Э.Бат-Үүл "Гэр хорооллынхон ресторан, бааранд ордоггүй"

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу өнгөрсөн зургаадугаар сард УИХ нийслэлийн албан татварын хуулийг баталсан. Хууль аравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээ, бүх төрлийн архи, тамхины жижиглэн худалдаанд нийслэлийн татварыг оногдуулахаар хуульчилж өгсөн. 

Тэгвэл татварын хувь хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ойролцоогоор 6679 аж ахуй нэгж тус хуулийн хүрээнд хамрагдаж байгаа аж. Харин эдгээр аж ахуй нэгж нь татвар төлөгч бус татвар суутгагч болногэдгийг нийслэлийн удирдлагуудын зүгээс хэлж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, аж ахуй нэгжүүд нь нэмэлтээр ямар нэгэн татвар төлөхгүй, харин иргэд үзүүлсэн үйлчилгээндээ тодорхой хувь хэмжээний татварыг ногдуулж төлбөрөө авах юм байна. Ингэхдээ дээрхи 4 төрлийн үйлчилгээ, хоёр төрлийн бараа худалдан авахдаа иргэд 1 хувийн татварыг ирэх сарын нэгнээс эхлэн  төлөх учиртай. Ийн жилдээ 13 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрнө гэсэн тооцооллыг гаргаад байгаа юм.

НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан “Хэрэглээний соёлыг нэвтрүүлэхээр эрмэлзэж байгаа ард иргэдийн эсрэг чиглэсэн хууль болсон байна. Хотын тогтвортой хөгжлийн үндсийг бий болгосон хууль байх болов уу гэж найдаж байсан ч түүнд маань хүрсэнгүй. Тансаг чамин хэрэглээг танах гэж байхад өнөөдөр талхаа авч идэж чадахгүй хүмүүс их байна. Архи тамхинаас татвар авна гэж байна. Тусгай зөвшөөрөл, онцгой татвар төлж байна. Тансаг, чамин хэрэглээ гэж чухам юу юм? Таваг шөл ресторанд орж идэхийг хэлэхгүй байх” гэж өөрийн байр сууриа илэрхийллээ.

Харин үүний хариуд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хууль хэлэлцэх явцад би саналаа хэлсэн. Нийслэл руу ирэх шилжилт хөдөлгөөнийг багасгах зорилго байж болохгүй. Ямар ч нийслэл хүн амаа нэмэхийг хүснэ. Дээр нь тансаг хэрэглээ гэсэн ойлголт байж болохгүй гэдгийг хэлсэн. Өмнө нь нийслэлийн бүх иргэдээс татвар авах саналыг оруулж ирж байсан” гэв. Ийнхүү Д.Амарбаясгалан, Э.Бат-Үүл нар нэлээдгүй маргалдсан юм. 

Д.Амарбаясгалан: Ресторан гэхээр хоолны газрууд бүгд орчихож байгаа юм. Засаг дарга та зөвхөн архи, тамхины хэрэглээнд татвар ногдуулна гээд байгаа хэр нь ресторан, амралтын газар, баарны бүтээгдэхүүн, үйлчилгээнээс татвар авахаар заасан байна шүү дээ. Тэгэхээр хоол идэх бүртээ л татвар төлөх болчихоод байна.

Э.Бат-Үүл: Манай гэр хороололд ресторанд ороод байдаг хүн байхгүй шүү. Гэр хорооллынхон бар, ресторанаар явдаггүй юм шүү. Би байнга гэр хорооллоор явдаг. Юмаа мэдэж ярина шүү. Албаар мушгин гуйвуулаад байх юм. Гадаадын хотод очиж татвар төлөөд байдаг мөртлөө өөрийнхөө хотод төлөх болохоор мушгин гуйвуулаад байх юм. Чи л тэгж ресторанд хоол иддэгээрээ татвар төл.

"Барилга дээр ажиллаж байсан Туркууд монголчуудыг зоджээ"

Есдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө  Туркууд монголчуудыг зодсон ноцтой хэрэг гарсан юм.Тодруулбал, ХУД-т баригдаж буй “Шинэ Яармаг” хорооллын барилга дээр Ерөнхий гүйцэтгэгчээр оролцож байсан Турк компанийн ажилчид туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан монгол ажилчидтай маргалдаж, улмаар хөөж, цохиж зодсон ноцтой үйлдэл гарсан байна. Уг хэргийг ХУД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм.

"Ж.Сүхбаатар МАН-аас татгалзаж, намын үнэмлэхээ буцаан өгөв"

УИХ-ын гишүүн асан, МАН-ын чадварлаг залуусын нэг хэмээн үнэлэгддэг Ж.Сүхбаатар сүүлийн хэдэн сар МАН-аас гарах тухай асуудал улс төрийн хүрээнд яригдах болсон. Тэгвэл үүнийг баталж Ж.Сүхбаатар өнөөдөр МАН-аас татгалзах бичгээ өргөн барьж, намын гишүүний үнэмлэхээ буцаан өглөө. Тэрбээр, “МАН-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр гарах тухай бичиг, батлахаа Дарханы 10 дугаар багийн намын үүрийн дарга Ж.Оюунд өглөө. Ингээд улс төрийн намын харьяалалгүй чөлөөт иргэн боллоо.” хэмээжээ.

