Аливаа зүйл худлаа болоод ирэхээрээ хүссэн хүсээгүй үнэ цэнээ алдаж, хөгжил дэвшлийнхээ үндсэн чиг шугамаас шууд ухарч эхэлдэг. Өнөөдөр монгол үндэсний бөх яг энэ зам руу шуударч байна. Үндсэндээ мөхөл рүүгээ гэрлийн хурдаар явж байна. Бөхийн барилдаан гэдэг нь ир бяраа шавхсан, уран сайхан мэхний хувилбаруудыг гаргасан тэмцэл бус зүгээр жүжиг, хий хоосон дүр үзүүлэлт гэдгийг ард түмэн мэдэх болсон.

Ялангуяа Монгол үндэстний төрт ёсны их баяр маань жүжиг наадгай, хөлс үнэртүүлж, боловсролгүй бүдүүлгээрээ дуудуулсаар ирсэн хэсэг бүлэг нөхдийн ашиг хонжоо олох арга заль болсоор олон жилийн нүүрийг үзлээ. Ингэж хэлснээрээ өнөө жилийн наадмын түрүү бөхийг гутааж байгаа юм биш. Мөн өндөр дээд даваанд өөрийн хүчээр гарч ирсэн иртэй бяртай залуучуудыг худлаа барилдсан гэж гүтгэж байгаа юм биш. Харин монгол бөхийн ерөнхий чиг хандлага мөхөл рүүгээ явах болсныг, бөхчүүд өөрсдөө жалга довны үзэл, хэдэн халтар цааснаас болж үндэстнийхээ их өв соёл, ёс уламжлалыг уландаа дэвслэх болсныг хэлж байгаа юм.

Монгол бөхөд найраа гэх авлигыг бөхчүүд өөрсдөө сэдэж гаргасан гэдэг. Хуучин цагт идэшний үхэр, ганц нэг авдар цагаан архи өгдөг байсан уламжлал явсаар өнөөдөр хэдэн зуун саяар тоологдох мөнгөн дүнд хүрчээ. “Тэр 300, 400 саяар начин хийж гэнэ, мөнгийг нь тэр компани, нутгийн зөвлөлийн тэр бизнесмэн, дарга сайд нь гаргасан гэнэ” гэх яриа олны дунд хэсүүчилдэг. Бөх сонирхогч түмний энэхүү битүү хардлага үндсэндээ үнэн байдаг юм. Бөхчүүд төрт ёсны их баяраа гутаан доромжлоод ханахгүй наадмын дараа аймаг, бүсийн наадмын дэвжээг хэсэг бүлгээрээ зорин очиж бузарлан ард зоныг нь басамжлах нь бичигдээгүй хууль болж дээ. Өмнөх жилийн аймаг, бүсийн наадмууд ямар ичгэвтэртэй болж, тухайн нутгийн иргэд бөхчүүдийг үнэн голоосоо үзэн ядан, жигшин зэвүүцэж байсныг бид мэднэ. Манай сонины редакци руу олон ч газраас хүмүүс утасдаж, бухимдал, гомдол цөхрөлөө дуулгаж байсан. Улсын цолтой нөхөд аймгийн цол хүртэх гэсэн мөнгөтэй залуусыг дагуулж очин найраа, хор гэх зүйлээ олны нүдэн дээр улайм цайм хийж, халтар цаасаа ил цагаан солилцдог юм гэсэн.

Монгол бөхөд бугшсан тэрхүү идээ бээр тартагтаа тулан аргагүйн эрхэнд дэлбэрч байсан тохиол олон бий. Тухайлбал, Хөвсгөл нутгийн улсын цолтой бөх нутгийн дүүдээ хандаж захидал бичин, түүнийгээ цахим ертөнцөд тавьсан байдаг. Тэрхүү захидалд мөнгөө багтааж ядсан гадны аймгийн залуучуудаар нутгийнхаа дэвжээг доромжлуууллаа хэмээн шууд зарласан юм. Ингэж л монгол үндэсний бөхийг мөнгөнөөс бусдыг бодохоо байжээ гэж эрхгүй хардахад хүргэж буй бөхчүүд нь өөрсдөө мөхөөж байна. Энэ байдал өнөө жилийн наадмуудад мөн давтагдлаа.

