Өнөөдөр өглөөний 8 цаг 35 минутанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Гэсэр сүмийн  уулзвар дээр автобус замын хажуу руу  орж зорчигчид гарч чадахгүй, хөдөлгөвөл  унах гээд байна гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн онцгой байдлын газрын аврах анги, гал унтраах аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 23-41 УНБ улсын дугаартай Хороолол- Монгол Улсын Их сургууль – Дүнжингарав чиглэлийн том оврын автобусны тормос нь ажиллахгүй болсны улмаас замын хажуу руу баруун талаараа 45 градус хазайсан байдалтай байсан байна.

            Аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж автобусны зүүн талын гэрлийн шонгоос аврах олсоор татаж, холматро багажны даацын тулгуураар баруун талын хаалганы багана, хойд талаас тулж бэхэлсэн байна. Мөн Ати-бус ХХК-ны эксковатораар баруун талаас нь давхар тулгуур бэхэлгээ хийж баруун урд хаалгаар зорчигчидыг гаргасан байна. Автобусанд нийт 33 иргэн байсан бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй байсан байна. Аврах ангийн эмч нар 4 иргэнд үзлэг хийхэд гэмтэл илрээгүй байна.