Үндэсний брэнд “Еxclusive”-ийнхэн өөрийн нэрийн хувцсыг өнөөдөр, маргааш хоёр өдөр "Хүннү молл", хорооллын "Номин" их дэлгүүрээр үнэгүй тараахаа зарласан. Тэд нийт 120 сая төгрөгийн хувцас үнэгүй тараах юм. Тэгвэл  эхний өдөр буюу өнөөдөр байдал нэг иймэрхүү байна.

Манай сурвалжлах хэсэг өглөө 09.00 цагийн үед хороолол дахь "Номин" их дэлгүүрийн гадна очиход аль хэдийн олон хүн цугласан байв. Тэд дэлгүүрийн хаалгыг дарж зогсоцгоох бөгөөд "Хаалгаа онгойлго" хэмээн орилолдож, эмх замбараагүй зогсоцгоож байв.

 

Ихэнх хүмүүс хаалга орчимд овоорцгоосон байдалтай байсан бол зарим нь хана даган томоотой зогсох аж. Бүр зарим нь зайдуу зогсож байдлыг ажиглана. Тэнд 80 настай буурлаас эхлээд 8 настай хүүхдүүд ч иржээ. Бүр нялх хүүхдээ тэврээд зогсох нэгэн ч бас байна. 10.00 цагийн үед хүний тоо улам нэмэгдэж ойролцоогоор 300 орчим хүн тус дэлгүүрийн гадна ирэв. Дэлгүүрийн хамгаалагч нар хаалгаар гарч ирмэгц тэнд цугласан хүмүүс бүгд дайрцгаав. Харин хамгаалагч нар иргэдийг цааш нь түлхэж дэлгүүр лүү нэвтрүүлэхгүй хэмээн хаалга дарж зогсож харагдлаа. Хүмүүс "Болиочоо. хаалгаа онгойлгоочээ. Ёооё. Аллаа" хэмээн орилолдоно. Хүмүүсийн хүчийг дийлэхээ болсон хамгаалагчид нэмэлт хүчийг цагдаагаас дуудав. Хэд, хэдэн хөдөлгөөнт эргүүлийхэн ирж дэлгүүрийн хаалгыг хамгаалж зогстол хүмүүс дахин дайрав. Харин цагдаа нар цахилгаан бороохой ашиглаж хүмүүсийг хаалганаас холдуулж харагдлаа. Бөөн дуу, шуугиан болсны эцэст сая нэг хүмүүс тайвширч дэлгүүрийн хаалганаас жаахан зайдуу зогсож өглөө. Тус дэлгүүрийн зохион байгуулагчид   хаалт төмрөөр нарийн зам гаргаж түүний дагуу дугаарлуулж байж хүмүүсийг оруулахаар болсон гэдгээ энэ үеэр дуулгалаа. Тэд хүмүүсийг дугаарлаж зогсохыг л шаардаж байлаа.

 

Энэ хооронд хүмүүс улам нэмэгдсээр.

 

Г.МАЙЦЭЦЭГ "ТА НАРТАА ХАЙРТАЙ ШҮҮ" ГЭЖ ХЭЛЭЭД УЙЛАВ.

 

Энэ үеэр “Exclusive” брэндийн захирал Г.Майцэцэг гарч ирэн "Та нартаа хайртай шүү" хэмээн орилж уйлж харагдлаа. 

Энд ирсэн хүмүүс энэ талаар ярихдаа "Ингэж замбараагүй байдал бий болгож байснаас задгай талбайд  хэд, хэдэн лангуу гаргаад тараахгүй" гэцгээж байв. Ихэнх нь "Монголчууд соёлгүй, үнэгүй хувцас өгье гэж байхад аятайхан дугаарлаад авчихаж чадахгүй" хэмээн шүүмжилж байлаа.

 

Үнэхээр энд замбараагүй байдал бий болж цагдаа, хүчнийхэн улам нэмэгдсээр байна. Хүмүүс нэгдсэн зохион байгуулалтад орж дугаарлаж зогсохоос нааш өнөөдөр хорооллын "Номин" их дэлгүүр үүд хаалгаа нээхгүй бололтой. Гаднаа ийм эмх, цэгцгүй байгаа юм чинь дэлгүүр лүү орвол бүр ч замбараагүй байдал бий болж мэдэхээр байна.

“Exclusive” брэндийнхэн татварын дарамтаас үүдэн хаалга барьж байгаа бөгөөд үлдсэн хувцсаа хэрэглэгчдэдээ талархал болгон тарааж байгаа нь энэ юм.

Т.Сар

http://www.24tsag.mn