Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн их эмч К.Гүльжантай ярилцлаа.

-Хэнтий аймагт өдөрт хэчнээн ээж төрж байна вэ. Ачаалал хэр байна?

-Өдөрт дөрөв, хоёр гээд янз бүр. Хамгийн дээд тал нь 12 ээж төрсөн өдөр ачаалалтай байдаг. Үүний хажуугаар хагалгаа орно. Нэг хүн ганц хоёр цаг өвдөөд төрөхгүй. Давтан төрөгч 6-8, анхных 12-16 цаг өвдөж төрдөг учраас ачаалалгүй өдөр гэж ховор. 

-Эх, хүүхдийн эндэгдэл хэр байна вэ?

-Эх, хүүхдийн эрүүл мэндийг манай аймагт ихээхэн анхаарч ажилладаг болохоор хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр хангагдсан. Жилээс жилд эх, хүүхдийн эндэгдэл буурсан. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил хүүхдийн эндэгдэл жилийн дунджаас доогуур үнэлгээтэй болсон байгаа. Манайд хүчин чадал сайтай эхо, ургийн манитор, ургийн бичлэг хийдэг аппараттай. Мөн дутуу төрсөн нярайнуудаа байрлуулдаг инкубатор, халаах ширээ гэсэн аппаратаар хангагдсан ч хүрэлцээний хувьд бага зэрэг дутагдалтай байгаа.

-Алслагдсан сумдын эхчүүддээ хэр анхаарал тавьж ажилладаг юм бэ?

-Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу хөдөө сумдад эх амаржихаа болиод дараагийн шатлалын төрөх тасагт ирж төрдөг болсон. Төрөх хугацаа нь болсон цөөн тохиолдолд хөдөө сумдад төрж байгаа. Сүүлийн үед эхчүүдийн даралт ихсэх, хавагнах, жирэмсний хожуу хордлогын хүндрэл, үүнийг дагаад ус эрт гарах, ураг бүтэлттэй төрөх, ихэс хөгшрөх, савны гадуурх жирэмслэлт зэргээс болж төрсний дараа цус алдах нь их байна.

-Энэ бүхэн юунаас болж байна вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж байгаа юм. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэдэг манай эх, хүүхдийн эрүүл мэндийн төслийн зарчим. Гэтэл сүүлийн үед энэ зарчим алдагдсан. Эхчүүд маань эрүүлжиж жирэмслэхгүй ямар нэг суурь өвчтэй байна. Тухайлбал, бөөр, шээсний замын үрэвсэлтэй эхчүүд жирэмслэхээр хожуу хордлого нь хүндэрч байгаа юм. Мөн хоол, хүнсний бүтээгдэхүүн, орчин, компьютер, гар утас бас их нөлөөлж байна.

-Жирэмсэн үед суурь өвчнийг эмчилж болдог уу?

-Бөөр нь өвддөг, элэгний архаг үрэвсэлтэй, ханиад томуу, янз бүрийн өвчний үед жирэмсэлсэн тохиолдолд төрөхийн өмнөх тасагт хэвтүүлэн эмчилдэг. Шинжилгээний явцад илэрсэн эмгэгийг тав, найман сартай, төрөхөөс 14 хоногийн өмнө гэсэн шатлалтай хэвтүүлж эмчлээд эрүүл­жүүлээд төрүүлж байгаа.  

-Танай аймагт ургийн дутуу хөгжил ямар байна вэ?

-Хүүхдийн эх доторх өсөлтийн сааталд ургийн халдвар, ургийн архаг бүтэлт байж болно. Эх өөрөө ямар нэг ханиад, вирусын халдвараар жирэмсэн байх хугацаандаа өвчилсөн, ихэс хөгшрөх, ихсийн дутмагшил зэрэг шалтгаанаас болж эх доторх ургийн өсөлтийн саатал сүүлийн үед бий болж байна. Эх жирэмслээд полийн хүчил, төмрийн бэлдмэлийг гурван сар заавал уух ёстой. Мөн хажуугаар нь янз бүрийн төрөлжсөн витаминуудыг уулгаж байгаа.

-Хөдөөний эхчүүд янз бүрийн шалтгаанаар оройтож хяналтад орох, төрөхөө дөхүүлээд эмнэлэгт очдог.Одоо энэ байдал гайгүй болсон уу?

-Жирэмсний эрт үеийн хяналт анхаарал татдаг. Эхний гурван сартайдаа ээж заавал үзүүлж хяналтад орсон байх ёстой. Сүүлийн үед хүмүүс өөрийнхөө эрүүл мэндийн төлөө их анхаарал тавьдаг, гэр бүлийн оролцоо, засаг захиргаатайгаа эхийн асуудлыг шийдвэрлэдэг болсон учраас хяналтад боломжийн хамрагддаг болсон. Бид бүсчлээд 10-12 хоногоор хөдөөгүүр үзлэг хийдэг. Нэг явахдаа 6-7 сумыг хамруулж лаборант, эхо, нарийн мэргэжлийн бүх эмчтэйгээ тойрч үзлэг хийдэг. Энэ жилийн хувьд аймгийн Засаг дарга төсөв гаргаснаар бид бүх сумаар явж жирэмсэн эхчүүд, төрөх насны эмэгтэйчүүдийг үзлэгт хамруулсан. Одоо бүх сум лаборанттай болсон болохоор шинжилгээнүүдээ хийж, тестээ тавьдаг болсон.

-Савны гадуурх жирэмслэлт юунаас болдог юм бэ. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Олон шалтгаан бий. Тухайлбал, эмэгтэйчүүдийн архаг үрэвсэлт өвчин, сүүлийн үед үр хөндөлт нөлөөлж байна. Умайн өндгөвч, үрийн хоолойн физиологийн өөрчлөлтөөс болж байна. Тиймээс хамгийн гол нь эрүүл, ямар нэг суурь өвчин, эмгэггүй байж, гэр бүлээ зөв төлөвлөөд жирэмслэх хэрэгтэй гэж хэлмээр байна.  

-Та ажлынхаа юугаар нь бахархдаг вэ. Энэ мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна?

-Ээж эсэн мэнд амаржаад хүүхдээ хараад инээж байгаа агшин бүхэн бахархмаар байдаг. Харин хүндрэлтэй зүйл гэвэл хөдөө суманд шоконд орсон, их хэмжээний цус алдсан, төрөх хүний дуудлагад очоод хагалгаа хийх шаардлагатай хүнд хүн дээр очиход донороо бэлдсэн байх ёстой. Гэтэл донор байхгүй тохиолдолд би өөрөө цусаа өгч хагалгаа хийж байхад дотор муухайрч, толгой эргэх зэрэг бэрхшээл гардаг байсан. Ер нь хүнд хагалгаануудад орно. Амархан зүйл гэж байхгүй. Алхам тутамдаа хийж байгаа бүх зүйл хүнд хэцүү санагддаг. Би 1986 онд хотын Анагаах ухааны их сургуульд элсч 1993 онд төгсөөд Хэнтий аймгийн Хэрлэн суманд хоёр жил ажилласан. Эндээсээ эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжил олгох курсийг Эх, нялхсын төвд нэг жил хийсэн. 1996 оноос Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Р.ОЮУН