Жишээ болгож бүсийн хоёр томоохон наадмын тухай баримт сэлтийг дэлгэх гэсэн юм. Бөх сонирхогч олон надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Увс аймаг 90 жилийнхээ түүхт ойг “Монгол бөхийн баяр” болгон тэмдэглэж, улсын алдар цолтой бөхчүүдийг нутагтаа урьж сүрхий юм болсон. Улсын наадамд баруун зүүнээ булаацалдаад зодоглоогүй Сүхбат аварга Увсын ойд хүүгийн хамтаар очиж зодоглож хүндэтгэл үзүүлж харагдсан. Монгол бөхийн домог болсон энгүүн хүчтэн Баянаа аваргын хөшөөг босгож 90 жилийн ой баяр бахдлаар дүүрэн болж байна лээ.

Гэтэл тэрхүү баярыг бөхчүүд нь гутааж орхидог байгаа. Өнгөрөгч жил төрийн наадамд түрүүлсэн залуу нутгийнхаа дэвжээн дээр ааг омгоо багтааж ядсан уу, эс бөгөөс хувийн өс хонзон өвөрлөсөн үү, яасан бүү мэд. Зэргэлдээ Ховд нутгаас ирсэн Пүрэвсайханыг толгой түрүүгүй нүдэж, монгол бөхийн дэвжээнд байж боломгүй ёс зүйгүй авир гаргав. Ингэж тэрээр 90 жилийн түүхт ойгоо гутааж, “монгол бөхийн баяр” хэмээн ёстой төртэй тэмдэглэж буй наадмаа уландаа гишгэн, бөхөд хайртай түмнээ доромжилж шившгээ дэлгэсэн. Уг залуугийн аав нь улсын харцага, аавынх нь ах улсын начин, өвөө нь мөн улсын начин цолтой, хэдэн үеэрээ бөхийг шүтэж ирсэн гэр бүл юм. Бөхийн үе дамжсан гэр бүлд өссөн хүн, тэгээд өөрөө төрийн наадмын түрүү хүртсэн өндөр цолтой бөх ийм авир гаргана гэдэг монгол бөх мөхсөний хамгийн супер жишээ л дээ. Юмны наад цаад учир ойлгохгүй залуу ааг омгондоо эрдэж тийм зүйл гаргалаа хэмээн цайруулъя гэтэл түрүү үзүүрийн барилдаан бүр шившигтэй зүйл болдог байгаа. Увсын ойд увсын бөх түрүүлэх учиртай юм гэнэ. Бат-Орших, Пүрэвсайхан хоёрыг барилдах үеэр Увсын Ганболд заан, Ганбат арслан, Бумбаяр заан нар ээлж дараалан очиж нутгийн дүү Бат-Оршихтой уулзлаа. Мөн Пүрэвсайхан тэргүүтэй Ховдын бөхчүүдийг ахалж ирсэн Бямбадорж заантай уулзлаа. Энэ бүгд ард түмний нүдэн дээр ил болж буй хэрэг. Хэд хэдэн удаа уулзсаны дараа Пүрэвсайхан харцага Увсын Бат-Оршиход ямар ч үнэмшилгүй унаад өгч байгаа юм. Жалга довны энэ өчүүхэн сэтгэлгээ монгол үндэстний нэгэн дархлаа болсон бөхийг ийн устгаж гүйцлээ. Увсын ойн үзүүр түрүүний барилдаан шиг бөхчүүд хэдий болтол худлаа барилдаж, өөрсдийгөө ард түмнээ хуурах юм бэ. Зөвхөн монгол бөхөд бус аль ч салбарт худлаа хуурмаг, дүр эсгэсэн, жүжиглэсэн зүйл газар авч, хэрээс хэтэрсэн нь Монгол Улс хөгжихгүй байгаагийн гол учир зангилаа шүү дээ. Харамсалтай нь үүнийг үнэнээр нь гаргаад хэлчих зоригтой аавын хүү Монголын төрд, энэ цаг үед алга байна. Увс нутгийн халуун цустай залуучуудаас “Үзүүр түрүүний бөх үнэн онигоо боллоо. Бид Монголын ард түмний өмнө шившгээ дэлгэлээ” гээд хэлчих зоримог залуу байхгүй л байна.

