Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара орон гэргүй, тэнэмэл, өнчин ядуу, архичин гэгдэж, нийгмээс гадуурхагдан амьдарч буй иргэдэд зориулан Баянзүрх дүүрэгт орон сууцны хотхон бүхий Халамжийн төв барих гэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр орон гэргүй хүмүүст туслах, тэднийг нийгэмшүүлэх ажлыг 15 жилийн турш хийсэн бөгөөд энэ хугацаанд 300 гаруй хүнийг нийгэмшүүлсэн байна. 

Улиастайн халамжийн төвийн ажилтан 70 хүрч яваа Ц.Тамара "Жилд ойролцоогоор 60-110 хүн өвлийн хүйтэнд орох оромжгүйгээсээ болж осгож амь нас, эрүүл мэндээрээ хохирдог. Халамжийн төвийнхөө 15 жилийн ойд зориулж амьдралын боломж тааруу 15 өрхөд зориулж 15 гэр бэлэглэхээр зорьж байна. Гэр оронгүй тэнэмэл хүмүүст зориулж 100 айлын орон сууц, 530 хүний халамжын газар байгуулахаар төлөвлөсөн. 100 айлын орон сууцны хотхоны суурь нь тавигдаад эхэлчихсэн" гэлээ.

Тиймээс энэхүү сайн үйлсийнхээ  аянд Монголын ард түмнийг эд материал болоод санхүүгийн туслалцаа үзүүлэхийг хүсч буйгаа дуулгахаар мэдээлэл хийж байгаа нь энэ аж. Баянзүрх дүүрэгт баригдах тус хотхоныг барьж, ашиглалтад оруулахад 500 гаруй сая төгрөг шаардлагатай гэнэ. 

Мөн "Хүнд юм өгөөд байхаар өгсөн юм хэд дахин өсөж ирдэг. Би нэг хүнийг хайрласны төлөө 10 хүний хайрыг авдаг. Тэдгээр хүмүүсийг 25 жил гэр оронгүй байлгалаа. Бид шорон дүүрэн хоригдолтой, гудамж дүүрэн архичинтай боллоо. Бид санаачлаад бүгдээрээ тал талаас нь дэмжвэл энэ асуудал шийдэгдэнэ. Нэг хүнийг нийгэмшүүлэхэд хоёр жилийн хугацаа, маш их хөдөлмөр, сэтгэл шаардагддаг юм. Жишээ нь, нэг хүний бичиг баримтыг 10 гаруй хоног хөөцөлддөг.  Маш их эрсдэлтэй ажил. Эрсдэлтэй байлаа гээд айгаад хийхгүй байж болохгүй” хэмээн энэ үеэрээ хэлсэн юм.