Цагдаагийн нүдэнд мөнгө болж харагддаг согтуу хүн болбоос 
Цаанаа бол туйлын өрөвдөлтэй бие хүн бөлгөө…

Өглөө амь цогтойхон өндийж, хэл амтайхан хундага дарс гулгуулаад 
Үргэлжлүүлэн хөнтөрч, өмнө нь уруудан дампуурч явсан хамаг л хилэнцээ мартагнаад 
Өөдрөг сайхнаар паржигнатал инээж уужим хорвоотой хэсэгхэн зуур зиндаархаад 
Үргэлж л ийм аятайхан байх юм шиг үйлийн үрээ хэсэглэн боймилж эндүүрдэг… 
Хөөрхий муу амьтаныг яалтай?

Хэсэглэн боймилсон мөнхүү эндүүрэл нь удалгүй өвчин болж сэдрээд
Хэн ч биш нэг муу архичин болгож өөрийгөө хэдэнтээ цоллуулж адлуулаад 
Ханахыг мэдэхгүй цөлсөн шидэт сувс нь төдөлгүй хавирга цээжийг нь өмлөн ярж дарамтлаад 
Хар өглөөгүүр паржигнуулсан мөнөөх цоглог инээд хатан зүрхэнд нь шаналан болж тэсэрдэг… 
Хөөрхий муу амьтаныг яалтай?

Омойтож, даварч, дампуурч, уруудаж, доройтож яваадаа өөрийгөө бас буруутгаад 
Огшил, гомдол, цөхрөл, гуниг, ганцаардлыг халамцуу ухаандаа тарчилган тээж харуусаад 
Орц хонгилын найгүй архичин биш, олон жил тогтмол сайхан уусан гайгүй архичин гэж өөрийгөө бас цагаатгаад 
Орсон буурын омог шиг архаг донтолтынхоо тэргүүн шатанд орчихсон зүдэрч яваагаа өөрөө ч үл мэдэх… 
Хөөрхий муу амьтаныг яалтай?

Цагдаагийн нүдэнд мөнгө болж харагддаг согтуу хүн болбоос 
Цаанаа бол туйлын өрөвдөлтэй бие хүн бөлгөө…

 

Зохиолч Б.Ойдов.