Халхын анхдугаар Богдын ой бас юу болчихов доо. Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойн хүрээнд бид дэлхийд Монголоос тодорсон сод дөрвөн хүмүүний нэг Өндөр гэгээнийхээ үнэ цэнийг төр засаг нь ч, Шинжлэх ухааны академи нь ч ойлгуулж, сая нэг байранд нь тавив бололтой. Үүнийг шинжлэх ухааны нэртэй эрдэмтэд, монгол төрийн дархлаа болсон зүтгэлтнүүд хэлж байгаа.

Гэтэл өнөө бүдүүлэг, боловсролгүй гэгддэг бөхчүүд анхдугаар Богдынхоо Бат оршил өргөх даншиг наадмыг бас л гутааж орхисон. Халхын Өндөр гэгээн бол дэлхийд танигдсан суут хүмүүн. Оюун ухаан, авьяас билгийн дээд илэрхийлэл болсон нэгэн. Ийм гэгээнтнийхээ ойн төрт ёсны наадмыг зөвхөн Өвөрхангай аймгийн наадам мэтээр ойлгох, тэр нутгийн бөх түрүүлэх учиртай гэсэн элийрсэн ядмаг, үхширмэл сэтгэлгээнээсээ нэн даруй салах хэрэгтэй байна. Өндөр гэгээний ойд Өвөрхангайн бөх түрүүлэх нь зохимжгүй харагдаж байлаа. Яагаад өөр аймгийн бөх түрүүлж болдоггүй юм. Бас л нэг хэдэн цэцэрхсэн дарга нар, ирэх сонгуулийн шоу энээ тэрээгээ бодож, “ноёны бөх” гэдэг шиг нутгийнхаа бөхийг түрүүлүүлж байгаа. Завханы Гончигдамбыг Өвөрхангайн нэг бөх мөн л бөхийн дэвжээн дээр ёс зүйгүй авирлаж нүдийг нь тэс цохисон гэж дуулдана лээ. Дэлхий нийтээрээ глобалчлагдаж буй энэ цагт бөхчүүдийн жалга довны үзэл үнэндээ өрөвдмөөр харагдах юм. Өндөр гэгээн хэн бэ гэдгийг зах зухаас нь гадарладаг бол төрт ёсных нь наадамд тийм бүдүүлэг үйлдэл гаргахгүй нь лавтай.

Японы үндэсний спорт сумод яагаад монгол бөхчүүд дараалан аварга болоод байгааг манайхан анхаарч үзээсэй. Япончууд энэ олон жилийн хугацаанд монголчуудад долгинож байгаа юм шиг монголоос аварга төрүүлээд байгаа юу, үгүй ш дээ. Хэн чадалтай нь тэнд аварга болдог. Тэр хэрээр өндөр хариуцлага, үүрэг хүлээдэг. Өөрийнхөө нэг бөхийг дэмжээд ёкозуна болгох эрх япончуудад бүрэн байгаа. Гэвч тэд үндэснийхээ ёс уламжлалыг хадгалсан спортоо уландаа гишгэхийг бодохгүй байна. Үндэснийхээ дархлааг хадгалж, дээд зэргээр хүндэтгэн хайрлаж байна. Харин манайд ийм зүйл алга.

Авлигад идэгдэж мөнгөнд шунасан хэдэн хөлстэй бөхчүүд монгол үндэстний дархлаа, өв соёл, ёс уламжлалын илэрхийлэл болсон монгол бөхөө мөхөөж, цаашлаад монгол үндэстнээ байхгүй болгох гэсэн бодлогыг өөрийн мэдэлгүйгээр хийж байна. Бөхчүүд “Монгол бөх зуун зуунд дамжиж ирсэн Монголын ард түмний их соёл юм” гэж ярих боловч начир дээрээ үүнийхээ эсрэг явах болсон. Бөхчүүдийн ёс жудаггүй худал хуурмаг байдлыг бид хэдий болтол тэвчиж, амаа үдүүлсэн мэт дуугүй суух вэ. Удахгүй наад бөх тэх гэх хүрээлэл чинь идээ бээрэндээ нэвширтэл идэгдэн тэсэрч улмаар Монгол үндэстнийг мөхөөх аюул ирснийг бодох цаг болжээ, нөхөд минь.