Жил бүрийн цагаан сарын өмнө улсын сайн малчин тодруулж, засаг төрөөс шагнаж урамшуулдаг. Мэдээж мал сүргээ хамгийн ихээр өсгөж, үржүүлсэн, ашиг шимийг нь үзэж байгаа малчдыг сайн гэж үзэж, шагнадаг байж таараа. 

Гэхдээ сайн малчны шагнал гардуулахад дандаа эрчүүд л ирдэг.  Гоё дээлээр гангарсан, жанжин малгай өмссөн, хурдан морины хусуур бүсэндээ хавчуулсан эрчүүд ирээд л, мал маллаж, тоо толгойг нь өсгөж, онд мэнд оруулах гэж он удаан жил зүтгэснээ яриад зогсч байдаг.  Мал өссөн бол эрчүүдийн сайн хөдөлмөрлөснийх. Ашиг шим нь дээшилсэн бол бас л эрчүүдийн сайных юм шиг л шагнадаг байлаа. Гэтэл эрчүүдийн цаана хамаг гол ажлыг нугалдаг эмэгтэйчүүд орхигдоод байдаг. Яг л “Элбэг дээл” гэдэг зохиол шиг. Эхнэр нь хамаг ажлыг нь хийгээд, малаа өсгөөд, сааль сүүгээ базаагаад л.

Харин нөхөр нь морь унаж, айл хэсч, аяга тагш юм эргүүлж давхихаас өөр юмгүй. Сайн малчны хурал, зөвлөгөөн болоход нөхөр нь явж, худлаа үнэн юм ярих жишээтэй. Харин энэ байдлыг ойлгосон дарга нар эхнэрийг нь хуралд урьж, нөхрийнхөө том дээлийг өмсөөд явдаг нэг  зохиол байдаг даа. Яг л малчдын үнэн байдлыг өгүүлсэн зохиол шүү дээ. Бас “Жаргал даахгүйн зовлон” гэж кино байна. Яг энэ талаар өгүүлсэн зохиол.  

“Хэлдэг гурав, хийдэг ганц” гээд зохиолыг бас дурьдахгүй өнгөрч боломгүй юм.  Хадам аав, ээж, нөхрийн ам л хөдлөөд, бэр нь ганцаараа зүтгэж, мал хуйгаа өсгөдөг биз дээ.  Тэгвэл төр засаг энэ мэт зохиолын жишгээр ажиллаж, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хэчнээн их болохыг ойлгож,  “Сайн малчин” цолоор шагнаж байхаар болжээ.  Үндсэндээ малчин айлын эхнэр, нөхрийн хөдөлмөрийг адилхан үнэлж, "Сайн малчин”-аар өргөмжилнө гэсэн үг.  

Аль эрт л ингэж шийдэх байсан юм. Эхнэрүүд нь зүтгээд, бүхий л ажлыг амжуулаад байдаг, нөхөр нь гавьяа шагналыг хүртдэг. Зурагт, сониноор сүрхий мэдлэгтэй хүн аятай яриад л, гайхуулаад сууж байдаг жишээ олон бий.  Яг үнэндээ мал хуй нь өсөөд, өнгөтэй өөдтэй явж байгаа малчин айлын хамаг ачаа эхнэрийн нуруун дээр явж байгаа.  Нөхөр яах вэ, хааяа малын эрэлд явж, зун болохоор морь уяж, наадам хэсээд л. Айраг шимж, шимийн архи ууж, худалдаа панз үсэргээд л сууж байх жишээтэй. Цөөнгүй нь ийм байгаа. Харин эхнэр, хүүхэд нь малаа хариулж, ашиг шимийг нь хүртэж, сааль сүү авч, цагаан идээгээ боловсруулдаг. Ер нь л малчин айлын хөдөлмөрийн 80 хувь нь эхнэрийн нуруун дээр явдаг.  

Эртхэн л энэ шийдвэрийг гаргах байсан юм. Гэхдээ хожуу ч гэсэн төр засаг зөв шийдвэр гаргаж, эмэгтэйчүүдийг “Сайн малчин” цол, тэмдгээр шагнах болсон нь сайшаалтай. Цаашид улсын сайн малчдын зөвлөгөөн болсон ч гэсэн баахан эрчүүд ирдэг биш хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн эмэгтэйчүүд ч бас ирж байх ёстой.  Тэднээс жинхэнэ утгаараа мал маллах ухаан, олон жилийн нөр их хөдөлмөрийн шим “үнэртэх” нь гарцаагүй.  

 

Эх сурвалж: www.mminfo.mn