ёсгүй ч аж төрөх арга ухаанд сургах, үйлдвэрлэгчдэд бараагаа борлуулах зах зээл олж өгөхөд нь дэмжих утгаараа их үүрэг хариуцлага хүлээдэг. Эдийн засгийг үл үзэгдэх гар удирддаг гэдэг онол өнгөрсөн зуундаа үлдсэн шүү дээ. Улс төрийн зангарагтай бодлого дутагдаж байна.
 
-Таны сайн мэдэх хүнс, хөдөө аж ахуйн салбарын талаар асууя гэж бодож байтал Та яриад эхэллээ. Сүүлийн хэдэн өдөр буудайны тухай хэрүүл тасарсангүй. Ямар ч байсан энэ жил  тодорхой хэмжээгээр ургац алдах нь ойлгомжтой болчихлоо. Импортоор буудай авна, авахгүй гэж байтал гурилын үнэ нэмэгдчихлээ. Энд улстөр ороод байна уу, эсвэл. Та юу гэж харж байна?
 
-Гадны улсуудын агуулах чөлөөлөх худалдааг бид дэмжин, олон жил нөөцлөн ариутгал /шавьж устгах хор цацсан/ хийсэн үр тариа, хүнсний ногоо, жимсээр иргэдээ хордуулах уу эсвэл Монгол орныхоо газар шороо, хөрсөн дээр тарьж ургуулсан шинэ, эрүүл хүнсээр иргэдээ хангах уу гэсэн асуулт тавигдаж байна.
 
Улаан буудай бол монголчуудын хувьд стратегийн түүхий эд. Ер нь аливаа улс орны аюулгүй байдлын гол баталгаа бол хүнс шүү дээ. Эрүүл хүнс нь хүн эрүүл байхын нэг гол урьдчилсан нөхцөл. Бид хоол хүнсээ гаднаас авдаг болчихвол жинхэнэ утгаараа тусгаар тогтнолоо алдаж байгаа гэсэн үг. Тиймээс энэ тал дээр бид либерал байр суурь баримталж болохгүй.
 
Төрийн зохицуулалт чухал. Төр тариаланчидтай мэтгэлцэх бус хамтран ажиллах юм бол энэ салбарыг өөд татах нь тийм ч хэцүү биш. Үг хэлээ ололцохгүй бол арайхийж өндийсөн салбараа татаж унагаад зогсохгүй, халаас нимгэн иргэдийн амьдрал улам хүндрэхэд л ташуур өгөх нь тодорхой.
 
-Хөгжлийн гарцыг Үндсэн хуулиас хайж байна, нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн санаануудыг ихээхэн  ярьдаг. Ээлжит бус чуулганаар ярих Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн тухайд ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Үндсэн хуульд өөрч­лөлт оруулах саналыг манай нам 2000 оноос хойш тасралтгүй дэвшүүлж байгаа. Ялангуяа засаглалын ойлгомжгүй байдлыг нэг мөр цэгцлэхгүй бол засаглалын хямрал нь эдийн засаг улмаар улс орны амьдралд шууд нөлөөлж байгааг бид харж байна. Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулан Улс төрийн нам, Сонгуулийн хуулиудад өөрчлөлт оруулах нь зүйтэй.
 
Аливаа өөрчлөлт нь хэн нэгэн, аль нэгэн намын эрх дархыг баталгаажуулахад биш засаглал, улс төрийн зөв төлөвших хэм хэмжээг зааж өгөхөд хангалттай. Бид парламентын засаглалыг төгөлдөржүүлж, хүчтэй гүйцэтгэх засаглалтай, хараат бус шүүхтэй байх саналаа дэвшүүлсэн. Сонгуулийн хувьд про­порциональ, мажоритар тогтолцооны давуу талуудыг шингээсэн холимог тогтолцоо байх нь зүйтэй гэж үзэж байгаа.
 
-Бас нэг хүнд асуудал бол ихэнх  нутгаар ган болж, хадлан тэжээл авсангүй. Найр наадам хавтгайрч олон ажил цалгардлаа. Зуд айсуй гэж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
 
-Манай нам яг энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхээр ажиллаж байна. Засаг солигдон, сайд нарын сэнтий хөндөгдөхөөс үл хамааран байгалийн энэ давагдашгүй хүчин зүйлд нийтээрээ анхаарах цаг болсон. Малчид тариаланчдад даатгаад өнгөрч болохгүй. Энхийн цагт зарсан нэг ам.доллар хүнд цагийн долоон ам.доллартай тэнцдэг гэсэн яриа бий.
 
Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг шаардлагатай бол УИХ тусгайлан хэлэлцэх хэрэгтэй байж мэднэ. Зохих шийдвэрүүдийг одооноос гаргаж, найр наадмын синдромоосоо салмаар байна. Ийм хэнэггүй, наазгай байдал бол аливаа ган, зудын аюулыг өөгшүүлдэг. Байгалийн аюулаас илүү хариуцлагын ган зуд манайд нүүрлэсэн бус уу.
 
-Улстөрийн намууд эв зүйгээ олохгүй, улс орны ажлыг гацаасан цөөнгүй тохиолдолд ИЗНН  улс орон, ард түмнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавихыг сануулж, мэдэгдэл, уриалга гаргаж байсныг санаж байна. Танай нам ямар нэгэн  алхам хийх үү?
 
-Бид эв эеэ нэгтгэх тал дээр их анхаардаг ч заримдаа тийм ч сайн бүтэлтэй болдоггүй. Аливаа эв эеийн үндэс нь шударга ёс гэж үздэг. Шударга ёсны төлөө бид цаашид идэвхтэй үйл ажиллагаа явуулна. Тодорхой саналууд байдаг. Хамт олноороо хэлэлцүүлээд нийтэд мэдээлнэ.
 
Ч.Үл-Олдох