Орчуулагч Д.Болдбаатарыг танихгүй хүн Монголд ховор. Түүнийг гаалийн ажилтнууд түүнийг огт танихгүй урьсан зочдоос нь татвар татчих гээд орчуулсан номыг нь хэт өндрөөр үнэлсэн тохиолдол саяхан гарчээ.  Энэ тухайгаа өөрийн нүүр хуудсандаа "Маргаашийн арга хэмжээнд оролцох зочдоо тосохоор Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр очлоо. Ирсэн зочид бүгдээрээ гараад дууссан боловч миний тосох хүмүүс байдаггүй шүү. Суудал энэ тэр нь багтаагүй юм болов уу гэж бодоод буцах гэж байтал "Чонон сүлд" романы Ян Көгийн амьд дүр нь гэгддэг Чэнь Зи Цюнь гуай царай нь жаахан барайчихсан гараад ирлээ. Маргаашийн арга хэмжээнд зориулан монгол бичиг дээр хэвлэгдсэн дөчин номыг аваад ирээрэй гэж захисан минь гай болох юм гэж яахин мэдэх билээ дээ? Уг нь хүн болгон арван ном авчирсан юм л даа. Тэгээд тэр хүнд асуудлыг зохицуулахаар яваад ортол нисэх буудлын гаалийн ажилтан гурван нөхөр хар тамхи, алан хядагчдыг илрүүлчихсэн юм шиг ирсэн дөрвөн зочинг ёстой нэг бүлтэгнүүлчихсэн зогсож байх юм.

Дөрвөн хүн тус бүртээ арван ном авчрах гэдэг энгийн хүний эрүүл ухаанаар бодоход тэгтэл айхтар асуудал болчихмооргүй санагдах юм. Тэгээд Монгол улсын гаалийн холбогдох хууль тогтоомжийн дагуу бол Зян Рун зохиолчийн гарын үсэг, батламж байсан тохиолдолд Монгол улсын дархан хилээр тэр дөчин ном нэвтрэх учиртай болж таарлаа. Төрийн хууль тогтоомж байгаа хойно түүнийг давах зориг зүрх надад хаана байх билээ. Гол нь нөгөө л хар тамхи, алан хядагчдыг илрүүлсэн мэт сүртэй догшин харц, өндөр чанга дуунаас нь хичнээн их ичсэн гэхэв. Хүний өмнөөс ичих гэдэг мөн ч айхтар зүйл байдаг ажгуу. Нөгөөдүүлийн дуу ихсэхийн хэрээр миний хулхи буусаар гаалийн татвар 15 хувийг оноохоор болж асуудал нааштай эргэв үү гэтэл дэлгэцийн өмнө суусан залуу хархүү наад ном чинь 30 мянгаар зарагдаж байгаа. Тийм болохоор 30 мянгын 15-хувиар бодож татвар авна гэдэг айхтар лүндэн буулгадаг байгаа. Ном уншдаггүй байрын тэр нөхөр хаанаасаа юугаа бодож олохоороо 30 мянга гэдэг айхтар том тоог бодож гаргадаг байна даа. Чонон сүлд роман хэвлэгдсэн цагаасаа хойш дөрвөн жилийн турш 9500-хан төгрөгөөр зарагдаж байсан шүү дээ гэдгийг ойлгуулах гэж гадаадын хүмүүсийн нүдэн дээр бас л 10 минут шахам гөлөг болох нь холгүй яаж доогуур харан гөлөлзөж дорой дуугарч байсан бол доо гэж бодохоор бас л нүүр байтугай зүйл улаймаар санагдаж байна. Тэгж тэгж тавин мянган төгрөг өгсөн болоод салсан. Мөртлөө ахлах байцаагч гэж юмны наад цаадхийг ойлгодог нэг хүүхэн ирээгүй бол асуудал хаашаа ч эргэх байсан юм билээ гэж санагдахаар байсан шүү.

Уг нь улс орны нэр хүнд, түүний нүүр царай болсон гаалийн албанд ядаж "Чонон сүлд" романыг 9500 төгрөгөөр худалдан аваад уншчихдаг хүмүүсийг ажиллуулдаг байвал мөн гоёо оо хэмээв.