Эдийн засгийн хүндрэлд орсон энэ цаг үетэй зэрэгцэн хичээл, сургууль орох дөхөөд ноён ногооны ханш өсөх хандлагатай байсан ч өнгөрөгч долоо хоногоос буурч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар  Монголбанкны нэрлэсэн ханшаар доллар 1991төгрөгтэй тэнцлээ.  Мөн  “Найман шарга” захын ченжүүд нэг ам.долларыг 1990 төгрөгөөр авч, 1993 төгрөгөөгр зарж байгаа бол арилжааны банкууд 1984-1987 төгрөгөөр авч, 1997-1999 төгрөгөөр зарж байна.

Ийнхүү долларын ханш буурч байгаа хэдий ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногтой харьцуулахад 7 нэрийн барааны үнэ тогтвортой, 14 нэрийн барааны үнэ буурч, 11 нэрийн барааны үнэ өсчээ. Харин махны үнэ буурчээ.

Махны дундаж үнэ наймдугаар сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5660 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7005 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 110 төгрөгөөр, үхрийн цул мах 450 төгрөгөөр тус тус буурчээ.  Үхрийн мах “Хархорин”, “Баянзүрх” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 10000 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 8.3 хувиар буюу 510 төгрөгөөр, хонины цул махны үнэ 7.6 хувиар буюу 545 төгрөгөөр тус тус буурчээ.  Харин  “Хар хорин” хүнсний захад хонины мах хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 9000 төгрөгийн  үнэтэй худалдаалагдаж байгаа аж.

Гурилын үнэ нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээдийн дээд зэрэг нь 1500-2000 төгрөг, дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-1300 төгрөг, нэг кг 1-р зэргийн “Алтан тариа” гурил 950-1100 төгрөгийн үнэтэй байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1019-1200 төгрөгийн үнээр зарагдаж байгаа юм. “Номин” супермаркетэд “Атар” талхыг хамгийн хямд буюу 1019 төгрөгөөр, харин “Замбала”,  “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Барс”, “Баянзүрх” захуудад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 190 төгрөгөөр, монгол лууван 55 төгрөгөөр, монгол манжин 45 төгрөгөөр, хятад сонгино 65 төгрөгөөр тус тус буурч, харин монгол байцааны үнэ  45 төгрөгөөр өсчээ.