Олны танил хүмүүс, од гэх үг сүүлийн үед их ч яригдах болж, оддын өвчнөөр өвчлөгсөд ч нэмэгдэх болж. Гэхдээ өнөөх хуучин цагийн одууд маань бизнесийн мөр хөөгөөд урлаг, уран сайхнаасаа холдоод байгаа болохоор арга ч үгүй биз. Сүүлийн үед олны танил гээд хэлчихээр уран бүтээлчдийн дийлэнх нь дэлгүүр, баар, цэнгээний газар ажиллуулж эхэлжээ. Тэдний заримаас нь дурьдвал.


Pinky Ану

Хамгийн сүүлд “Хүүхдийн дууны эротик од” гэх тодотголыг нэрнийхээ өмнө зүүсэн дуучин Ану хотын төвд лангуу түрээслэн өсвөр насны охидод зориулсан ягаан хувцас, үсны зүүлтний наймаа эрхлэхээр болсон. Тэрбээр өмнө нь “Хөөрхөн дэлхий” тоглоомын төв болон бяцхан багачуудын хувцас зардаг байсан бол одоо цаг үетэйгээ хөл нийлүүлэн, бас ч гэж өөрийнхөө стилийг өвлүүлэн үлдээхээр ийнхүү “Pinky girls”  нэртэй ягаан хувцасны лангуугаа нээсэн бүсгүй сүүлийн үед тураах цай зарж байна.
 


“N shop”-ын Номико

Үрийн зулай үнэрлэж, хэсэгтээ л уран бүтээлээсээ завсарлага аваад байсан дуучин Номин-Эрдэнэ бизнесийн ертөнцөд хөл тавьжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Д.Арвины дүү барилгын компанийн захирал залуутай ханилсан хэдий ч өөрийнхөө чадлаар мөнгө олно хэмээн зүтгэдэг ажээ. Тиймээс урлагийнхан голдуу үйлчлүүлдэг "N shop" хэмээх дэлгүүрээ нээсэн байна. Мөн сүүлийн үед бизнесээ өргөжүүлж, Саппорогийн урд талд байрлах “TNT” ресторан, караоке, биллъярд, зочид буудал нээгээд байгаа гэнэ шүү.


“Дива”-гаар зочлоход дива угтана

Поп дива Алтаа бизнест хөл тавиад багагүй хугацааг үдсэн. Уран бүтээлийнхээ хажуугаар бизнесээ хэзээ ч орхидоггүй дуучин бүсгүй Талст дэлгүүрийн хоёр давхарт байрлах “Дива” дэлгүүрийнхээ барааг байнга дүүрэн, шинэ сонголттой байлгахыг эрхэмлэдэг гэнэ билээ. Тиймдээ ч Алтааг сонголт сайтай, нүд хужирлах бараатай гэж магтдаг гэнэ билээ.


Т.Ариунаагийн сүлжээний бизнес 

МУГЖ Т.Ариунаа “Sky Tower” хэмээх сүрлэг өндөр барилгын эзэн гэгддэг юм билээ. Тэрбээр шинэ байрандаа нүүж ороод удаагүй байгаа бөгөөд дуучин бүсгүй Монголдоо ганц гэгдэх тансаг засал чимэглэлийг тус хотхоны барилгадаа хийсэн ажээ. Түүгээр ч барахгүй сүүлийн үед “Oriflame”-ийн топ лидер болох гээд багагүй хөдөлмөрлөж байгаа гэнэ билээ. Хүн хэдий хөрөнгөтэй ч мөнгө хэзээд ч дутагддаггүй гэдэг энэ буюу.


Бизнесмэн хатагтай нарын халаа

“Эрх саран”-гийн Сэли “Central tower”-т талбай түрээсэлж, дэлхийн нэртэй брэндийн хувцас, гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүн худалдахаар зэхэж, бэлтгэлээ хангаад байгаа гэнэ. Мөн тун удахгүй Өвөрмонгол дахь хөгжмийн сургуулийнхаа салбарыг Монголдоо байгуулах сурагтай.


Герман гутлаа хувцсаар сольжээ

Зохиолын дууны ертөнцөд цахиур хагалан орж ирсэн дуучин Р.Дэлгэрмаа  Германаас гутал оруулж, ирэн зарж, хэсэгтээ л гутлын наймаачин болсон гэдэг. Харин ойрын үед түүний гутлын дэлгүүр их л ашиг муутай байгаа учраас брэнд хувцас оруулж ирэхээр шийдээд байгаа сурагтай. Гэхдээ л энгийн, төлөв даруу гэж үнэлэгддэг дуучин бүсгүйн сонголт энгийн л байдаг гэнэ билээ.


“Говинда”-ийн Т.Баясгалан

“Эх орон” телевизийн захирал хэмээн хэсэгтээ дуудуулж байсан Т.Баясгалан эмэгтэйчүүдийн эмнэлэг байгуулсан. Харин хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд буй тэрбээр гэртээ суугаад байхыг хүсээгүй бололтой бизнесээ өргөжүүлж, “Говинда” нэртэй цагаан хоолны ресторанаа нээгээд байгаа аж.


Сураггүй болсон Мөнхбатыг “Window”-оос олж болно

Нэгэн үе дуучин Үүрцайхтай хослон хайрын дуунуудаараа од болон гялалзаж явсан дуучин Мөнхбат сураггүй болоод удлаа. Харин тэрбээр Тээврийн товчооны ойролцоох “Window” нэртэй зочид буудлын хоёрдугаар давхарт ресторан, караоке ажиллуулж, олны нүднээс далдхан амьдарч байна.


Маадайгийн “ВВ” ашигтай гэнэ

“Хар сарнай” хамтлагийн дуучин Маадай найз бүсгүйнхээ хамтаар “BB” нэртэй караоке нээгээд байгаа бөгөөд үйлчлүүлэгчдийн цуваа тасардаггүй аж. “Прага” плазад байрлах тус караокед шинэ дуу цаг алдалгүй ирдэгээрээ онцлогтой гэнэ билээ.


“Эмоушн”-ы Солонго баруун дөрвөн замд…

“Sweetymotion” хамтлагийн экс гишүүн, дуучин Солонго баруун дөрвөн замд байрлах “Гранд плаза” төвд төгөлдөр хуурын сургалт явуулж эхэлжээ. Тэрбээр сургалт явуулахын зэрэгцээ бяцхан охиноо асрах гээд тун ч завгүй байгаа гэсэн шүү.


“Nara”  хоолны газар нээжээ

Хамгийн илэн далангүй, яриа хөөрөөтэй дуучин, жүжигчин гээд ямар ч мэргэжлээр ажиллах чадвартай универсал бүсгүй бол М.Нара. Тэрбээр Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хажууд "Naга" нэртэй Япон хоолны газраа нээсэн нь дуучин бүсгүйн санхүүгийн эх үүсвэр болдог аж.

www.shudarga.mn