Өнгөрсөн даваа гарагт Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, “Тэнгэр групп”-ийн хашаанд барилгын ажил эхлүүлсэн нь тэндхийн 109, 110 дугаар байрны оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч, зодоон үүссэн талаар бид өмнө мэдээлж байсан. Тухайн үед хүүхдийн тоглоомын талбайд орон сууц барих гэж байна гэсэн мэдээллийг эх сурвалж өгч байсан бөгөөд бид эргэн сурвалжиллаа. 

Ингэхдээ оршин суугчид, “Гандирс” СӨХ-ийн төлөөлөл, барилгын захиалагч иргэн Н.Номондалай, Гүйцэтгэгч компанийн менежер С.Ууганбаяр, “Тэнгэр групп”-ээс тус тус тодруулга авсан юм. 

Биднийг очиход “Гандирс” СӨХ-ны байцаагч н.Батсүрэн, хэд хэдэн оршин суугчдын хамт мэдээлэл өгөхөөр угтсан юм. Барилгын суурь цутгагдаж эхэлсэн талбай нь иргэн Н.Номондалайгийн хувийн эзэмшлийн газар бөгөөд “Гэр тэрэг” гэх монгол гэр үйлдвэрлэлийн жижигхэн байшин уг газарт байжээ. Харин өнгөрсөн жилээс барилгын ажил эхлүүлэхээр хөөцөлдөж эхэлсэн бөгөөд  СӨХ-ноос энэ оны гуравдугаар сард нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт барилга барих зөвшөөрөл олгохгүй байх хүсэлтийг илгээж байсан байна. 
Харин өнгөрсөн наймдугаар сард нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосныг СӨХ болон оршин суугчид эсэргүүцэж, ийнхүү тэмцэж байгаа юм байна. 

Эсэргүүцлийн шалтгаан нь оршин суугчдаас нэг ч удаа санал, зөвшөөрөл аваагүй, барилга хоорондын зай хэт ойрхон байгаа нь оршин суугчдад аюул учруулах үндэслэлтэй, барилга ашиглалтад орсноор тус байруудын эзэмшил газрыг ашиглах зэргийг дурдаж байв. 

Шинээр баригдах барилга руу орох зам нь 109.110 дугаар байрны хашаагаар дамжин орох, эсвэл “Тэнгэр групп”-ийн хашаагаар дамжин орох хоёрхон сонголттой бөгөөд орон сууцны хашаагаар хэд хэдэн удаа барилгын материалаа зөөн оруулах үйлдэл хийж, өнгөрсөн сарын 14-ний өдрөөс оршин суугчид хашаагаараа нэвтрүүлэхгүй байхаар ээлжлэн жижүүрлэж, эсэргүүцсэн байна. Эсэргүүцэл явсаар 31-ний өдөр томоохон зодоон болж хувирсан бөгөөд зодоонд барилгын захиалагч иргэн Н.Номондалай “Жавхлант өсөх эрдэнэ” хамгаалалтын албаныхныг дуудсан нь оршин суугчдыг бэртэл гэмтэл авах, эсэргүүцэл туйлдаа хүрэх шалтгаан болсон гэв. 

Оршин суугч н.Навч: Хамгаалалтын залуусаар биднийг зодуулаад, Н.Номондалай хараад зогсож байсан

Орон сууцны хашаагаар том оврын автомашинууд, миксерүүд нэвтрэх нь туйлаас аюултай. Тиймээс бид хашаагаараа нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй. Гэтэл булиа том биетэй зургаан залуу, сүүлд 30 гаруй залуу нэмж ирж, настайчуул, эмэгтэйчүүдийг өргөж шидэж, модоор цохиж, базаж, самардаж, хэл амаар доромжилсон. Биднээс дөрвөн хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдэн, одоо шүүх эмнэлгээр явж байна. Би 109 дүгээр байрны нэг давхарт амьдардаг. Энэ барилга баригдсанаар нар үзэх боломж нэг минут ч байхаа болино. Байраа заръя гэхэд нэгдүгээрт Экогийн барилга чанар муутай гэх, хоёрдугаарт нар салхи үздэггүй гэх шалтгаанаар үнэгүйдчихээд байна. Хөлс хүчээ зарж авсан орон гэрээ ийм байдалд харсаар байгаад оруулчихаж чадахгүй. 

Барилга хоорондын зай зөрчсөн, барилга руугаа дамжин өнгөрөх газаргүй байхад яагаад барилга барих зөвшөөрөл олгосныг ойлгохгүй байна. Н.Номондалай бүх зүйлийг мөнгөөр шийддэг, бохир аргатай хүн. Биднийг булиа том биетэй, хамгаалалтын албаныхнаар зодуулж байхдаа инээгээд л бичлэг хийгээд зогсож байсан. 

