“УИД” хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хохироож байгаа талаар жижиг хувьцаа эзэмшигчид гомдоллоод удаж байна. Тэдний гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хороо шалгалт хийгээд шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Эрх зүйн хэлтсийн дарга Н.Батгэрэлээс тодрууллаа. 
 
-Улсын Их дэлгүүрийн жижиг хувьцаа эзэмшигчидийн гомдлын дагуу хийсэн шалгалтын талаар тодруулахгүй юү? 
-“Улсын Их Дэлгүүр” хувьцаат компанийн жижиг хувьцаа эзэмшигчдээс удаа дараа гомдол ирж байсан. Тэдний гаргасан гомдол хэр үндэслэлтэй вэ гэдгийг тогтоохоор газар дээрх шалгалтыг Санхүүгийн зохицуулах хорооноос хоёр ч удаа хийгээд байна. Тодруулбал, Хорооноос томилогдсон ажлын хэсэг 2015 оны хоёрдугаар сар, дөрөвдүгээр сард шалгалт явуулсан. Ингэхдээ “УИД” ХК-ийн холбогдох этгээдүүд болох “Номин Холдинг”, “Номин тав”, Номин реалтор” компаниудын хооронд хийгдсэн гүйлгээ, гэрээ хэлцэл бүрийг санхүүгийн баримт, үндсэн гэрээнүүдэд тулгуурлан явуулсан. 
 
-Гол нь шалгалтаар ямар дүгнэлт гарсан бэ. Үнэхээр жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хохироосон зөрчил дутагдалтай байсан уу? 
-“Номин Холдинг” группын гишүүн компаниудын хооронд хийсэн гэрээ, хэлцлүүд, эдгээрийн үндсэн төлбөр тооцоо нь зарим талаар сонирхолын зөрчилтэй, жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд ашиггүй, дүр үзүүлсэн болохгүйгээ халхавчилсан гэрээ байх магадлалтай гэж шалгалтын ажлын хэсэг дүгнэсэн. Тухайлбал, 2008 оноос хойш хийсэн түрээсийн болон зээлийн нийт 13 гэрээг хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл мөн эсэх нь эргэлзээтэй байгаа. Эдгээр гэрээг хүчин төгөлдөр үү гэдгийг тогтоолгохоор жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг өмнөөс Санхүүгийн зохицуулах хороо шүүхэд нэхэмжлэх гаргаад байна.  
 
-Шүүхэд нэхэмжлэл гаргах бол жижиг хувьцаа эзэмшигчид гаргах ёстой юм биш үү. Яагаад Санхүүгийн зохицуулах хороо нэхэмжлэл гаргаж байгаа юм бэ?
-Жижиг хувьцаа эзэмшигчид шүүхэд нэхэмжлэл гаргахад төлөх тэмдэгтийн хураамж өндөр гарна. Нэгэнт хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүрэг нь бидэнд бий учраас Санхүүгийн зохицуулах хороо тэдний өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаа юм. Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар төрийн байгууллагын гаргаж буй нэхэмжлэлд хураамж төлдөггүй.
 
-Санхүүгийн зохицуулах хороо жижиг хувьцаа эзэмшигчдийг төлөөлж нэхэмжлэл гаргаж байгаа нь ямар нэг хууль зөрчсөн үйлдэл биш гэсэн үг үү? 
-Хууль зөрчсөн үйлдэл биш. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Үнэт цаас гаргагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан нь хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл Хороо хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасан. Мөн тус хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.16-д “Шаардлагатай тохиолдолд үнэт цаас эзэмшигч /хувьцаа эзэмшигч/ -ийн нэрийн өмнөөс тэдгээрийн эрх ашгийн төлөө итгэмжлэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэсэн заалтуудыг хууль зүйн үндэслэл болгон шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэсэн үг. “УИД” ХК-ийн 54.415 жижиг хувьцаа эзэмшигчийн өмнөөс гаргаж буй нэхэмжлэл юм.  
 
-“УИД” хувьцаат компани хэр олон хувьцаатай юм бэ? 
-100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 36,807,850 ширхэг энгийн хувьцаатай. Үүнээс томоохон хувьцаа эзэмшигч нь нийт хувьцааны 68.4 хувийг эзэмшдэг. Үлдсэн хувийг 45,415 жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг.
 
-Өмнө нь хувьцаа эзэмшигчиддээ хуулийн дагуу хүртэх ёстой ногдол ашгийг нь тарааж чадаж байсан болов уу?
-“Улсын их дэлгүүр” хувьцаат компани нь 2001 онд 30 мөнгө, 2007 онд 3 төгрөгийн ногдол ашиг хуваарилаж байсан. Харин бусад жилүүдэд алдагдалтай ажилласан гэх шалтгаанаар ногдол ашиг хуваарилаагүй байдаг юм. Бас нэг сонирхолтой зүйл нь энэ хувьцаат компани ердөө хоёрхон ажилтантай. Гүйцэтгэх захирал С.Сайнбаяр нь “Номин Холдинг” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирлаар, нягтлан бодогч Б.Ээжиймаа нь мөн “Номин Холдинг” ХХК-ийн ахлах нягтлан бодогчоор ажилладаг байгаа юм. “УИД” ХК-ийн гүйцэтгэх захирал, нягтлан нь давхар “Номин Холдинг” ХХК-ийн захирал, нягтлан хийдэг гэсэн үг.
 
-“Улсын Их дэлгүүр” хувьцаат компанийн үндсэн үйл ажиллагаа нь юу юм бэ? 
-Өөрийн хөрөнгө болох худалдааны зориулалттай долоон давхар байшин /Улсын их дэлгүүр/-ийг 2002 оноос хойш “Номин Холдинг” ХХК болон түүний охин компаниуд болох “Номин реалтор”, “Номин тав” ХХК-иудад түрээслүүлдэг үндсэн үйл ажиллагаатай компaни.