Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийсэн билээ. Уг шинэчлэлийн хүрээнд иргэд цахим карт буюу “U-money” картаар нийтийн тээврээр зорчиж эхэлсэн юм. Мөн автобусны чиглэлийг өөрчилж, богино эргэлттэй болгов. 

Олон жил шинэчлэл хийгдээгүй салбарт ахиц гарч буй ч асуудал, шүүмжлэлийг маш ихээр араасаа дагуулж эхэлсэн. Тодруулбал, иргэд нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгө 500 төгрөгийг төлдөг байсан бол 1000 төгрөг төлөх шийдвэрийг гаргаж, өчигдрөөс мөрдөнө хэмээн албаныхан хэлсэн. Тэгвэл уг шийдвэрийг иргэд эсэргүүцэж эхэлсэн бөгөөд 500 төгрөгөөр зорчиж байна. Бэлэн мөнгө зорчигч нарын дотор "карттай боловч цэнэглэх газар олдохгүй байна. Мөнгө нь дууссан гээд цэнэглэж өгөхгүй байна" хэмээв. Иргэд богино эргэлтээр дамжин суулт хийж байж хүрэх газраа очиж байна. Нийтийн тээврийн зарим чиглэлд 30-40 минут автобус хүлээж, пиг дүүрэн хүнтэй автобусанд чихэлдэн сууж байгаа аж.