ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайдын үүрэг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогт өнөөдөр “Сайдын цаг” уулзалтад оролцож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын талаар мэдээлэл хийлээ.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг Монгол Улс анх удаа баталж байна. Өмнө нь энэхүү хуультай ижил төстэй буюу Татварын өршөөлийн хуулийг 2007 оны 12 дугаар сард хэрэгжүүлсэн. Энэ хуульд 8000 гаруй компани хамарч, татварын суурь 4.5 их наядаар нэмэгдсэн хэмээн С.Баярцогт сайд мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.
 
Тэрбээр,  “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нуун дарагдуулсан орлого буюу татварын суурь болж бүртгэгдээгүй байгаа орлогуудыг ил болгох асуудлыг зохицуулсан. Мөн Гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр хилээр нэвтрүүлсэн эд зүйлс, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн асуудлыг зохицуулсан байгаа. Энэ хуулийг 2012 оноос хойш 3 удаа өргөн барьж байсан ч УИХ-аас гаргасан зарим зарчмын зөрүүтэй асуудлуудын үүднээс эгүүлэн татан авч байсан. Саяхан дахин боловсруулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлууллаа.
 
Монгол Улсын санхүүгийн жил 12 сарын 31-нд дуусдаг. Тэгэхээр Татварын болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь татварын бодлогод зохицуулалт хийж, хуулийн этгээд буюу компани, хувь хүний орлогын блансыг шинээр эхлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
 
Хуульд хамрах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд энэ оны 12 дугаар сарын 31-ний дотор 2015 оны нэгдүгээр улирлын тайлангаа ирүүлэх ёстой. Аж ахуйн нэгжүүдийн тайланг цахим болон цаасан хэлбэрээр бүртгэхээр төлөвлөж байна. Цахим бүртгэлийг энэ оны 12 дугаар сарын 31-ний 24 цаг хүртэл авна. Харин цаасан бүртгэлийг 31-ний 18.00 цаг хүртэл буюу ажлын цаг дуусах хүртэл авах юм.
 
Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын хэмжээнд илрээгүй юм уу, орлогын мэдүүлэгтээ тусгаж, бүртгүүлээгүй хөрөнгө байхгүй болно гэж үзэж байгаа. Иргэн, аж ахуйн нэгжүүд өөрийн хүсэлтээр далд байсан хөрөнгөө ил гаргаж, бүртгүүлэх юм бол Эрүүгийн болон Захиргааны хариуцлагаас нэг удаа чөлөөлөх юм.
 
Хуулийн хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, НЭМҮТ, Онцгой албан татвар, Гаалийн албан татварыг өршөөнө. Хуульд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нууцална” гэв.
 
Түүнчлэн, 3Засгийн газрын ээлжит хуралдаанаар хууль хэрэгжүүлэх журам баталсан. Журмын тухай тодорхой мэдээллийг ТЕГ, УБЕГ гэх мэт төрийн байгууллагуудын цахим хуудсанд байршуулна.
 
Энэ хуулийн талаар иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх зорилгоор 1800-тэй тусгай дугаарууд ажиллуулахаар төлөвлөж байгаа. Иргэд аж ахуйн нэгжүүд уг утасанд хандаж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
 
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш сар бүрийн 10-нд хэдэн аж ахуйн нэгж, хэдэн төгрөгийн хөрөнгөө бүртгүүлсэн талаар мэдээлэл хийж байх болно.
 
Өчигдөр ажлын хэсэг анх удаагаа хуралдсан. Энэ хуралдаанд бизнес эрхлэгчид болон гол, гол төрийн байгууллагуудыг урьж оролцуулсан. Хуралдаанаар хуулийг аль болох олон хүнд таниулах, сурталчлах чиглэлээр Засгийн газар, бизнес эрхлэгч хамтран ажиллахаар тохирсон” гэв.
 
Монгол Улсын эдийн засгийн 30 хувийг далд эдийн засаг эзэлж байна гэсэн судалгаа бий. Хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр далд эдийн засаг буурна. Мөн татварын суурь нэмэгдэнэ хэмээн Засгийн газар үзэж байгаа аж.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авлаа.
 
-Монгол Улсын төсвийн алдагдал хэр их байна вэ?
 
- Төсвийн орлогын биелэлт эхний долоон сарын байдлаар 580 орчим тэрбум төгрөгөөр тасарсан байгаа. Гааль дээр орлогын тасалдалт өндөр байна. Энэ нь импортын хэмжээ эрс буурсантай холбоотой. Одоо дэлхий нийтэд шатахууны үнэ буурч байна. Нефтийн үнэ буурахад манайд ашигтай. Гэвч Монгол Улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг зэс, нүүрс, төмрийн үнэ унасан. Тиймээс төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай.
 
-Эдийн засгийн Өршөөлийн хууль баталснаар татварын өртэй компаниуд өршөөгдөх юм байна. Тэгэхээр “Иточү”, “Алтайн Хүдэр” зэрэг улсад их хэмжээний татварын өртэй компаниуд өршөөгдөнө гэж ойлгож болох уу?
 
-Одоогийн байдлаар 640 орчим тэрбум төгрөгийн татварын өр байгаа. Энэ бол татвараа нуусан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг биш зүгээр өр юм. Тиймээс компаниуд дээрх 640 тэрбум төгрөгийн татварыг төлөх ёстой.
 
-УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газрыг 9 дүгээр сарын 6-ны дотор сайд нарынхаа нэрсийг өргөн барь гэсэн албан бичиг хүргүүлсэн. Засгийн газрын зүгээс энэ хугацаанд сайд нарын нэрсийг өргөн барьж амжих уу?
 
-Засгийн газрын хуулиар сайд нарын нэрсийг 30 хоногийн дотор УИХ-д өргөн барих ёстой. Үүнтэй холбогдуулаад Засгийн газрын зүгээс намуудын хэлэлцээрийн үндсэн дээр сайд нарын нэрсийг өргөн барихаар ажиллаж байна.
 
-Хугацаандаа амжиж өргөн барьж чадах уу?
 
-Бүх асуудал намуудын хоорондын хэлэлцээрээр шийдэгдэнэ. Засгийн газрын хууль 1993 онд батлагдсан. Засгийн газрыг бүрдүүлж чадаагүй бол урт хугацаагаар үүрэг гүйцэтгэгч ажиллаж байсан түүх бий. 1998 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед түр орлон гүйцэтгэгч сайд нар 7 сар ажилласан байдаг. Гэхдээ энэ удаад нэг их удахгүй байх.
 
-Дэд сайд нарын асуудлыг танай нам дотор хэлэлцсэн үү?
 
-Сайд нарыг томилсоны дараа энэ талаар хэлэлцэнэ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг