2015 оны 08 дугаар сарын 03-ныөдөр нийслэлийн хэмжээнд 321 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас осол хэргийн шинжтэй 247 дуудлага хүлээн авч, хүн гэмтсэн 11 осол гарч, ослын улмаас 2 хүн нас барж, 21 хүн гэмтсэн байна. Эд материалын хохиролтой зам тээврийн осол 5 гарсан.

2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 15.23 цагийн үед СБД-14 хороо, Дарь-Эхийн зам, Завсрын буудлын замд амины Toyota Passo автомашины жолооч “Ө” нь явган зорчигч /15н, эм/ “Ү”-г мөргөж амь насыг хохироосон.

2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 02.40 цагийн үед СБД-10-дугаар хороо, Их тойруу, СБД-ийн нэгдсэн эмнэлгийн урд замд амины Hyundai Sonata-2 маркын автомашины жолооч “З” нь явган зорчигч /30н, эр/ “Б” мөргөж амь насыг нь хохироосон ноцтой ослууд гарсан байна..

Замын цагдаагийн алба хаагчид согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 104 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан жолооч 2, согтуугаар хөдөлгөөнд оролцож гэмтсэн явган зорчигч 1 байна.   

  Хүүхэд өртсөн осол 3 гарсаны 1 нь сургуулийн өмнөх насны, 2 нь сургуулийн насны хүүхэд байсан ба бүгд явган зорчигч хүүхдүүд байсан байна. 

Иймд хүн бүр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архинаас үүдэн гарах хор хохирлыг гүнээ ухамсарлах, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсээ зүүж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь жолооч төдийгүй хүн бүрийн чухал үүрэг болоод байна.

2015 оны 09 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхлэх Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нарт хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлж өгсөн. Тухайлбал,

Хуулийн 27 дугаар зүйл.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох: 27.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

27.2.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

27.3.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

27.4.Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

54 дүгээр зүйл.Жолоочоос бусад замын хөдөлгөөнд оролцогч этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих

54.4.Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

54.5.Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

 

54.6.Энэ хуулийн 13.2.7-д / 13 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг13.2.7.эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;/заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.