 

“Гандирс” СӨХ-ийн байцаагч н.Батсүрэн: Эсэргүүцлийг болиулах мөнгө амласан

Бид оршин суугчдынхаа эрхийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийж байгаа ч хүч хүрэхгүй байна. СӨХ-ны дарга н.Баярмаа хамгаалалтын залууст зодуулаад хүнд бэртэл авсан, шүүх эмнэлгээр явж байгаа. 

Н.Номондалайгийн хүмүүс “Чи л тэмцлийг толгойлж байна. Чамайг ална” зэргээр байнга дарамталж байна. Би айж байна. Надтай уулзаж, учир битүүлэг зүйл яриад байсан залуу манай байрны нэг оршин суугчид таван сая төгрөг амлаж, тэмцлийг толгойлж байгаа хүмүүсийг чимээгүй болгохыг хүссэн байна. 

Бид мөнгөний төлөө биш орон байраа хамгаалах, тав тухтай орчинд амьдрахыг, хууль бус барилгын зөвшөөрөл олгодог нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрыг л эсэргүүцэж байна. 

Энд барилга баригдах сургаар “Тэнгэр групп”-ийн төлөөлөл бидэнтэй уулзаж, “Барилга барихыг нь тууштай эсэргүүцнэ шүү. Танайх хашаагаараа битгий оруулаарай. Бид ч эсэргүүцнэ” гэж байснаа гэнэтхэн хашаагаа суллаж, нэвтрүүлж байгааг гайхаж байна. Бодвол ихээхэн мөнгө төгрөг яригдсан биз. Хашаагаа түр ашиглуулсныхаа хариуд группийнхээ хашааг шинэчлэн бариулах, мөсөн коток байгуулуулах зэрэг зүйлс яригдсан талаар сонссон. 

Тэнгэр групп: “Энэ чинь манай талбай шүү дээ”

Энд ямар ч хүүхдийн тоглоомын талбай байгаагүй. Манай байгууллагын машины зогсоол, ажилчид маань чөлөөт цагаараа тоглодог сагсны талбай байсан юм. Барилгын ажил эхлүүлсэн хүмүүс хоёр сар манай хашаагаар барилгын материалаа зөөж оруулахыг гуйсныг манай удирдлагууд зөвшөөрсөн. Хамгийн гол нь энэ талбай чинь манай талбай. 

Гэтэл “Тэнгэр групп” хүүхдийн тоглоомын талбайг булаан барилга барьж буй гэх мэдээлэл тараасан байна. Бид нэр төрөө сэргээлгэнэ. 

 

Захиалагч иргэн Н.Номондалай: Надаас мөнгө гуйсан ч өгөхгүй

“Гэр тэрэг” компани маань сүүлийн арав гаруй жил үйлдвэрлэл эрхэлсэн, энэ бол миний өмчийн газар. Сүүлийн хоёр жил энэ газраа барилга барих зөвшөөрөл авахаар хөөцөлдөж, бүтээсэн. Барилга хоорондын зай хангалттай 40 метр байхад яагаад эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна. Барилгын материал ачсан автомашинуудыг оруулахгүй, өмнө нь гарч хэвтэх, хэл амаар доромжлох зэргээр удаа дараа эсэргүүцсэн тул 31-ний өдөр хамгаалалтын албаныхныг дуудсан. Энэ үеэр тэдний яриад байгаа шиг зодоон болоогүй. Оршин суугчдыг машины өмнөөс өргөж холдуулсан, зам чөлөөлсөн.

Эсэргүүцлийг удирдсан хүмүүст мөнгө амласан талаар ярьсан нь огт худал. Тэд мөнгө гуйсан ч би өгөхгүй. Учир нь миний зөвшөөрөл, бүх зүйл хууль ёсных. Би яасан гэж тэдэнд мөнгө өгөх юм. 

 

Гүйцэтгэгч компанийн менежер С.Ууганбаяр: Барилгын сууриа цутгасан. Ирэх жил ашиглалтад хүлээлгэн өгнө. Тав хүртэл давхартаа үйлдвэрлэл, 6-8 давхарт үйлдвэрийн ажилчдын орон сууц болох нийт найман давхар барилга босно. 

Өөрийн эзэмшлийн газартаа, “Тэнгэр групп”-ийн хашаагаар дамжин орж, барилгын ажил явагдаж байна. Оршин суугчид чухам яагаад эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна. “Тэнгэр групп” эхэндээ орон сууцны барилга байх гээд эсэргүүцэж байсан, сүүлд үйлдвэрийн барилга баригдах гэж байгааг мэдээд үндэсний үйлдвэрээ дэмжих хүслээр хашаагаараа нэвтрэн орохыг зөвшөөрсөн гэж сонссон.