Түүний энэхүү шийдвэрийг нам дотроо толхилцож, намын генсек Ж.Мөнхбаттай хийсэн чимээгүй өрсөлдөөнд ялагдал хүлээсэнтэй холбоотой хэмээх таамаглал бий. Мөн Ж.Сүхбаатар удахгүй МАХН-д гишүүнээр элсэх болов уу гэсэн хүлээлт нийгэмд хэдийн үүсчээ. 

Төгрөг унах цагаар...

Манай улсын эдийн засаг хүнд байдлаасаа гараагүй л байна. Өнөөдрийг хүртэл төгрөг хүчгүйдэж, доллар мандсаар байгаа нь нууц биш. Энэ он гарсаар ам.долларын ханш 1800 төгрөг хүрсэн тохиолдол тун цөөн. 

Гадна, дотны хэвлэлийн хуудаснаа "Монгол Улс 2017 онд дампуурлаа зарлах" магадлал өндөр байна хэмээн шуугиад авсан. Тухайлбал, Хятадын Cиньхуа агентлагаас Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард дампуурлаа зарлаж магадгүй гэсэн мэдээг сонсоод Монголчууд бид үнэхээр их цочиролд орсон. Өнөөгийн энэ байдлаараа цааш эдийн засгаа зүтгүүлвэл дампуурлаа зарлах нь ойртож буй. Гэхдээ Монголын эдийн засгийг сэргээх хүчин зүйл бий. Тэр нь Оюутолгойн далд уурхайн ажил эхэлвэл эдийн засгаа сэргээх бүрэн бололцоотой хэмээн Азийн Хөгжлийн Банкны шинэ тайланд дурьдагджээ.

Өнөөдрийн байдлаар ам.долларын ханшийг Монголбанкнаас 1993 төгрөг, арилжааны банкууд 1990-1993 төгрөгөөр авч байна. Харин 1997-2000 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Ийн төгрөгийн худалдах авах чадвар хоёр дахин унасан ч ам.доллар галзуурав. Өнгөрсөн 2014 оны мөн үетэй харьцуулахад долларын ханш бараг 150 төгрөгөөр өсчихөөд байгаа юм.

Долларын ханшийн өсөлтийн гол шалтгаан бол гадаадын хөрөнгө оруулалт.  Мөн экспортын орлого буурсан нь долларын ханшид нөлөөлжээ. Энэ оны сүүлээр долларын ханшийг 1800 төгрөгт хүргэнэ гэж  Монгол банк тооцоолж байсан. Гэвч амьдрал дээр хэрэгжихгүй явсаар он дуусах бололтой. 

Сургалтын төлбөр, багш ажилчдын цалинг барилга барихад зарцуулж байгаа нь ариун явдал уу?

МУИС 2015-2016 оны хичээлийн  жилд 12-40  хувиар сургалтыг төлбөрийг нэмсэн.  Энэхүү нэмэгдлээ багш, ажилчдын цалинг нэмнэ хэмээн тайлбарласан байдаг.  Гэвч энэ нь худлаа бөгөөд  энэхүү худал хуурмагаа засаж залруулах боломж байгаа юм.

МУИС-ийн УЗ маргааш хуралдана.  Хуралдаанаар  тус сургуулийн төсвийн тодотголыг хэлэлцэх юм байна.   Үүнтэй холбоотойгоор  МУИС-ийн 2015 оны төсвийн тодотголоор хэлэлцэх төсвийн задаргааг УЗ-ийн гишүүдэд хүргүүлжээ. Улс орны төсөв хүнд байгаа хэдий ч, МУИС-ийн орлогын төсөв урьд өмнө байгаагүй их хэмжээтэй байна. Тухайлбал, 2015 оны баталсан төсөв 54 тэрбум байсан бол, тодотгосон төсвөөр 61 тэрбум болж өсчээ.  Гэхдээ эндээс багш нарын  цалинг нэмэх талаар яригдаагүй,  сургуулийн байрны л асуудал яригдаж байгаа юм.  

 МУИС 2015 онд цалингийн төсвийг 26 тэрбум төгрөг байхаар баталсан. Харин төсвийн тодотголоор 25 тэрбум болж багассан байна. Өөрөөр хэлбэл зөвлөх профессорууд болон гэрээт багш нарын гэрээг цуцалж, 1 тэрбум төгрөгний цалингийн хэмнэлт гарчээ. Цалинд  төсөвлөсөн мөнгөнөөс гарсан хэмнэлт учир энэ мөнгөө 2015 оны 9 сарын 1-ээс он гартал цалингаа нэмэх боломжтой байсан ч уг мөнгийг барилга руу шингээжээ.

Эрдэм шинжилгээний  орлогыг 2015 онд 739 сая гэж баталсан ч, тодотголоор 1.7 тэрбум болж өссөн байна. Зөрүү 963 сая төгрөгний орлого орж ирнэ гэсэн үг. Гэтэл тодотгосон зардал дээрээ 544 сая гэсэн байна. Зөрүү 400 саяыг бас л барилга руу оруулсан гэсэн үг. Энэхүү ЭШ-ний орлогыг дарга нар биш эрдэмтэн багш нар өөрсдөө олж ирдэг мөнгө болохоор  тэдний цалинг нэмэх боломж бололцоотой гэсэн үг юм 

Үргэлжлэлийг эндээс уншина уу