Мөнгөн хонхны дуутай зэрэгцэн  аз жаргал инээд хөөр цалгиулсаар   ЕБС, их дээд сургуулиудын  хичээлийн шинэ жил энэ өдөр нээлтээ хийж байна.  

Энэ жил Сургуулийн өмнөх боловсролд 1'225 цэцэрлэгт 218'100 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 11'400-аар нэмэгдэж  байгаа гэсэн тоон үзүүлэлт юм.  

 Ерөнхий боловсролын нийт 799 сургуульд 539'818 сурагч хамрагдана. Үүнээс төрийн өмчийн сургуульд 94.5 хувь нь, төрийн бус өмчийн сургуульд 5.5 хувь нь хамрагдана. Нийт суралцагчийн 50,3 хувь нь бага ангид, 27,5 хувь нь дунд ангид, 22,2 хувь нь ахлах ангид тус тус суралцана. Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид 64'364  сурагч элсэн суралцана.

Төрийн болон төрийн бус өмчийн нийт 99 их, дээд сургууль, коллежид 169,000 орчим оюутан суралцах тоо гараад байна.

 2015-2016 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгт 6'900 багш, ерөнхий боловсролын сургуульд 28'800 багш,  нийт 35'700 багш нар ажиллах юм.  

Та бүхний маань эрдмийн гэрэлт аяны зам тань дардан байж, ирээдүйн оюунлаг, хүчирхэг Монголын төлөөх их үйлс тань үргэлж мандан дэлгэрэх болтугай!